УИХ: АТГ-д шалгагдаж байгаа хүн төсөв боловсруулсныг гайхаж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

УИХ: АТГ-д шалгагдаж байгаа хүн төсөв боловсруулсныг гайхаж байна

УИХ: АТГ-д шалгагдаж байгаа хүн төсөв боловсруулсныг гайхаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах төслийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт, саналаа хэлж байна.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

-Сангийн яам мэргэжлийн яам учраас ирэх жилүүдийн төсвүүдийг төсөөлж, төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж байгаа байх. Гэхдээ УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр урт хугацааны төсөөлөл зургаа харахгүйгээр зөвхөн өөрсдийн тойргийг бодож, хэлэлцүүлэгт ханддаг. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхдээ урт хугацааны төсөөллөө харж байж хэлэлцүүлж чадаж байгаа юу. Эсвэл шууд өнөөдрийн амьдралдаа хөтлөгдөж саналаа оруулж явж байгаа юу.

ТөСвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дамжиж, дөрвөн хэлэлцүүлэг хийдэг. Таны хэлснээр бид төсвийн төсөөллөө 2025 оны чиглэж, тооцоолдох ёстой. Одоо эдийн засгийн эрсдэл өндөр байгаа учраас Төсвийн хүрээний мэдэгдлийг 2018-2020 оны төсөөллийг ярьж, энэ хүрээнд батлагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

-Сайд нар бие биенээсээ танин мэдэхүйн чанартай асуулт асуугаад хэрэггүй байх гэж бодож байна.  Шинэ Сангийн сайд, Засгийн газар олон ах нартай айлын бага хүүхэд шиг төсөв баталдгаа болих хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлд яагаад өөрчлөлт оруулж байгаа юм бэ. Эдийн засгаа тэлэх, зарлага бууруулах, алдагдлыг багасгах талаар 2018 оны төсөвт суугаагүй байна. Энэ тусгай зөвшөөрөл шилжүүлэх 30 хувь гэх татварын өөрчлөлтийг Засгийн газар дээр ярьсан юм уу. энэ бодлогын залгамж чанаргүй гэнэтийн шийдвэрүүдэд иргэд битгий хэл дэргэд чинь сууж байгаа бид нар цочирдож байна. Ирэх жилийн төсөвт маш нухацтай хандаж орж ирэхгүй бол найз нь дундаа яваад байж болохгүй шүү.

