УИХ-ын гишүүн Б.Жавхлантай 2018 оны төсөв, банкны шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2018 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ удаагийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулбал ямархуу болсон гэж та дүгнэж байгаа вэ?
-Миний мэдэхийн сүүлийн 10 гаруй жил бид Монгол Улсын төсвийн бодлого биш тойргийн төсөв ярьж, баталсаар ирлээ. Энэ удаагийн төсөв ч мөн ялгаагүй. Сүүлийн хоёр жилийн төсвийн онцлог нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хайрцаглагдаж орж ирж байгаагаараа онцлог. 2017 оны төсөв анх өргөн баригдахдаа сахилга баттай байсан. Харамсалтай нь, нэг жилийн дотор хоёр ч удаа тодотгол хийсэн. Ер нь батлагдсан төсөвт тодотгол хийх нь төсвийн сахилга батыг алдагдуулж, тойргийн жижиг амбиц агуулсан улс төр хийх боломжуудыг илүү их гаргаж ирдэг юм байна. Бүр Ерөнхийлөгч хориг тавьж, улс төр хийх талбар болдгийг бид харлаа. Хэрэв сайн төсөв баталсан бол тодотгол хийх шаардлагагүй. 2017 оны төсөвт орлого нэмэгдсэнээс тодотгол хийснийг нь эдийн засагч хүний хувьд буруу гэж бодож байгаа, би. Ийм муу төсөвтэй, алдагдал ихтэй байгаа үед төлөвлөөгүй орлого орж ирвэл ирэх жилийн төсөвт хадгалах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсөв батлахдаа дараагийн хоёр жилийн төлвийг харж энэ жилийн төлөвлөлтөө хийдэг. Тэгэхээр төсвийн тодотгол хийж байна гэдэг нь төлөвлөлтөө хийж чадахгүй байгаагийн илрэл. 2018 оны төсөвт битгий тодотгол хийгээсэй гэж бодож байна. Хэрэв тодотгол хийвэл дахиад л улс төр, хориг тавигдана. Энэ жилийн төсөв алдагдал ихтэй, зарлага өндөр байгаа ч ОУВС-тай тохирсон зарчмын хүрээнд алдагдлаа бууруулна гэсэн хайрцагтаа байгаа. Энэ нь төлөвлөсөн алдагдлын хүрээндээ төсөвлөгдсөн гэсэн үг. Түүнээс 2018 оны төсвийг алдагдал их, бага байна гэж дүгнэх нь өрөөсгөл. Яг одоогийн орж ирсэн орлого, зарлага, алдагдалтайгаа 2018 оноо дуусгах ёстой гэж харж байна.
-Монголбанкнаас ирэх оны Мөнгөний бодлогыг өргөн барьсан. Мөнгөний бодлого, төсөв хоёр уялдах ёстой гэдгийг та чуулганы хуралдаан дээр онцолж байсан?
-Энэ жилийн төсөв яригдаж байх үед Мөнгөний бодлого огт яригдахгүй байна. 2018, 2019 онд инфляцийг найм орчим хувийн төсөөлөлтэй байхаар Мөнгөний бодлогод тусгасан. Инфляци одоо таван хувь байгаа. Төв банкны үнэт цаасны хүү 12 хувь байгаа. Тэгэхээр цаашид Төв банкны үнэт цаасны хүү буурах боломж нь бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирэх хоёр жилд Төв банкны үнэт цаасны хүү өндөр явах нь гэсэн үг. Үүнийг дагаад Засгийн газрын үнэт цаасны хүү, зээлийн хүү буурах орон зай байхгүй болж байгаа юм. Тухайн жилийн төсөв мөнгөний бодлого, инфляци, Төв банкны үнэт цаасны хүү зэрэгтэйгээ уялдах ёстой. Гэтэл манай төсөв төлөвлөлт хийхгүй, дутуу яваад байгаа юм шиг санагдаад байгаа юм. Бид макро эдийн засаг, төлбөрийн тэнцэл, төсвийн үзүүлэлтээ сайжруулж байж гадаад зах зээлд зээлжих зэрэглэлээ сайжруулна. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирвал Төв банкны үнэт цаасны хүү буух, Засгийн газрын бондын хүү буурах орон зай гарч ирэхэд түүнийг дагаад зээлийн хүү буурах боломж бий болно. Ингэж байж бид банкууд дээр гацаад байгаа дотоодын хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гацааг хөдөлгөх учиртай. Банкуудад гацсан зээлийн санхүүжилт хөдөлбөл аж ахуй нэгжүүд ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Одоо бол аж ахуй нэгжүүд ажлын байраа яаж хадгалах вэ гэсэн хүлээлтийн байдалтай байна. Эдийн засгийн идэвхжилийг сэргээх Төв банкны үнэт цаасны хүү бууруулах, банкууд дээр гацаад байгаа хөрөнгө оруулалтын санхүүжилт зэргийг төсвийн бодлогоор дамжуулж яаж зохицуулах вэ гэдгээ харах ёстой. Төлбөрийн балансаа харж, тооцоолж байж жилийнхээ орлого зарлагыг төлөвлөх, мөнгөний бодлоготой уялдуулах ёстой. Гэтэл сүүлийн арван жил энэ бүхэн алдагдаж ирсэн. Тэгэхээр Засгийн газар, Сангийн сайд төсвийн бодлого, төлбөрийн тэнцэлтэйгээ уялддаг төсвийн бодлогыг зоригтойгоор төлөвлөлт дээрээ тусгах алхмыг хийх ёстой.
-Төсөв бодлогоор биш тойргийн хуваарилалтаар явж ирлээ гэлээ. Яагаад ийм болов, шалтгаан нь юу байв?
–Яг төсөв хэлэлцэх үеэр гишүүд тойрогтоо цэцэрлэг, сургууль бариулна гээд зүтгэдэг. Энэ нь УИХ-ын гишүүдийн буруу биш. Cонгуулийн хуулийн тогтолцооноос шалтгаалж буй. Сонгуулийн хууль, тогтолцоо нь өөрөө төсвийг бодлогын хэмжээнд, бодлогын загвараар явуулах боломж олгодоггүй юм байна гэж харж байна. Мэдээж тойргоос сонгогдсон гишүүд дөрвөн жилийн дараа тойрогтоо очно, хийсэн бүтээсэн зүйлтэй байх ёстой. Одоо улс төрийн нам, институциуд өөрсдөө бүтээлч сэтгэлээр хандаж, жижиг тойрог, хувь хүний асуудлаа хойш нь тавьж, улсынхаа эрх ашиг макро түвшний асуудлаа нэгт тавиад явбал болохгүй зүйл байхгүй.
-2018 оны төсөвт халамж хэлбэрээр олгох төсөв нь нэмэгдсэн байхад хөрөнгө оруулалтаа бууруулсан нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулж байх шиг байна?
-Халамжийн бодлого бол манай намын мөрийн хөтөлбөртэй шууд холбоотой. Ард түмнээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж гэж итгэл авсан, бид. Гэхдээ мөрийн хөтөлбөртөө халамжийн бодлогыг зорилтот бүлгээс эхлүүлнэ, төсвийн боломжийг хангана гэж тусгасан. 2020 он гэхэд мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтот халамжийн хөтөлбөрүүдийг 100 хувь биелүүлнэ гэсэн төлөвлөгөөний дагуу хийгдэж буй алхам. Би 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг бэлнээр тараах асуудлыг дэмжмээргүй байна гэдгээ илэрхийлсэн. Гэвч үйлдлээ бодох юм бол эсрэг баймаар байна, үйлийн үрээ бодох юм бол намын шийдвэрээ дагана гэдэг шиг, нэгэнт бүлгээс шийдвэр гарсан учраас улс төрийн шийдвэр гаргаж, дэмжсэн. Зүй нь бол төрийн албан хаагчдад мөнгө өгөх нь буруу. Энэ мөнгийг макро тэнцвэрүүд, засваруудаа хийх төсвийн зүйл ангиудад зарцуулсан бол зүгээр байсан юм.
-Төсвийн орлогыг хэр бодитой тооцсон байна вэ?
-Орлогыг их бодитой төсөөлсөн байна лээ. Хэрэв нүүрс, зэсийн үнэ тогтвортой байх, үнийн өсөлт нэмэгдсэнээс төсвийн орлого нэмэгдвэл энэ жилийх шиг тодотгоо хийхгүйгээр ирэх жилийн алдагдлаа бууруулахад нөөцлөх хэрэгтэй гэж харж байна.
-Сангийн сайд төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ бол танай Засгийн газар хийсэн, бид хийгээгүй гэх тайлбарыг өгөөд сууж байна. Гарын үсэг зурсан гишүүдээс 2018 оны төсөвт саналаа өгч, боловсруулалтад оролцсон уу?
-Би төсвийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Миний зүгээс төсвийн алдагдал нь ДНБ-ий найман хувьтай тэнцэж байгаа эсэх, 2020 он гэхэд төсвийн алдагдлаа 4,5 хувьд хүрэх ёстой зарчмын дагуу явж байгаа эсэх том агуулга бүхий тоонуудаа харж байна. Энэ хайрцагласан дүнгүүд маань битгий задраасай л гэж харж байна. ОУВС-тай тохиролцсон хүрээнд төсвөө задруулахгүй барих нь чухал. ОУВС-тай тохирсон хоёр жилийн хөтөлбөрөө амжилттай давах юм бол гадаад зах зээлд бид өөр үнэлгээтэй болно. Хамгийн чухал нь зээлжих зэрэглэл сайжрах ёстой. Хэрэв Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирвал бид гадаад өрийн дарамтаас сална. Сүүлийн жилүүдэд төсөвт хамгийн их ачаалал өгч байгаа зүйл бол гадаад өрийн дарамт. Ирэх жилийн төсөвт долоон их наядын орлогын 1,2 их наядыг гадаад өрийн хүү, үйлчилгээний төлбөрт төлөхөөр байна. Энэ бол төсвийн орлогын 15 хувь гэсэн үг. Энэ нь өөрөө төсөв ямар эрсдэлтэй байна гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр бид зээлжих зэрэглэл, төлбөрийн тэнцлээ сайжруулах нь нэн тэргүүний асуудал.
-2018 оны төсөв өргөн баригдсан хэвээр явж, тодотгол хийхгүй явж чадвал зээлжих зэрэглэл сайжрах болов уу?
-Яг одоогийн оруулж ирсэн 2018 оны төсвөөрөө явж чадвал зээлжих зэрэглэл сайжирна. Сая бид “Гэрэгэ” бонд амжилттай гаргасан. Ирэх онд “Чингис” бонд, “Димсан” бондын төлбөрийг төлсний дараа Төв банкинд тодорхой хэмжээний нөөц үлдэнэ. Тэгэхээр эрсдэл багасч, төсөв яг энэ байдлаар явбал зээлжих зэрэглэл нэг алхам урагшлах боломжтой.
-Засгийн газрын өр, улсын өр төсөвт хүндрэл учруулж байна. Өр авсан л болохгүй байна гэдгийг хэлэх хүн олон байх юм?
-Бид өр тавьж, зээл авч чадаж байна гэдэг нь чухал. Бид зээл авч болно. Гол нь авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулах хэрэгтэй. Богино хугацаанд авсан зээлийг богино хугацаанд эргэлтэд орох төсөлд, урт хугацааны зээлийг урт хугацаанд өгөөжөө өгөх төсөлд хөрөнгө оруулах ёстой.
-ОУВС-гийн хөтөлбөрийг дагаж 5,5 тэрбум, Азийн хөгжлийн банкны тодорхой санхүүжилт гээд ирэх жилүүдэд бас чамгүй мөнгө орж ирнэ. Гэхдээ энэ мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй гэх баталгаа энэ Засгийн газарт бий юу?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа бүх мөнгө зарцуулалт нь маш тодорхой, тавьж буй шаардлага нь ч маш тодорхой байгаа. Төлөвлөгдсөнөөс өөр зүйлд зарцуулагдахгүй гэсэн үг. Орж ирэх санхүүжилтүүд юунд зарцуулагдах нь маш тодорхой болсон байгаа.
-Валютын ханш тогтвортой байх болов уу. Төсөвт тусгасан тооцоолол нь хэр бодитой байв?
-Төлбөрийн тэнцлийг энэ Засгийн газар маш сайн харах ёстой. Валютын ханш бол төлбөрийн тэнцэл, гадаад худалдаанаас шалтгаалдаг зүйл. Зүйрлэж хэлбэл, хүн халуурахад халууны шилний халуун хэмжиж буй заалт нь валютын ханш, цаад өвчин нь төлбөрийн баланс, гадаад худалдааны тэнцэл. Төв банк гадаад худалдаа, төлбөрийн баланс дээр явж байгаа валютын урсгалыг харж, зохицуулалт хийдэг. Валютын урсгал нь гадаад худалдааны тэнцэл дээр алдагдалтай эсэхийг Засгийн газар харж, дүгнэлтээ цаг тутамд гаргадаг байх ёстой. Хуучин Аж үйлдвэрийн яам байхад төлбөрийн балансыг байнга харж, яамдад чиглэл өгдөг байсан. Тэгэхээр төлбөрийн тэнцлийг ойрын жилүүдэд төлөвлөж, төсөвтэй уялдуулах ёстой. Энэ удаагийн төсөвт ийм зүйл үнэртэхгүй байна.
“Бидний онилох цэг бол хадгаламжийн хүүг бууруулах”
-Банкуудын чанаргүй зээл маш өндөр байгаагаас энэ салбар алдагдал ихтэй ажиллаж байна. Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ?
-2012 оноос хойш бизнесийн орчин төсвөө дагасан, тендер, концессоор амьдардаг бизнес рүү хэт их орсон. Төсөв тэлж байх үед хэт халж, төсвөөс шууд хамааралтай бизнес бий болж, банкууд зээл олгож эхэлсэн. Яг тийм халалттай үед нь банкууд зээл олгож, тэр нь төсөв агших үед чанаргүй зээл болсон. Банкууд дээр байгаа маш олон чанаргүй зээл эдийн засгийн идэвхжлийг сааруулж байгаа хүчин зүйлийн нэг. Тиймээс одоо чанаргүй зээлдэгчийг бууруулж, эргэлтэд оруулах, бизнесийн идэвхжлийг сэргээж, боломжтой үед нь төсвөөр дамжуулан тодорхой алхам хийх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, тендер, концесстой холбоотой ялангуяа 2012-2016 онд хийгдэж байсан хөрөнгө оруулалтуудын чанаргүй зээлийн хэмжээ ойролцоогоор хоёр их наяд төгрөг. Үүнийг яаралтай эргэлтэд оруулж, банкуудаас суллах хэрэгтэй. ОУВС-гийн активын чанарын үнэлгээний шалгалттай холбогдуулж, төр хүлээсэн үүргээ биелүүлж хүндрэлээс нь гаргах хэрэгтэй. ОУВС-гаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд макро түвшин, ялангуяа төсөвтэй холбоотой үзүүлэлтүүд дээр бид онц дүн авсан. Одоо хөтөлбөрийн хүрээнд хийх дараагийн алхам нь Монголбанк, банкны системийг цэгцлэх. Банкны системд хийгдэж байгаа активын чанарын үнэлгээний дүн удахгүй гарна. Тэр дүнгээр төсөв, Монголбанк, банкны эздэд хэдэн төгрөгийн ачаалал үүсэх вэ гэдэг тоо тодорхой болно. Удахгүй энэ дүн яригдаж эхлэхээр тэр давалгааг маш ухаалгаар давах хэрэгтэй. Санхүүгийн сектор нь өөрөө банкны системээс хамааралтай байдаг учраас аль болох хамгийн бага гэмтэлтэйгээр авч гарах ёстой. 2018 он гараад төсвөөс илүү анхаарал тавих зүйл бол энэ.
-Ажил хэрэг болгохоор төр тэр олон чанаргүй зээлийг төр чөлөөлөх үүргийг хүлээх эдийн засгийн чадамж бий юу?
-Төсөв өөр дээрээ ачаалал авах юм бол дийлэхгүй. Үүнийг хамгийн зөв хийх арга нь хөрөнгийн зах зээл дээр гаргах. Ипотекийн зээлийн нийт багц нь дөрвөн их наяд орчим байгаа. Одоо 30 хувиа төлөөд ипотекийн зээл авч чадах потенциалны зээлдэгч ханасан. Тиймээс зорилтот бүлэгт тулгуурласан төрийн бодлого тусдаа байх ёстой. Банкин дээр үүссэн байгаа найман хувийн ипотекийн зээлийг суллах хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа гаднын хөгжлийн банкуудаас орж ирж байгаа хөрөнгийн урсгалаар төр багцыг нь авах эсвэл хөрөнгө оруулагч нарт зарж, хоёр дахь зах зээлд гаргах боломжтой. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд яригдаж байгаа Активын удирдлагын компани байгуулах хуулийг судалж, хэрэгжүүлэх нь чухал. Энэ бол цоо шинэ тогтолцоо руу орох үйл явц.
