Төв Азийн таван дотроо хамгийн бага газар нутагтай, хамгийн цөөн хүн амтай, хамгийн ардчилсан улс нь Кыргызстан юм. Тэнгэр уул (Тяншань)-йн ар, өврийн өндөрлөг хайрхнуудын дунд оршдог энэ улс 198,2 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, түүний 90 илүү хувь нь уулын бүсэд хамаардаг онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт, аялал жуулчлалын хамгийн таатай Иссык куль (Бүлээн нуур) нуураа хиргисүүд манай “Хөх сувд” хэмээн “өхөөрдөх” нь тун зохимжтой юм.
Иссык куль нуур
Байгалиас заяасан аялал жуулчлалын орчин
Иссык куль Киргизийн хамгийн том нуур бөгөөд хэмжээгээрээ дэлхийн 30 том нууранд багтдаг. Далайн түвшнээс дээш 1609 м, 80 гаруй гол, горхи цутгадаг. Нуурын усны эзлэхүүн 1738 км3, эргэн тойрны эргийн урт 688 км, гүн нь 278 м (хамгийн гүндээ 702 м), баруунаас зүүн хүртэл 182 км, өмнөөс хойт тал хүртэл 58 км, дундаж температур өвөл 1 дүгээр сард -2, -6 хэм, зун 7 сард +17 хэм байна. Энэ нуурт 21 төрлийн загастай, 90 хувь Иссык кулийн чебак загас байна.
Сансраас авсан Иссык куль нуурын зураг. Нуурын байдал Монголын газрын зурагтай тун төстэй.
Иссык куль аялалын брэнд болов
Иссык куль нуурын эргэн тойронд нийт 450 гаруй том, жижиг аялал жуулчлалын бааз байдаг бөгөөд тус улсын аялал жуулчлалын орлогын дийлэнхийг эндээс бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд 4-5 одтой орчин үеийн тохилог зочид буудал, аялал жуулчлалын иж бүрэн төвүүд шинээр баригдаж, хойт хэсэгтээ зонхилох баазууд төвлөрдөг ба нуурын өмнө хэсэгт жил ирэх тутам шинэ төвүүд нээгдэж буй. Далайн эргийн жуулчлалын оргил үе нь 6-9 сар юм.
Аялагчдыг татах хүчин зүйл
Бурхнаас илгээсэн үзэсгэлэнт байгалиас гадна Киргиз аялал жуулчлалын төрийн бодлогоо зөв тодорхойлж, хариуцсан яам ажиллуулж байна. Аялал жуулчлалын компаниудад төрөөс үйл ажиллагаа эрхлэх “хатуу нөхцөл”-тэй зөвшөөрөл олгоно. Төрөөс тавьсан шаардлага хангаагүй бол зөвшөөрөл олгохгүй зарчим үйлчилнэ.
Хувийн хэвшлийнхэн тохилог зочид буудал, амт чанартай олон төрлийн хоол, дагалдах бүх төрлийн маркетингийн иж бүрэн үйлчилгээ, тээврийн хэрэгсэл, амрагчдын аюулгүй байдлыг хангах асуудлыг олон улсын стандартын түвшинд шийдвэрлэж, олон зуун хүнийг байнгын болон түр ажлын байраар хангадаг. Энэ нь дотоодын болон гадаадын жуулчдыг татах хамгийн чухал хүчин зүйл болдог.
Иссык куль мужийн төв Каракол (Хар гол) нь нуурын урд хэсэгтээ байдаг бөгөөд Киргизийн долоон муж (аймаг)-ийн нэг юм. Нуурын хойт талд Григорьевын болон Семёновын хавцал (байгалийн парк)-ыг шинэчлэн тохижуулж, Чингиз Айтматовын нэрэмжит Соёлын төв, жуулчид, амрагчдын эрэлт хэрэгцээг хангахуйц тохилог орчин бүрдүүлж амжсан байна. Иссык Кульд ихэн үедээ Төв Азийн орнуудын болон Оросын жуулчид амардаг байсан бол сүүлийн жилүүдэд Европ, зүүн өмнөд Азиас зуны улиралд ирэх зочид ихээхэн нэмэгдсээр байгаа нь энд аялал жуулчлалын ирээдүй баталгаатайг нотолно .
Байгаль цаг уурын хувьд маш тохиромжтой, зөөлөн дулаан уур амьсгалтай, нуур элдэв хог хаягдалгүй, аялал жуулчлалын бүсийн ойролцоо олон улсын онгоцны буудал шинээр баригдаж, 2016 онд ашиглалтад хүлээн авсан юм. 2016 онд Киргиз нэг сая жуулчин хүлээн авч, түүний 90 гаруй хувь нь Иссык кульд ирсэн статистик бий. Улсын төсөвт аялал жуулчлалаас ихээхэн хэмжээний орлого бүрдүүлдэг болов.
2012 оны хаврын нэгэн сайхан өдөр Улаанбаатар-Бишкек-Станбулын чиглэлийн Туркийн агаарын хөлгөөр Кыргызстан улсыг зорин нисэж явахдаа онгоцны бүхээгээс домогт Иссык куль нуурыг анх харж билээ. Хажуу суудлын анд минь нуурын дундах жижигхэн завийг хараад цахлай нисэж явна уу хэмээв. Яг энэ мөчид надад сургуулийн хүүхэд байхдаа Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц” туужийг уншиж, тэр номын нүүрэнд хөлгүй их далайд хөлөг онгоц яваа дүрс байсан санаанд буув. Тэртээ олон жилийн дараа энэ сайхан газар ирнэ, мөн энэ нутагт хэдэн жил амьдарна гэж төсөөлж явсангүй дээ.
Киргиз нутгийг зорьсон албаны болоод хувийн зочид нийслэл Бишкек хотоос 280 км замыг туулан Иссык куль нуурыг үзэх, амрахаар ирдэг. Энэ бол аялал жуулчлалын онцгой бүс болоод байгаа юм.
Өглөө эрт “Иссык куль” нуурын дэргэдээс жинхэнэ шинэ энерги, сайхан мэдрэмжийг авч чадна. Тэртээ урдаас улаан нар мэлтийн хоромхон зуур дээшилж, түүний илч гэгээ зэрэглээ адил хөвсөлзөн дуниартаж, нуурын ус дөлгөөхөн цэлэлзэж, ертөнцийн амар амгаланг тэндээс л олж хардаг гэлтэй.
Эртэч зочид товлосон юм шиг бүгд л эрэг дагуу алхаж, өөр өөрсдийн ая зангаар анир чимээгүй орчин, бүлээн нууранд сэлж, наранд биеэ шарж, чөлөөтэй амарч, зорьж ирсэн бүхэн алжаал юугаа тайлан байгаа нь бахархалтай.
Г.Сумъяа