Газар дундын тэнгисээс өнгөрсөн ням гаригт насанд хүрээгүй 26 охины цогцос олдсон нь дэлхий нийтийг цочирдууллаа. Тэдгээр охид дөнгөж 14-18 настай байжээ. Италийн цагдаа нар энэ хэргийн араас мөрдлөг явуулсны дүнд хоёр сэжигтэн этгээдийг баривчилсан байна.
Ливи гаралтай Аль Мабрук Висам Харар болон Египетээс гаралтай Мухамед Али аль Бозуд нарыг 150 хүнийг хулгайлан, худалдаалах гэж байсан хэрэгт сэжиглэж байгаа боловч прокурорууд тэднийг Газар дундын тэнгисээс олдсон охидын үхэлд буруутайг нотлох баримт хараахан олоогүй байгаа юм. Амиа алдсан охидын цогцсыг шинжлүүлэхээр шүүх эмнэлэг рүү илгээжээ. Шүүх шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах учраас охидод яг юу тохиолдсон нь тодорхойгүй байгаа ажээ.
Мөрдөгчид тэдгээр охид,эмэгтэйчүүдийг Ливээс Европ руу авч явсан хүний наймааны хохирогчид гэж таамаглаж байгаа. Тэдний цогцсыг Италийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх албаны Кантабриа хөлгийн багийнхан энэ сарын 5-ны ням гаригт Газар дундын тэнгисээс олсон юм.
Цогцос олдсон газарт хоёр хөлөг онгоц осолдсон байсан гэнэ. Тус аврах албаныхан Газар дундын тэнгист энэ долоо хоногт дөрвөн удаа аврах ажиллагаа явуулсны дүнд 400 гаруй хүнийг аварчээ. Тэдний 90 нь эмэгтэйчүүд, 52 хүүхэд байсан гэнэ. Аврах ажилтнуудыг очиход ослын газарт аймшигтай дүр зураг тэднийг угтжээ. Амьд үлдсэн хүмүүс хийлдэг завинаас тас зуурчихсан арай ядан тогтож байсан бол амиа алдсан охид эмэгтэйчүүдийн цогцос тэдний хажууд хөвж байжээ. Газар дундын тэнгист амиа алдсан хохирогчид бүгд насанд хүрээгүй охид байсан нь анхаарал татаж байгаа юм.
Амиа алдсан тэдгээр охидыг Нигерээс авчирсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Хүн худалдаалах гэмт хэрэг нь эрүүгийн хэргүүдээс гурав дахь хүнд гэмт хэрэгт тооцогддог. Хэнд ч ийм гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий. Ийм гэмт хэргийн хохирогч нь ихэнхдээ боолчлолд өртдөг байна.
НҮБ-ын явуулсан судалгаагаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 20 хувь нь хүүхдүүд байдаг гэжээ. Дэлхийн өнцөг булан бүрт гарч буйгаас ийм төрлийн гэмт хэрэг дэлхий нийтийн асуудал болоод байна. Хүн худалдаалах гэмт хэрэг хамгийн их гардаг орнуудад Сомали, Ливи, Йемен, Сири, ОХУ, Хойд Солонгос, Судан, Өмнөд Судан, Венесуэл, Алжир зэрэг орнууд багтаж байгаа юм.
Европ руу дүрвэж гарах сонирхолтой дүрвэгч цагаачдын эх нутаг нь Ливи юм. Африкийн Сахараас гаралтай тэдгээр иргэдийн дийлэнх нь дайн самуун, мөрдлөг хавчлагаас зугтан дүрвэж байхад нөгөө хэсэг нь өлсгөлөн, гуйланчлалд нэрвэгдсэн Африкийн ядуу буурай орнуудаас ирсэн хүмүүс ажээ. Мөн Ойрхи Дорнод, өмнөд Азийн орнуудаас ч хүмүүс олноороо сайхан амьдрал хайн, амь насаа эрсдэлд оруулан далай тэнгис гатлах хууль бус замыг сонгож байна.
Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын явуулсан судалгаанаас харахад зөвхөн энэ он гарснаас хойш 2839 цагаач Европын эрэгт хүрч чадалгүй Газар дундын тэнгист амиа алджээ. 2016 онд Газар дундын тэнгист амиа алдсан цагаачдын тоо 4150 байжээ.
2017 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 150,982 цагаач Европын орнуудын эрэгт хүрсний 74 хувь нь Италид, бусад нь Грек, Кипр, Испани руу дүрвэсэн байна.
Италийн дотоод хэргийн яам болон Ливийн Триполи хотын засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу наймдугаар сард Италийн цэргийн хоёр хөлөг онгоц Триполи хотын эргийн хамгаалалтын албанд хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааны эсрэг тэмцэх сургалт явуулсан байна.