-ОУВС-гаас банкуудад активын үнэлгээ хийх, банкуудын хууль эрх зүйн орчинг сайжруулах, зээлийн хүүг бууруулах гээд банкны салбарт өөрчлөлт оруулах асуудал өрнөж байна. Та энэ шинэчлэлүүдийг юу гэж харж байна вэ?
-Зээлийн хүү бууруулах асуудал байнга яригддаг сэдэв. Бидний өмнө нь гаргаж байсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээ нь дунд, урт хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүд байсан. Тэр нь дөрвөн жилийн циклтэй улс төрийн сонгуулийн дараа замхардаг. Одоо бид богино хугацаанд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ зөв тодорхойлох ёстой. Богино хугацаанд бид төсвийн бодлогоор, татварын бодлогоор арга хэмжээ авч болно. Мөн хадгаламжийн даатгалын тогтолцоотой болсон учраас энэ хоёрын хосолмол хэрэгслээр зээлийн хүүг богино хугацаанд бууруулах боломж бий. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү өндөр байгаагийн ганцхан шалтгаан бол эх үүсвэр болох хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Өндөр хөгжилтэй оронд банк нь харилцагч, зээлдэгчийнхээ төлөө зээлийн хүүгээ бууруулж өрсөлддөг бол манай банкууд зөвхөн хадгаламжийн өндөр хүү амлаж, түүний төлөө өрсөлддөг. Тэгэхээр бидний онилох цэг нь хадгаламжийн хүү. Энэ жил хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон. Гэхдээ өндөр хүүтэй бол өндөр татвар төлөх, бага хүүтэй бол бага татвар төлөх шатлалтай болгох ёстой. Энэ бол хадгаламж эзэмшигчдэд тавьж буй татвар. Тэгвэл одоо хадгаламжийн даатгалын корпорациар дамжуулан хадгаламжийн даатгалын шимтгэлээ өндөр тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банк нь даатгал төлдөг болно гэсэн үг. Энэ хоёрыг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөшүүргээр суурь зардал буурах боломжтой. Дунд хугацаанд инфляцийг найман хувьд барина гэж тооцоолж буй. Гэхдээ Төв банк, Засгийн газар таваас доош хувьтай инфляци барьж байж хадгаламжийн хүү буурна. Бодит орлого нь эдийн засгийн эрсдэлгүй гэсэн үг. Урт хугацаандаа хуулийн тогтолцоог өөрчлөх ёстой.
-Хадгаламжийн даатгалын тогтолцоог өдий хүртэл яагаад ашиглахгүй байгаа юм бэ?
-Энэ корпораци нь өөрөө 2014 онд байгуулагдаж, тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо харьцангуй бодлогын арга хэмжээ авч эхлэхэд нөөц сантай болж, бэхэжсэн учраас энэ тогтолцоог ашиглаж, бодлогын зорилтуудынхаа хэрэгжүүлэх, хөшүүрэг болгох цаг нь болсон.
-Улс төрийн шинжтэй нэг асуулт асууя. МАН-ын шинэ дарга сонгох Их хурал удахгүй болно. Энэ хурлаас ямар үр дүн бас юу хүлээж байна вэ?
-Энэ удаагийн МАН-ын Их хурал маш чухал он цагийн зааг дээр болж байна. МАН-ын их хурал яаж явахаас ойрын жилд Монголын хувь заяа ямар байх нь харагдана. Энэ Засгийн газар, жилийн өмнө ард түмний хийсэн сонголтыг эрх барих дөрвөн жил тэр их итгэлийг бүтээн байгуулалт, эдийн засгийн хүндрэлээс гарах, эдийн засгийн өсөлтийг ард түмний амьдралд мэдрүүлэх тэр их даалгаврыг гүйцэлдүүлэх сонголтыг Их хурлаараа хийгээсэй гэж бодож байна. Цаашид Засгийн газар зөв, тогтвортой явах сонголт хийгээсэй, Их хурлын төлөөлөгчид. Ирэх сонгуулиудын давалгааг зөв төлөвлөсөн Их хурал болоосой. Тогтворгүй болох вий гэсэн эрсдэл бий. Одоо бол 32, 33-ын бүлэг гэхээс илүү 65-ын бүлгээ илүү чухалчлах цаг үе.