Тэмцээнд Улааанбаатар хотоос шатрын их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Т.Батчимэг тэргүүтэй мастерууд, Мончесс клубын тамирчид болон Хөвсгөл аймгийн араваад шатарчин хүүхдүүд бүхий шатарын хорхойтнууд оролцлоо. Энэхүү тэмцээнийг Жанчивдорж захиралтай “Нэмэх трейд” ХХК, Сарангэрэл захиралтай Галт халуун ус, рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор газраас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Мончесс клубээс 10 хоногийн сургалтыг шатарчин хүүхдүүд явууллаа. Энэ удаагийн тэмцээнд шатрын их аврагууд, мастерууд тойргоор тоглолт хийн аврагаа тодруулсан бол шатарчин хүүхдүүдийн дунд мөн тэмцээн болж 20 гаруй хүүхдүүд оролцон аврагын төлөө өрсөлдлөө. Тэмцээний үеэр тойргийн, блиц, сонирхогчдын болон их аврага, мастерүүд хүүхдүүдтэй зэрэг тоглолт хийн гурван өдрийн турш оюуны гимнастикаа, алжаал тайлах амралтын өдрүүдтэй хамтатгалаа. Шатрын наадмын шувтаргын тоглолтын үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, тус аймгийн шатрын холбооны тэргүүн Хадбаатар нар оролцон гарын бэлгээ гардуулан блиц тоглолтонд оролцлоо. Хүн төрөлхтний оюуны өв болсон шатрын тэмцээний дүн гарахад их мастерүүдийн тойргийн тоглолтын аврагаар Олон улсын шатрын холбооны мастер, Монголд чансаагаараа долоод, олон улсад ретингээрээ долоод байгаа, ОУ-ын тэмцээний гурван алт, хоёр хүрэл медалийн эзэн болсон залуу шатарчин Г.Мөнхгал шалгарсан бол хүүхдүүдээс Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Н.Баянмонгол тэргүүлж цомын эзэн боллоо. Ийнхүү Их Монголын хоймор нутагт, шатрын наадмын алтан өрөг дээр оюуны их хүч, авьяас билэг, эрдэм ухаанаараа наадсан шатарын тэмцээн болж өндөрлөлөө.
Оюуны их наадам боллоо
Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг, Галт халуун ус, рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор хэмээх байгалийн үзэсгэлэнт сайхан нутагт тус цогцолборын 50 жилийн ойд зориулан шатрын спортыг Хөвсгөлд хөгжүүлэх, үзэсгэлэнт байгалиа сурталчлан таниулах зорилгоор “Оюуны Ундраа” шатрын тэмцээнийг өнгрөсөн зургадугаар сарын 22-25-нд зохион явууллаа.
А.Зул