Л.Насанбат: Аавыгаа киноноос харахад их сонин мэдрэмж төрдөг

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Л.Насанбат: Аавыгаа киноноос харахад их сонин мэдрэмж төрдөг

Л.Насанбат: Аавыгаа киноноос харахад их сонин мэдрэмж төрдөг

“ХХ зууны монгол уран зохиолын үнэт зүйл ба Ч.Лодойдамба” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.11.10/ Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж байна

Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Уг ойн хүрээнд “ХХ зууны монгол уран зохиолын үнэт зүйл ба Ч.Лодойдамба” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.11.10/ Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулж байна. 

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Ч.Лодойдамбын 20 гаруй орны хэл дээр хэвлэгдсэн зохиол бүтээл болон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулсан байв. Мөн хуралд Монголын эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ, Хятад, БНСУ, Японы судлаачид цөөнгүй хүрэлцэн иржээ. 

Ч.Лодойдамбын бага охин Л.Насанбаяр

“Аав маань зохиол бүтээлээ кирилл үсгээр бичилгүй, дандаа босоо монгол бичгээр бичдэг байсан. Энэ жил аавынхаа 100 жилийн ойд зориулан “Тунгалаг тамир” романыг сонгомол эхийг шинээр хэвлэн гаргасан. Энэ романыг хүмүүс зөвшөөрөлгүйгээр янз бүрээр алдаатай, алдаагүй хэвлэсэн байдаг. Тийм учраас аавын гар бичмэлтэй тулгаж, хоёр ботио хэвлэсэн” тухай бага охин Л.Насанбаяр ярилаа. 

Ч.Лодойдамба гэр бүлийн хамт

Ингээд хуучнаар Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын консерваторид төгөлдөр хуурын багшаар 40 жил ажиллаж буй дунд охин Л.Насанбаттай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Аавын тань 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Та  ч тун завгүй байгаа бололтой?

-Өнгөрөгч нэгдүгээр сард аавын 100 жилийн ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу бүтэн жилийн хугацаанд ойн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Миний аав дөнгөж 53 жил насалсан. Гэтэл уран бүтээл нь үүрд мөнх байсаар байна. Миний аав 100 наслахгүй биеэ хайрлан, мянган галавт хүрэх нэрээ мөнхөлжээ.

-Эцэг, эхийнхээ замналаар урлагийн мөр хөөжээ. Эгч, дүүс нь цөм хүрэлцэн ирсэн үү?

-Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Манайх гурван охин, нэг хүүтэй айл. Би дээрээ нэг эгчтэй доороо хоёр дүүтэй л дээ. Миний бага дүү Л.Галбадрах маань Лаос улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Хэдийгээр өнөөдөр хүрэлцэн ирж амжаагүй ч аавынхаа 10 насны ойн хаалтын ажиллагаанд оролцоно. 

-Та хүүхэд насныхаа сайхан дурсамжаас хуваалцаач?

-Бусад хүүхдүүдийн аав ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ миний аав бидэнд үргэлж үлгэр ярьж өгч, хичээлийг маань давтуулдаг байлаа. Уран бүтээлийн тэр их завгүй цаг үедээ бидэнд үргэлж цаг зав гаргадаг хүн байсан. Бас бидэнтэй хамт тоглоно. Хамар хашааны маань найзууд хүртэл миний аавтай тоглох гэж тэсэн ядан хүлээдэг байлаа. 

-Аавынхаа олон сайхан зохиол бүтээлээс ямар бүтээлийг нь шимтэн унших дуртай вэ?

-Би аавынхаа зохиол бүтээлийг унших их дуртай. Би багш хүн болохоор “Дусал нулимс юу гэж хэлсэн юм бол”, “Солонго” хэмээх зохиолыг өнөөгийн залуус маань уншаасай гэж боддог. Бас “Гарын таван хуруу” зохиол байна. Зохиолд миний сахилгагүй, дүрсгүй занг гаргасан байдаг. Уг зохиолд шаазан аяганы амсар нь эмтэрчихсэн тухай өгүүлдэг шүү дээ. Тэр бол миний хийсэн ажил. Би ер нь их сахилгагүй охин байсан. Аяганд ус хийгээд л янз бүрийн хөг оруулж, тоглоно. Хамаг тоглоомоо эвдэнэ. Хэрвээ би төгөлдөр хуурч болоогүй бол инженер болох байсан байх аа. Учир нь тоглоом дотор маань юу байдаг бол гэж сониучирхаад л тоглоомоо эвдчихнэ. 

-Одоо суут зохиолчийн ач, зээ нараас уран зохиол сонирхдог, бичдэг үү?

-Бий бий. Одоо манай бага дүү Л.Галбадрахын охин байна. Мөн охин дүүгийн маань хүү байна. Бас миний хүү өөр мэргэжилтэй ч зохиол бичих авьяастай. 

-Ээж тань “Цогт тайж”, “Үер”, “Өнөр бүл” зэрэг монголын уран сайхны кинонд дүрээ мөнхөлсөн Ардын жүжигчин хүн байсан шүү дээ?

-Ээжийгээ “Өнөр бүл” кинонд тоглоход би нутагтаа байгаагүй. Заримдаа ч “Өнөр бүл” кино өдөр бүр л дэлгэцээр гарч байдаг. Хэдийгээр ээж минь бурхны оронд байгаа ч ээжийнхээ залуу насыг харахаар дэргэд байгаа юм шиг л санагддаг. Аав маань залуудаа нас барсан ч ээж маань бидэнд өнчрөлийг  мэдрүүлэлгүй дэндүү сайн өсгөсөн дөө. Харин аавыгаа кино зураг дээрээс хааяа харахад их сонин мэдрэмж төрдөг юм. 

Олон улсын хуралд оролцож буй эрдэмтэн, судлаачид Ч.Лодойдамбын зохиол уран бүтээлээс гадна тайз, дэлгэцийн бүтээлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байв. Ингээд тус хурлын үеэр илтгэл хэлэлцүүлж буй зарим судлаач, эрдэмтэдтэй уулзсан юм. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж

Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж: Зохиолч Ч.Лодойдамба бие даасан ертөнц юм

-Би “Суут зохиолчийн уран сайхны ертөнц ба яруу тайллын шинэчлэл” илтгэлийг танилцуулна. Зохиолч хүн гэдэг бие даасан ертөнц юм. Өөрийн бие даасан ертөнцгүй зохиолчид олон бий. Харин Ч.Лодойдамба зохиолчийн хувьд бие даасан ертөнц нь 1940-өөд оны сүүлчээр бүрэн тогтсон байсан. Түүний “Алтайд” роман, “Манай сургуулийнхан” тууж уншигчдын хүртээл болчихсон байлаа. Тэрээр 1960-аад оны эхэнд алдартай “Тунгалаг тамир” романаа бичсэн. Энэ роман бол тухайн зохиолчийн уран сайхны ертөнцийн хамгийн тод томруун илэрсэн бүтээл юм. Мөн энэхүү бүтээлээ уншигчдад хүргээд зогсохгүй нийгэм, цаг үедээ нөлөөлж байдаг. Ч.Лодойдамба зохиолч энэ романаараа алдаршихын зэрэгцээ шинийг эрэлхийлж байдаг, бие даасан үзэл бодолтой зохиолч гэдгээ харуулсан. Мөн тухайн үедээ яруу тайлал буюу шүүмж судлалын шинэ хандлагыг авч ирсэн зохиолч билээ. 

Доктор, профессор А.Жамбал

Доктор, профессор А.Жамбал: “Тунгалаг тамир” романы гол баатруудын санаа сэтгэл, тэдний оршихуйг гүн нарийн шинжилж гаргасан

-Би Ч.Лодойдамбын уран зохиол дахь гүн ухааны үзэл санааны тухайд” илтгэлийг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлнэ. “Ч.Лодойдамба Монголын соён гэгээрүүлэлтийн нэрт зүтгэлтэн” хэмээх номыг судалгааныхаа хүрээнд бичиж дуусгасан. Зохиолч Ч.Лодойдамба гуайн бүтээл туурвил үнэхээр олон талтай. Түүний бүтээлийг голдуу уран зохиолын талаас нь судалсан байдаг. Харин түүний 1940-1960 оны турш Монголын соён гэгээрүүлэх салбарт зүтгэж ирсэн ном бүтээл нь орхигдсоор ирсэн. Үүнийг би архивын баримт бичиг болов бусад судалгаанд тулгуурлан судалж, номоо бичлээ. Энэ судалгаагаар Ч.Лодойдамба гуай Монголын соён гэгээрүүлэлтийн нэрт зүтгэлтэн гэдэг нь судалгаагаар нотлогдож байгаа юм. Жишээлбэл “Тунгалаг тамир” романы Итгэлт, Долгор, Дулмаа, Эрдэнээ гэх зэрэг гол баатруудын санаа сэтгэл, тэдний оршихуйн нарийн төвөгтэй байдлыг гүн нарийн шинжилж гаргасан байдаг. Долгорын дүрийн хувьд баяр баясгалантай байсан тохиолдол долоохон удаа дүрслэгдсэн байдаг бол зовлон шаналал нь 90 гаруй удаа гарсан байдаг.

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж