Хятадууд хууль бусаар хуулбарласнаа хүлээн зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Хятадууд хууль бусаар хуулбарласнаа хүлээн зөвшөөрсөнгүй

Хятад улс хурдан галт тэрэг бүтээхдээ Японы технологийг хулгайлсан гэдгийг Хятадын тал хүлээн зөвшөөрсөнгүй. Бээжин өөрийн гэсэн технологи бий болгосон, одоо патент авна гэж байгаа. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэдэгт Хятад улс анх удаа холбогдоод байгаа нь энэ биш. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэх Японы талын мэдэгдлийг БНХАУ-ын Төмөр замын яам баасан гаригт няцаасан тухай тус улсын China Daily сонин яамны төлөөлөгч Ван Юнпиний мэдэгдлээс иш татан нийтэлжээ. “Хятад улс энэхүү технологийг бие даан бүтээсэн бөгөөд одоо патентыг бүртгүүлж байна. Японы зүгээс гаргасан буруутгал нь итгэл хангалтгүй байгаагийн шинж” хэмээн төлөөлөгч хэлжээ.

Өмнө нь Хятадыг хурдан галт тэрэг бүтээх салбарын технологийг бүртгүүлэхээр хэд хэдэн өргөдөл өгсний дараа “Kawasaki Heavy Industries” гэх япон  концерн тус орныг оюуны өмчийн эрхийг зөрчиж байна хэмээн буруутгасан юм. Эдгээр технологийн заримыг Японы талаас Хятадад CRH2 маркийн хурдан галт тэрэг бүтээхэд өгсөн гэж тус концерн үзэж байгаа юм. Цагт 200 км-ийн хурдтай CRH2 галт тэргээр Бээжингээс Тяньжин хүртэлх замыг (ойролцоогоор 130 км) хагас цагийн дотор туулдаг гэнэ. Хожим Хятад тэрхүү CRH2 галт тэрэгний бааз дээр цагт 350 км-ийн хурд үзүүлэх өөрсдийн CRH380A-г бүтээжээ. Ингэхдээ Японы зарим технологийг ашигласан бөгөөд түүнийгээ одоо патентлуулахаар хөөцөлдөж байгаа юм. Хятад патент авах нь CRH2 галт тэргийг бүтээхээр Япон-Хятадын байгуулсан гэрээний заалтуудыг зөрчих болно хэмээн Япон үзжээ.

Хятадын тал тэр бүх гомдлыг няцаан, зарим орнуудын хариуцлагагүй мэдэгдлээс болоод Хятад өөрийн инновацийг бүртгүүлэхээсээ татгалзахгүй хэмээн мэдэгдэж байна.

Хятад улсын хувьд сүүлийн үед оюуны өмчийн эрхийг зөрчиж байгаа нь нэлээд ихэссэн. Жишээлбэл, Хятад Оросын цэргийн технологийг хуулбарлахаас үл зовж байгаа. Бээжин гэрээ байгуулан Москвагаас цэргийн техник аваад түүнийг өөрчлөн сайжруулах замаар шинэ загвар бүтээн ашиглаж байна. Эсвэл гэрээ, лиценз аван техникийн тодорхой тоог цуглуулаад дараа нь тодорхой хэмжээний арга барилыг нь эзэмшингүүтээ гэрээгээ цуцлан бага зэргийн өөрчлөлттэй өөрсдийн машин техникийг бүтээх болдог аж.

Хятад өөрийн үзэсгэлэнгүүдэд Оросын X-55 далавчит пуужинтай адилхан С-602 далавчит пуужингаа, “Су” сөнөөгч онгоцны АЛ-31Ф хөдөлгүүрийн “ихэр” Tai Hang WS-10 хөдөлгүүрээ үзүүлсэн тухай шинжээчид тэмдэглэж байгаа.

Алсын нислэгийн Су-27 сөнөөгч онгоцны Хятад хувилбар хамгийн их дуулиан дэгдээж байв. Орос, Хятад хоёр 1995 онд Су-27СК (хятад хувилбараар-J-11) 200 сөнөөгчийг Шэньяны заводад цуглуулан угсрах гэрээ байгуулсан юм. Лицензийн дагуу 100 сөнөөгч угсраад Хятад гэрээгээ цуцлажээ. Учир нь арваад жилийн дотор Хятад өөрсдөө цуглууах эд ангийг бүтээдэг болоод түүгээрээ J-11 онгоцыг үйлдвэрлэх болсон байна.

Хятадын инженерүүд Су-27 сөнөөгчийг бүрэн хуулж чадах болсноос гадна түүнд хятад хөдөлгүүрийг суурилуулах технологийн ээдрээний сүүлийн шатаа шийдэж чадсан байна. Үүний зэрэгцээ Хятадын онгоц тээгч хөлгийн J-15 сөнөөгч Су-33-тай маш төстэй. Шинжээчид хятад инженерүүд өмнө нь Украинаас авч байсан тийм онгоцноос хуулсан гэж таамаглаж байна. Одоо Хятад өөрийн сөнөөгч онгоцны тав дахь үе дээр ажиллаж байгаа бөгөөд жилийн эхнээс хөөргөж эхэлсэн байна. АНУ шууд л тэр сөнөөгчийг Хятадад алдагдсан Оросын технологиор нутгийн инженерүүд нь бүтээсэн гэж мэдэгдэж эхэлсэн юм.

Оросын хуягт техник ч хятадуудад эрэлттэй. Тухайлбал, тэдний БМП ZBD04 нь Оросын  БМП-3 загварыг санагдуулж байна. Гэхдээ хятад инженерүүд Оросын машиныг хуулснаа хэлэхээс зовоогүй бөгөөд харин галын удирдлагыг нь сайжруулсан гэж байгаа.

Улс төр, цэргийн судалгааны Оросын институтын дэд тэргүүн Александр Храмчихин энэ талаар ярихдаа Хятад бусдын техникээс хуулахдаа хэзээ ч зовинож байгаагүй гэв. “Ер нь тийм л байгаа. Гэхдээ тэднийг тэнэгээр хулгайлан хуулбарлаж байна гэж болохгүй. Энд ээдрээ их. Хятад идэвхтэй хулгайлж байгаа. Харин үүнийг хийхдээ манай болон барууны технологийг холилдуулж байна. Тэр нь тийм ч амар биш бөгөөд ямар нэгэн шинэ зүйл гарч ирээд байгаа юм. Ер нь бол тэдэнд технологийн мэдэгдэхүйц хоцрогдол байна гэж хэлж болохгүй” хэмээн тэр тайлбарлав.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж