УИХ-аар 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хуульд зааснаар улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Өнгөрсөн өдрүүдэд багагүй улстөржсөн УИХ тун шахуу хугацаанд төсвийг батлах гэж байна. Ингээд УИХ-ын гишүүн Н.Баттөмөрөөс төсвийн хяналтын асуудлаар тодруулга авлаа.
-Төсвийн төслийг богино хугацаанд хэлэлцэж байна. Ингэснээр алдаатай төсөв батлагдах вий гэсэн болгоомжлол хүмүүст байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлээч?
–Монгол Улсын төсөв бол жижиг байдаг. Монголчууд гурван саяулаа хөдөлж байж жилд 7,2 их наяд төгрөг олдог. 9,6 их наяд төгрөгийн зарлагатай. Төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг. Төсвийн орлого талаас нь аваад үзэхэд 6,2 их наяд төгрөг нь татварын орлого, 1 их наяд төгрөг татварын бус орлого байдаг. Зарлага талаас аваад үзэхэд 1,7 их наяд төгрөгийн цалин, 1,8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын арга хэмжээ, 1,1 их наяд төгрөг бол зээлийн хүүгийн төлбөр, үлдсэн 2 их наяд төгрөг урсгал зардалд зарцуулдаг.
-Төсвийн төлөвлөлт оновчгүй байна гэсэн шүүмжлэлийг та хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Зарим эмнэлгийн зардлыг 10 дахин нэмэгдүүлж тусгасан талаар тодорхой жишээ дурдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жил арван ортой Эрүүл мэндийн төв долоог барихаар төлөвлөсөн байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн Алтанцогт суманд барихыг нь 120 сая төгрөгөөр, тэгсэн хэрнээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт барихыг нь 1,5 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. 10 дахин илүү.
Үүнээс гадна Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 700 хүний суудалтай спорт цогцолбор барихад 6,3 тэрбум, Налайх дүүрэг дэхийг 10,3 тэрбум төгрөгөөр барина гэж төсөвлөсөн байгаа юм. Ийм байдалтайгаар л төсөв гаргаж байна даа. Цаашид эмнэлэг, сургууль цэцэрлэг барих нэгдсэн төсөвтэй болж, барилгын материал, хол ойрын зайнаас хамаарч шинжих аргачлалтай болох ёстой. Тэгэхгүй бол хүн бүрийн дураар мөнгөн дүн тавьж болохгүй. Нэгэнт төсвийн үнийн дүн зөрүүтэй байгаа бол төсвийн хяналтыг сайжруулж, Зарлагын дэд хороогоор авч хэлэлцдэг байх ёстой.
-Монгол Улсын төсөв хөгжлийн бодлого болж чадсан уу?
-Чадахгүй байна. Яагаад гэхээр эдийн засгийн өсөлт бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ бага харагдаж байна. Ихэвчлэн цэцэрлэг, сургууль, Соёлын төв барих, урьд өмнө эхлүүлсэн барилгаа дуусгах гэх мэт. Мөн дээр нь цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөр гэх мэт асуудлыг тусгасан байгаа юм. Үүнээс үзэхэд хөгжлийн төсөв болж чадаагүй. Дараа дараагийн төсөв болон тодотгол дээр хөгжлийн төсөв болгохын төлөө ажиллах ёстой.
Т.ДАВААНЯМ
Холбоотой мэдээ