Туркменистанд олон арван хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Туркменистанд олон арван хүн амь үрэгдэв

Абаданы байдал өглөөний мэдээнээс ноцтой байгаа гэдгийг эрх баригчид баасан гаригт хүлээн зөвшөөрсөн байлаа. Тэд болсон хэрэг явдлыг өмнөхийн адил “тэсрэх техникийн агуулах дэлбэрсэн гэж байгаа юм. Харин гэрч нарын яриагаар хот “цогцсоор дүүрсэн” байна. Ерөнхийлөгч онцгой байдлын комисс байгуулсан бөгөөд хотыг тойруулан хаажээ. Пүрэв гаригт дэлбэрэлт гарсан Абадан хотыг бүслэн хааж, замуудад цагдаагийн пост гарган авто тээврийг хотыг тойруулан явуулж байна гэсэн гэрч нарын яриаг РИА «Новости» мэдээлжээ. Хэдэн арван байр байшин шатаж, гудамж талбай шархадсан хүмүүсээр дүүрсэн байна. “Амь үрэгдэгсэд ч байгаа” гэж тэд яриад одоо хотод дэлбэрэлтийн үр дагаврыг арилгаж байна гэжээ. Олон тооны байр байшин эвдэрч, цонхнууд нь хагарсан, хэрэг гарсан газрын ойр хавийн байшингуудаас хүмүүсийг нүүлгэсэн байна. “Хэд хоногийн дараа гэртээ эргэн ирж болно гэж бидэнд хэлсэн” хэмээн Абаданы нэг оршин суугч ярив.

Хот хүрэх зам дагуу сумны хэлтэрхий тархаж, агаарт хэншүү ханхалж байна. Гал түймрийн утаа хэдэн арван км-ийн цаанаас харагдах бөгөөд хот амь үрэгдэгсдийн цогцсоор дүүрэн байна хэмээн НТВ мэдээлэв. Хотын цэнгэлдэх хүрээлэнд дүрвэгсдийн пункт байгуулан нутгийнханд ундааны ус тарааж, анхны тусламж үзүүлж байгаа гэнэ. Хэрэг явдлаар онцгой комисс байгуулсан байгаа гэж Узбекистанд суугаа Туркмений Элчин сайд Солтан Пирмухамедов мэдэгдээд төрийн тэргүүний даалгавраар байгуулагдсан тусгай комисс байдлыг хяналтдаа авсан гэжээ. Тэсрэх техникийн дэлбэрэлтийн улмаас хэлмэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж буйг тэр хэлсэн байв. Харин тэр зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсон гэдгийг эрс үгүйсгэлээ. Ёслолын буудлага хийхэд зориулагдсан тэсрэх техникийн хэрэгслийн агуулахад гал гарсан бөгөөд “нийслэлд шахуу зэвсгийн сум хэрэгслийн агуулах байгуулахгүй нь мэдээж” хэмээн онцлов. Үүний зэрэгцээ сөрөг хэвлэлээр их бууны сум, “Град” гэх бөөнөөр буудах төхөөрөмжийн сумнууд хадгалагдаж байсан агуулах дэлбэрсэн гэж бичиж байна. “Хроника Туркменистана” (Туркменистаны мэдээ) сайт цэргийн агуулахуудад дэлбэрэлт гарч олон хүн хохирсон хэмээн мэдээлсэн  байна.  Тэр мэдээгээр Абакан хоттой баруун өмнө  хэсгээр нийлсэн Гунеш суурин хамгаас илүүтэй хэлмэгдсэн байна.

“Гэрч нарын яриагаар тэр суурин ихээхэн сүйрсэн бөгөөд олон хүн хүүхэд багачуудаа хайгаад олохгүй байгаа гэнэ. Гэрч нар бүтээлгээр бүтээсэн дөрвөн цогцос мөн гурван настай, хөл нь түлэгдсэн юу ч ярихгүй, уйлахгүй, шокийн байдалтай байгаа хүүг харжээ” хэмээн сайтаар бичсэн байлаа.

News Asia сайтын мэдээгээр дэлбэрэлтийн улмаас олон зуун байр байшин эвдрэн нурж, сургуулийн байр шатсанаас гадна нэг цэцэрлэг газарт булагджээ. Зуу гаруй хүн амиа алдсан бөгөөд дэлбэрэлтийн төвийн ойролцоо газраас агуулахад алба хааж байсан цэрэг, офицерүүдийн цогцсын үлдэгдлийг цуглуулж байна хэмээн мэдээлжээ. Харин эмнэлгүүд донорын цуснаас татгалзаж эхэлсэн гэнэ. “Балгас болсон хотыг эргэн тойронд харах дэндүү харамсалтай байна. Өнгөрсөн шөнө дэлбэрэлтэд манай гэр орон устсан. Би азаар л амьд үлдлээ. Сумны хэлтэрхий орон сууцны байшингийн дээврийг хуулж орхисон Хэдэн арван байр байшин шатаж, шархтсан хүмүүс, амь үрэгдэгсэд гудамжинд зэрэгцэн хэвтэж байна. Зам цусанд будагдсан. Нутгийн хүмүүс цогцсын тасархайтай тааралдах нь энүүхэнд. Хот бүхэлдээ үймэлдэн сандарч байна. Бид Абадан дахь хамаатан садантайгаа холбогдож чадахгүй байгаа. Шуурхай утсан холбоо, интернэт бүгд тасарсан. Одоо хүмүүсийг яаралтай нүүлгэж байна” хэмээн Абаданы оршин суугч Безирген Ачыловын ярьсныг дээрх сайт дамжуулсан байна.

Ашхабадад ажиллаж байсан Абадан хотын хүмүүс дэлбэрэлт эхлэнгүүт гэрийн зүг гарцгаасан бөгөөд тэднийг уйлан гуйсан ч машиндаа суулгах жолооч ховор байсан гэнэ. Мөн хэргээр далимдуулан зарим  жолооч нар асар их үнэ хөлс нэхэж байжээ. Түүнчлэн Абадан хотод дээрэм тонуул гарч байгаа мэдээлэл байна.

Орон нутгийн хэвлэл, албан тушаалтнууд, цэргийнхэн болон эмч нар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа бөгөөд олон улсын утсан холбоонд “хохирогчид”, “дэлбэрэлт”, Абадан” гэсэн үг сонсогдонгуут утсыг таслан хааж байгаа ажээ.

Баасан гаригт шилжих шөнө Абадан хотын ойролцоох баяр ёсллын буудлагад зориулсан тэсрэх техникийн агуулахад гал гарсны улмаас тэнд онц байдал үүсээд байгаа хэмээн “Өнөөдрийн Туркменистан” гэх төрийн мэдээллийн алба дамжуулсан байна. Хэт их халуун байгаагаас түймэр гарсан хэмээн шалтгааныг нь тайлбарлахыг оролдов. Абадан хотноо Засгийн газар болоод Улсын аюулгүй байдлын зөвлөл Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын удирдлагаар ээлжит бус хуралдаанаа хийсэн гэж тус агентлаг мэдээлжээ.  Хамгийн хаалттай дэглэмүүдийн нэгэнд осол гамшиг хүртэл ийм байдлаар мэдээлэгддэг ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж