"Ихэмсэг хатны дүрд тогломоор байна"

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

"Ихэмсэг хатны дүрд тогломоор байна"

"Ихэмсэг хатны дүрд тогломоор байна"

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Украины Харьков хотод жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн анхны 13 оюутны нэг бөгөөд сургуулиа төгсөж ирээд Хүүхэд, залуучуудын театрт ажлынхаа гарааг эхэлж байжээ.  Ингээд түүнийг энэ удаагийнхаа “Мартагдашгүй танил” буландаа урьж ярилцлаа.

Харьковын Урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийн оюутнууд

Багадаа инженер болох мөрөөдөлтэй байлаа

-Би багаасаа инженер болох мөрөөдөлтэй байсан. Аав маань барилгын инженер, ээж минь эмч хүн байсан. Миний хувьд аавынхаа мэргэжлийг өвлөөд, хүнсний технологийн инженер болох хүсэлтэй байлаа. Тэр мэргэжлээрээ сурахын тулд тоонд сайн байх ёстой гээд нэгдүгээр сургуулийн тооны ангид шалгалт өгсөн. Тухайн үедээ шалгалт өгсөн 150 хүүхдээс дээрээсээ есөд орж байлаа. Тэгээд л долоо хоногийн таван өдөр дан тооны хичээл үзнэ. Тэгсэн яг 10 дугаар анги төгсөх жил Улсын хүүхэд, залуучуудын театрын залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой улсын бодлогоор Москвад 20 хүүхэд суралцуулахаар шалгаруулалт болсон. Тэр үед надаас гадна манай ангийн хоёр охин, хоёр хүү бас шалгуулаад үзье гээд очсон. Тэгээд  нэг бүтэн дуу, шүлэг цээжлэх хэрэгтэй гээд биеийн тамирын хичээл дээрээ дуу, шүлгээ цээжиллээ. Сургуулийнхаа улаан буланд очсон чинь нөгөө хоёр ангийн 60 орчим хүүхэд жагсчихсан байхаар нь “Бүтэхгүй юм байна” гээд гэр рүүгээ явлаа. Манай гэр циркийн ойролцоох байранд байдаг байсан. Гэр рүүгээ алхах замд “Буцах хэрэгтэй” гэж бодогдоод болдоггүй. Тэгээд л гэртээ оролгүй үүднээсээ буцаад очсон. Ангийнхаа таван хүүхэдтэй хамт ороод шалгуулсан чинь гурав нь тэнцсэн.

Түүний дараа хотын олон сургуулиас шалгаруулалтад тэнцсэн 40 хүүхэд нийлээд, бэлтгэл хийсээр гурван сарын дараа 20 хүүхдийг шалгаж гадаад руу явуулах болсон. Би хэдийгээр тооны ангид суралцдаг байсан ч жүжигчин хүнд ургуулан бодох, төсөөлөн бодох, сэтгэх шаардлагатай байдаг учраас тоо маань жүжигчний мэргэжилд нөлөөлсөн болов уу.

"Амилсан чөтгөр" киноны хэсгээс

 

Анхны дүрээ эерэг дүрээр эхэлсэндээ баярладаг

-Би 1992 онд Украинаас их сургуулиа төгсөж ирээд театрынхаа ажлын хажуугаар кинонд тоглож эхэлсэн. Тухайн үед монгол кино үйлдвэр тарж байсан ч гэсэн кино урлаг мөхөөгүй. Тэр үед кино найруулагч Х.Дамдин гуай хальсны  кино хийхээр болж, тэр кинондоо бидний үеийн жүжигчдийг кино пробод оруулсан. Тэр үед “Амилсан чөтгөр” киноны хоёрдугаар найруулагч н.Оюунсүрэн бид нартай уулзаж, юу хийхийг хэлж өгнө. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн  Х.Дамдин найруулагч шалгаж авна. Би кинонд тоглохдоо эерэг дүрээр эхлээд, дараагаар нь ямар ч дүрд тоглосон яах вэ гэж боддог байсан. Гэтэл тэр кино сэргийлэхийн тухай алуурчны найз бүсгүйн дүрд шалгаруулалт хийж байлаа. Би тэгсэн пробоо өгсний дараагаар тэнцэх, тэнцэхгүйгээ мэдэхгүй байж, сэтгэл дундуурхан хоёрдугаар найруулагч дээр очоод “Энэ кинонд эерэг дүр байгаа юу” гэж асуусан. Тэгсэн н.Оюунсүрэн эгч “Эерэг дүр нь хоёрдугаар дүрүүд байгаа. Тэр дүрүүдэд шалгаруулалт хийхгүй” энэ проб хийсэн жүжигчдээсээ сонгоно гэлээ. Би “Тэр эерэг дүр нь ямар дүр юм бэ” гэсэн чинь “Гол дүрийн мөрдөн байцаагчийн халамжит сайн гэргийн дүр” гэв. Тэгээд л тэр дүрд нь тоглох юмсан гэж бодчихоод гараад явчихсан.

Хэд хоногийн дараа манай театр дээр Х.Дамдин гуай ирээд, намайг тойруулаад л харлаа. Тэгснээ “За болж байна. Манай кино маргааш чиний зургаар эхэлнэ. Чи ирж чадах уу” гэв. Би “Чадалгүй яахав” гээд очсон чинь яг миний бодож байсан дүр байж таарлаа. Миний анхны кино л доо. Нүүр хувиргагчид нь намайг овор багатай гээд будаж, янзлаад л “Чиний нөхөрт Г.Золбоот гэдэг жүжигчин тоглоно” гэсэн. Би дөнгөж сургууль төгсөж ирсэн болохоор Г.Золбоотыг ч танихгүй байлаа. Тэгсэн “За нөхөр чинь ирлээ” гэсэн чинь сандраад эхэллээ. Тэр үед Г.Золбоот намайг бодоход 10 гаруй кинонд тоглочихсон байсан. Тэгээд л би сандраад, айгаад үгээ хэлж чаддаггүй, бие баригдаад…. Найруулагч уурлаад “Плёнка гарздаад, сургууль, соёл төгсөөгүй юм уу” гээд л загнасан чинь би сандраад “Өчигдөр энэ жүжигчинтэйгээ танилцуулахгүй яасан юм бэ” гээд хэлчихлээ. Бүх хүмүүс инээгээд л “Өчигдөр танилцуулсан бол яах байсан юм бэ” гэж шоолсон. Ашгүй тэгж байтал уран бүтээлчдийн өдрийн хоол ирлээ. Тэгсэн мундаг найруулагч маань “За энэ гурван хүүхэдтэй нь энэ хоёрыг жижиг өрөөнд оруулаад хоолыг нь өг. Гэр бүл хоорондоо танилцаг” гэсэн. Тэгээд л нэг юм хоорондоо танилцаад зураг авалтад орж байлаа. Тэр үед Х.Дамдин гуай надад хандаж “Миний охины  анхны кино нь юм байна. Миний киногоор маш олон жүжигчид гараагаа эхэлсэн байдаг. Их мундаг ч жүжигчин болцгоосон. Миний хүү өөдөлнө өө” гэж их сайхан үг хэлсэн. Энэ үг надад үргэлж санагдаж, шантрах болгонд эрч хүч өгч байдаг юм.  Дараа нь би найруулагчийнхаа “Салж чадамгүй хайр” гэдэг кинонд бас Г. Золбооттой тоглосон. Ер нь би Г. Золбооттой олон кинонд тогложээ.

Улсын хүүхэд, залуучуудын театрын залуу жүжигчид

 

“Шинэ үе” продакшны анхны эмэгтэй жүжигчин 

-Улсын хүүхэд, залуучуудын театр 1998 онд хувьчлагдаж, бид хаашаа явахаа мэдэхээ больсон. Улсын драмын эрдмийн театрын Г.Доржсамбуу, Б.Баатар найруулагч нар “Хүрээд ир” гэдэг байсан л даа. Миний хувьд өөрийгөө хөгжүүлж, сурч боловсоръё гээд Хөх хотын Өвөрмонголын их сургуульд хятад хэл сурахаар явсан. Тэгээд өвлийн амралтаараа Монголд ирсэн чинь хошин урлагийн жүжигчин Д.Хүрэлхүү нэг өдөр утасдаад “Би Амбий, Бооёо гээд хоёр жүжигчинтэй нийлээд, “Шинэ үе” нэртэй хошин урлагийн продакшн байгуулсан юм. Бидэнд эмэгтэй жүжигчид хэрэгтэй байна” гэсэн. Тэгсэн би “Хошин урлагийн хүн биш шүү дээ. Драмын жүжигчин хүн.Чадах уу” гэсэн чинь “Бид гурав инээлгэхийн инээлгэе. Чи чимэг болоод хайрлагдчих л даа” гэж хошигнож байсан.

Урлагт хайртай хүн чинь нөгөө сурч байсан сургуулиа орхиод хошин урлагт орж байлаа. Би тухайн үедээ жүжигчин Амбий, Бооёо хоёрыг таньдаггүй байлаа. Тэгээд танилцаж, тэр үед надтай хамт Г.Ундармаа, Р.Алтансүх /Аси/ анх орсон. “Шинэ үе” продакшнд бид зургаа нийлээд тоглоно. Сүүлдээ залуу уран бүтээлчидтэй хамтран тоглодог болсон. Миний хувьд 1999-2006 он хүртэл ажилласан. 

Жүжигчин Б.Эрдэнэчимэг хүүгийн хамт

 

Ганц хүүгээ Украинд сурч байхдаа төрүүлсэн

-Хүүгийн маань аав оюутны нэг ангийн залуу. Бид хоёр хүүгээ Украинд сурч байхдаа төрүүлсэн. Бид хоёрын хувьд Харьковоос их сургуулиа төгсөж ирээд хоёулаа театрт ажиллах боломжгүй байсан. Урлагийн том сургууль төгсчихөөд хоёулаа наймаа хиймээргүй байна. Тийм учраас хүүгийн маань аав “Чи театртаа ор. Би бизнесээ хөөе” гэсэн. Тэгээд хоёулаа үргэлж хамт сурч, амьдарч байсан хүмүүс хоёр тусдаа ажиллаад ирэхээр үл ойлголцол гарч эхэлнэ. Би дээрээс нь сараар бригадаар орон нутгаар явна. Тэгээд хоорондын харилцаанд зөрчил гарч, таарч нийлэхгүй болсон. Хэрвээ хоёулаа уран бүтээлээ хөөсөн бол өдийг хүртэл нэг гэр бүл хэвээр байсан байх. Хүүгийн минь аав их сургуулиа маш сайн төгссөн. Урлагийн хүн хүнтэй суух боломж бас бага байдаг. Кино зурганд явна. Хошин урлагийнхан дандаа шөнөөр бэлтгэлээ хийнэ. Энэ мэт шалтгааны улмаас хүнтэй суухгүй явсаар өдийг хүрсэн байна. 

Хүү маань Итали улсад олон улсын худалдааны мэргэжлээр суралцаж, төгссөн. Хүүгээ Итали улсад суралцана гэхээр нь баярлаад л явуулсан чинь хүү маань “Намайг та Италид суралцуулах байсан бол урлагийн чиглэлээр суралцуулахгүй яасан юм бэ. Олон улсын худалдаагаар АНУ, Австралид суралцвал дээр байсан байна” гэдэг. Гэхдээ хүү минь унаган орос хэлтэй. Бас урлагийн мэдрэмжтэй, итали, англи хэлээр ярина. 

Одоо ихэвчлэн ээжийн дүрд тоглож байна

-Сүүлийн үеийн уран бүтээлч залуус өөрсдөө кино зохиолоо бичиж, найруулаад тоглодог болсон байна. Миний хувьд ихэвчлэн залуу жүжигчдийн ээжийн дүрд тоглож байна. Сүүлд “Дурлах санал”, “18 нас” зэрэг кинонд тоглосон. Хамгийн сүүлд зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар гуайн зохиол “Надаар тоглосон хайр” жүжгийг өөрчлөн дэлгэцийн бүтээл болгосон кинонд ээжийн дүрд тоглолоо. 

Би 2006 оноос хойш өөрийн “Stage” сургалтын төвийг байгуулсан. Тэр сургалтын төвдөө телевиз, радиогийн хөтлөгч, жүжигчин бэлтгэдэг байсан. Сургалтын төвөө “NBS” телевизийн дэргэд байгуулж, телевизэд дадлага хийх боломжтой байлаа. Надад жүжигчин мэргэжилтэй хүмүүст сэтгүүлзүйн ойлголт, сэтгүүлч хүмүүст жүжиглэх ур чадвар дутмаг байдаг нь ажиглагдсан. Тийм учраас энэ сургалтын төвөөрөө дамжуулан хөтлөх, жүжиглэх ур чадварт суралцуулж, өөрийгөө илэрхийлэх чадвар багатай хүүхэд, залуусыг хөгжүүлэх үүднээс нээж байлаа. Тухайн үедээ ээжийн маань бие муудаад, гадаадад эмчлүүлэх шаардлага гарч, сургалтаа түр хаасан. Эх орондоо иртэл Үндэсний дээд сургуулиас надад багшлах урилга ирээд, харилцааны соёл, менежмент зэрэг хичээлүүдийг гурван жил заасан. Өнгөрсөн жилээс “Зохиомж” дээд жүжигчний мэргэжлээр хичээл заах болсон. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар багшийн ажлаасаа чөлөө аваад “Dream” сургалтын төвд багшилж байна. 

Сонгодог бүтээлд ихэмсэг хатны дүрд тоглохыг хүсдэг

-Украинд их сургуульд сурч байхад кино, радио телевизэд их дадлага хийлгэдэг байсан. Тэнд оюутан байхад биднийг гадаадын иргэд гэдэг утгаар балет, дуурь, тайзны хөдөлгөөн, уран зураг гэх мэт бүх хичээлүүдийг мундаг багш нар маш сайн заана. Бид өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хичээлтэй. Намайг багш нар маань ихэвчлэн сонгодог бүтээлийн гоёмсог хатдын дүрд тоглуулдаг байсан. Тэгээд Монголд ирсэн чинь намайг европ царайтай гэнэ. Би түүхэн хатдын дүрд шалгуулах гэхээр найруулагчид “Чам шиг өндөр нуруутай, европ царайтай монгол хатан хаана байсан юм бэ” гэдэг.

Түүхэн дүр гэвэл “Газар шороо” уран сайхны кинонд манжийн хааны бага хатны дүрд тоглосон. Тусдаа өргөө засуулаад хатан хаанд тоглох гоё л юм билээ. Өөр түүхэн хатдын дүрд тоглох гэж шалгуулахаар яагаад ч юм сонгодоггүй. Тэгэхээр би өөрөө хүсээд ч яах вэ гээд бодчихсон. Миний бодлоор тайзны сонгодог уран бүтээлд ихэмсэг хатны дүрд тоглох юмсан гэж хүсдэг. Гэхдээ хэн ч гэсэн монголынхоо түүхэн кинонд тоглохыг хүсэлгүй л яахав. Цаашдаа ч урлагтаа хоёргүй сэтгэлээр зүтгэх болно.

гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж