Арваннэгдүгээр сарын цас монголчуудын өвлийн бэлтгэлийг шалгалаа. Энэ сарын 6-ны үүрээр цас ихээр орсон нь Улаанбаатарын гудамж талбайг мөсөн гулгуур болгоод байна. Хэдийгээр гудамж ТҮК-ийн ажилчид гудамж талбайн мөсийг цэвэрлэж байгаа ч халтирч гэмтсэн иргэд Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ачааллыг нэмжээ.
Цас, мөсөн дээр халтирч унаснаас болж иргэд ихэвчлэн шууны яс, шагайн үений хугаралтай, тархи толгойн гэмтэл авах болсныг ГССҮТ-ийн эмч нар ярьж байна. Ингээд тус төвөөс хийсэн сурвалжлагаа хүргэе.
2017.11.09-ний өдрийн 19.00 цаг. Тус эмнэлэг дэр очиход хүлээн авах төвийн үүдэнд үзүүлэхээр ирсэн хүмүүс цөөнгүй дугаарлажээ. Ачаалал ихтэй байна уу хэмээн хүлээн авах хэсгийн жижүүр эмчээс асуухад “Одоохондоо гайгүй байна, ажил тарах үед нэг хэсэг оволзоод дууслаа. 21 цагийн үед ачаалал эргээд ихэсдэг” гэв.
“Үзлэг хоёр” гэсэн хаягтай өрөөний үүдэнд тавь орчим насны тэргэнцэртэй эмэгтэй, гараа сойгоод боочихсон 36 орчим насны залуу, баруун гараа гэмтээсэн гэх 65 орчим настай ахмад гээд хэсэг хүмүүс рентген зураг авахуулахаар зогсч байв.
Дугаараа хүлээж буй хүмүүсийн дунд баруун гараа сойж боолгуулсан Л.Цоодол гэрээсээ гарч яваад орцны үүдний мөсөн дээр халтираад унасан гэнэ. Түүний гарын шууны яс гэмтсэн гэх онош тавьж гарыг нь сойж боожээ. “Хоёр сар гаруй гараа яаж сойно доо” Л.Цоодол халаглаж зогсоно. Сүүлийн өдрүүдэд “Халтирч унаад бэртчихлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн өдөрт 350 дөхөж байгаа гэнэ.
Э.Ариунхүү: Нэг өдөрт халтирч унаад бугуйгаа гэмтээсэн 100 хүн ирсэн
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн ахлах эмч Э.Ариунхүүтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
–Танай эмнэлгийн ачаалал хэдээс хэдэн цагийн хооронд нэмэгддэг вэ ?
-Ер нь цас орсноос хойш өдрийн цагаар маш их ачаалалтай байгаа. Өнөөдөр харьцангуй ачаалал бага байна. Одоогийн байдлаар 300 орчим хүн ирж үзүүлээд байна.
–Та өдөрт хэдэн хүн үзэж байна вэ ?
–Оройн ээлжинд таван эмч, дөрвөн сувилагч ажилладаг. Нэг эмч өдөрт багадаа л 50 орчим хүн үзнэ. Хамгийн ихдээ 80-100 хүн үзэх тохиолдол ч бий.
–Ихэвчлэн ямар насны хүмүүс ихээр ирж байна вэ ?
-Ихэнхдээ 25-60 насны хүмүүс ихээр ирж байна.
–Бэртэлийн хувьд ямар бэртэл давамгайлж байна ?
–Энэ сарын 6-ны өдөр орсон их хэмжээний цаснаар бугуй нь гэмтсэн хүний тоо 100 байсан. Халтиргаа гулгаа эхэлсэн учраас шууны яс, шагайн үений хугаралтай хүмүүс их ирж байна. Настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас шууны ясаа гэмтээх нь их байна гэв.
Тус төвд өдрийн 15.00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл, халтирч унасан болон машины ослоор гэмтсэн хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Харин баасан гаригт архидалтаас үүдсэн зодооны улмаас бэртэж гэмтсэн хүмүүс их ирдэг, энэ үеэр эмч нар хамгийн их ачаалалтай байдаг гэнэ.
Tуслах сувилагч Д.Туул “Сүүлийн хоёр хоног ачаалалтай байна. Нэг өдөрт 500 орчим хүн үзэж байна. Энгийн үед өдөрт 40, шөнөдөө 50 хүн үзэж байсан бол, сая орсон цаснаар өдөрт 57 хүн, шөнөдөө 94 хүн үзсэн. Харин арваннэгдүгээр сарын 7-ны өдөр, өдөрт 74 хүн, шөнө 70 орчим хүн үзлээ” гээд сувилагчдын хөтөлдөг бүртгэлийн дэвтрээ харуулав.
Ийнхүү ярилцаж байх зуур гипсны өрөөнд 36 орчим насны залуу гараа боолгуулахаар орж ирсэн юм. Тэрбээр орцноосоо гарч явах замдаа халтирч унаад мөн л бугуйндаа гэмтэл авчээ. Зуны пүүз өмссөнөөс болж шинэ орсон цас болон мөстсөн зам дээр халтирч унасан байна.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр доторх газраа цэвэрлэх журмыг мөрдөх шаардлагатай байна. Энэ байдал мөрдөгдөхгүй учраас иргэд халтирч унах нэгэн шалтгаан болоод байгаа юм. Залуучууд халтирдаггүй гутал өмсөж, хөгшчүүл халтирдаггүй таяг тулах хэрэгтэй. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байх шаардлагатай юм.