УИХ-ын гишүүн М.Билэгт

-Бид 2018 оны төсөв, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хуулийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хэлэлцүүлгийн шатанд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд харьяалагдахаар болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд батлагдсан эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудад даатгуулагчид хэрэгтэй заалтууд байгаа. Энэ заалтууд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль  “Хэрэв тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын дээд хэмжээ болсон бол гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн даатгалыг ашиглаж болно гэсэн заалт бий. Энэ заалт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ” гэсэн асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өнгөрсөн парламентын үед батлагдсан. Энэ хуулиар тухайн иргэн жилд нэг удаа шаардлагатай тохиолдолд гэр бүлийн гишүүний даатгалыг шилжүүлэн хэрэглэж болно гэсэн заалт хэрэгжиж байгаа. Энэ өнгөрсөн хугацаанд нэг л хүн ашигласан байдаг. Тиймээс энэ хуулиудыг цаашид хэрэгжүүлэхэд онцгой анхаарч явна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл, ажлын хэсэг, байнгын хороод асуултад хариулахдаа зарчмын зөрүүтэй хариулж байгаа нь чуулганы танхимд хэрүүл үүсгэж байна. Засгийн газрын гишүүн нь хүртэл өөрсдийн өргөн барьсан төсвийн төсөөллөөс асуулт асуугаад байх юм. Засгийн газрын хуралдаандаа суудаггүй юм уу, оролцуулдаггүй юм уу. Ийм зүйл огт хараагүй юм байна. Энэ Засгийн газар их бяртай гэсэн. Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөг гаргаж, баахан пургон авсан. Энэ асуудал АТГ-т шалгагдаж байхад холбогдсон хүн нь төсөв боловсруулж, өргөн барьж байгааг нь гайхаж байна. Өөрсдийн өргөн барьсан төсвийн дагуу хуулиа өөрчилж байгааг нь гайхаж байна. 2018 оны төсөвт тодотгол хийхгүй гэж байгаа. Гэтэл багш нар цалин нэмэх асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бол. Энэ мэт асуудлаа Засгийн газар танхим дотроо ярилцаад, сайд нарынхаа үгийг сонсч болдоггүй юм уу.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-2017 оны төсвийн төслийг дагаж Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой татвар нэмэх асуудлыг оруулж ирсэн. 1300 төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс эрхээ шилжүүлсэн тохиолдолд 30 хувийн татвар авах асуудлыг оруулж ирсэн. Энэ нь татвар төлөгч баялаг бүтээгчдээ дарамталсан хүнд шийдвэр оруулж ирсэн. Аж ахуй нэгжүүд зээлийн хүү өндөр, ажлын байраа хадгалах гэж нэг төгрөгийн татвар төлөхөд ч хүндрэлтэй байгаа. Гэтэл 36 тэрбум төгрөгийн татвар хуримтлуулахын тулд аж ахуй нэгжүүддээ дарамт учруулж байгаа нь хариуцлагагүй байна. Өмнөх онд долоон төрлийн татвар нэмэхэд бид маш их шүүмжлэлд өртөж байсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг хараат байлгах асуудлыг яаж харж, зохицуулж байгаа вэ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн

-Өргөн барьсан төслийн бусдаас үнэ төлбөргүй авсан эрхийн орлого, 1600 төрлийн 100 орчим мянган тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 хувийн татвар төлнө гэж орж ирснийг ажлын хэсэг ярьж байгаад газар эзэмших эрхтэй хүмүүсээ авна гэж өөрчилсөн. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

-Монгол Улсын хуулиар тусгай зөвшөөрлийг аж ахуй нэгж эзэмшдэг. Газрын наймааг алга болгох зорилгоор оруулж ирсэн. Оруулж ирсэн заалтын агуулга нь газрыг бэлэглэлийн журмаар татвар төлөхгүй үйл ажиллагааг зогсоох санал оруулж ирсэн. Газрын наймаа дагасан далд бизнесийг ил болгох татварын бодлого оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн О.Содбилэг

-2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хэд хэдэн анхаарал татсан зүйл байна. Шинээр бүрдсэн Засгийн газрын өргөн барьсан төсөв дээр өнгөтэй, өөдтэй зүйл алга. Ажил эрхэлж байгаа, бизнес эрхлэгчдээ шахалтад оруулсан, хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс татвар авах, 1300 тусгай зөвшөөрлөөс 30 хувийн татвар авах асуудлыг оруулсан байна. 2016 оны сонгуулиар бид том төслүүдээ хөдөлгөнө, иргэдээ ажлын байртай болгоно, цалин тэтгэвэр нэмнэ гэж сонгогдсон. Гэтэл шинэ Засгийн газрын төсөвт дэвшилттэй гэх зүйл алга байна. үүнд тайлбар өгнө үү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн

-Байнгын хорооны хуралдаанд төсөв хэлэлцэх үед гишүүдээс шинэ Засгийн газар ямар ч бодлогогүй, юу хийх нь тодорхойгүй, цалин нэмэх асуудлыг тодорхой болгосонгүй гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байсан. Төсөв бодлогын цогц шийдэлгүй орж ирсэн гэдгийг олон гишүүд хэлсэн.

Ирц бүрдэхгүйгээс чуулганыг завсарлууллаа. Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, саналаа хэлсний дараа санал хураах гэсэн боловч УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учраас чуулганы хуралдааныг завсарлууллаа. УИХ-ын чуулганы хуралдааныг үдээс хойш Засгийн газрын цагаар эхлүүлэх бөгөөд түүний дараа 2018 оны төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж