Э.Бат-Үүл гишүүн эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл гишүүн эсэргүүцэл илэрхийлэв

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл чуулганы нэгдсэн хуралдаан дээр эсэргүүцэл илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг гаргах байсан. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр тэр хуулийн хэлэлцүүлгийг намрын чуулган руу шилжүүлж хойшлууллаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МАН-ын Удирдах зөвлөлийн үгээр Сонгуулийн хуулийг хойшлуулсныг эсэргүүцэж байна” гэлээ. Харин УИХ-ын дарга  “УИХ-ын дарга МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа гэж байна. Би Удирдлах зөвлөлд оролцдог гишүүний нэг. Удирдах зөвлөл сонгуулийн хуулийг хаврын чуулганаараа гаргаарай гэсэн. Би таны үгээр хуулийг хойшлуулсан биш. Харин ч Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй сууж байна. Та буруу мэдээлэлтэй байна. Зөв мэдээлэлтэй байх ёстой. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг танд танилцуулах ёстой юу, үгүй юү мэдэхгүй. Өөр нэг намын гишүүн МАН-ын дотоод асуудалд оролцож, мушгиж тайлбарлаад байж таарахгүй. Та буруу мэдээлэлтэй байна” гэлээ. Ө.Энхтүвшин гишүүн ч МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийн хуулийг хойшлуул гээгүй, тийм чиг өгөөгүйг хэлэв.

УИХ-ын дарга Э.Бат-Үүл гишүүнд хандан  “Та олон чуулган тасалсан. Хариуцлага ярих гэж байгаа бол тань шиг хариуцлагагүй гишүүдтэй хариуцлага тооцох ёстой. Хуралдаан тасалдаг, улс төрийн худлаа мэдэгдэл хийж хийрхдэг хариуцлагагүй гишүүдтэй хариуцлага ярьдаг эрх мэдлийг УИХ-ын даргад хуулиараа олгомоор байгаа юм. Сонгуулийн хуулийг шинэчлэх нь намын бүлгүүдийн тохирсон асуудал. Гурван жилийн өмнө АН, МАН нэг гэрт орно. Бараг нэг хөнжилд орно. Гоё явна гэсэн. Түүгээрээ явцгаая. Намрын чуулганы эхний асуудал Сонгуулийн хууль. Түүнээс ухарсан хүн гарах ёсгүй. Өөр асуудал байхгүй” гэлээ.

Болсон явдлаас уймарсан Д.Дэмбэрэл дарга А.Тлейхан гишүүнийг “Баделхан, Сандалхан” хэмээн андуурч дуудан гишүүдээ хөгжөөв.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж