Австрали гаралтай жүжигчин Портиа де Росси Холливуудын жүжигчин, продюсер Стивен Сигалыг өөрт нь бэлгийн дарамт учруулсан тухай твиттер хуудсандаа бичжээ.
Портиа де Россигийн бичсэнээр энэ явдал Стивен Сигалын нэгэн киноны эцсийн шалгаруулалтын үеэр болсон гэнэ. Стивен Сигал түүнийг өрөөндөө дуудаж, кинонд гардгаас өөр секс хийвэл ямар вэ хэмээн өмднийхөө цахилгааныг тайлжээ. Жүжигчин бүсгүй өрөөнөөс гүйж гарахдаа үүдэнд Сигалын хамгаалагчтай таарсан тухай бичжээ.
65 настай жүжигчин продюсер Стивен Сигал 1980-1990 оны хооронд хэд хэдэн тулаант кинонд тоглож нэр алдартай болсон юм. 2016 онд Владимир Путин түүнд ОХУ-ын иргэншил олгосон билээ. Портиа де Россигоос гадна жүжигчин Жулинна Маргулис, загвар өмсөгч Женни МакКарти нар түүнийг зүй бус авирласан, бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан байна.
Жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулсан, хүчиндсэн гэх дуулианд Холливуудын нэртэй алдартай продюсер, жүжигчид нэр холбогдоод буй энэ үед Стивен Сигалын эсрэг шинэ мэдүүлэг гарч ирж байгаа нь энэ юм.
Портиа де Росси Америкийн алдартай ток шоуны хөтлөгч Эллен де Женерестэй гэрлэсэн билээ. Портиа де Россигийн твиттер дэх жиргээний дараа Эллен де Женерес 75 сая дагагчтай хуудсандаа “Эхнэрээрээ бахархаж байна” гэж бичжээ.
Н.Энхтуяа