МАН: Хагарах уу, эвлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

МАН: Хагарах уу, эвлэх үү?

МАН: Хагарах уу, эвлэх үү?

Эрх баригч намын XXVIII Их хурал энэ сарын 20-21-ны өдрүүдэд болно. Дэлхий нийтийн анхаарлыг тэгтлээ татахгүй ч Монголын улс төрдөө л топ сэдэв. Босоо тогтолцоотой намын хувьд өмнө нь Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрийг дугуйлах үүрэгтэйгээр оролцдог байсан МАН-ын Их хурлын  төлөөлөгчид энэ удаад “үнэд” орж байна.  Тэдэнд тараах мөнгөний тоо хоёр тэрбум 618 сая төгрөгөөр яригдаж байгааг цахим ертөнцийн “бор шувууд” жиргээд эхэлжээ.

МАН-ын хямрал ба боломж

Ердөө хоёр жилийн өмнө Ардчилсан намыг засаглаж чаддаггүй хэмээн шоглож суусан Ардын нам тэдний өчигдрийн зовлонг өнөөдөр мах, цусаараа мэдэрч сууна.  Түүхэндээ, УИХ-д үнэмлэхүй олонх байхдаа засгаа онхолдуулж, намын даргаа сольж буй нь МАН-ын хувьд бараг анхных.  Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Баяр өвчний улмаас С.Батболдод намын болон засгийн тамгаа шилжүүлснийг эс тооцвол шүү дээ.  Харин МАН өнөөдөр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Тогоон доторх хэрүүлээ цонхоороо ч гаргадаггүй МАН тогоогоо хагартал хэрэлдэж байгаа нь хямрал гэлтэй.

Гэвч, хямрал бол нэг талдаа боломж. Боломж олон удаа тохиодоггүй гэвэл энэ завшааныг ашиглаад гэгчээр МАН-ынхан  үүнийгээ МАН-ын болон Монголын улс төрийн боломж болгож болно. Гэвч, зөвхөн даргаа сольсноор МАН шинэчлэгдэхгүй. Намын даргаар У.Хүрэлсүх, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Н.Дэмбэрэл ба икс нарын аль нэг нь сонгогдлоо гэхэд хүчний хуваарилалт өөрчлөгдөнө үү гэхээс хүндийн жин өөрчлөгдөхгүйг жижиг биетэй даргаа томоор сольсон Ардчилсан намын шинэчлэлтээс харчихаж болохоор.

Тэгэхээр хямралыг дагаж ирсэн боломжоо ашиглахын тулд Монгол ардын нам юуны өмнө үзэл баримтлалаа олж авах хэрэгтэй.  МАН  баруун тийшээ явах уу, зүүн тийшээ зүглэх үү? Явах замаа сонгохын тулд МАН дүрмээ шинэчлэх хэрэгтэй юм. Дүрмээ шинэчлэх нь мэдээж бас З.Энхболдын компьютер дээр тооцоолж гаргасан бодлогоор С.Эрдэнийг гаргаж ирэхийг хэлэхгүй. Үнэндээ аядуу зөөлөн М.Энхболдыг бардам, хурц ааштай У.Хүрэлсүхээр солилоо гээд МАН дүрмээ өөрчлөхгүй бол шинэ малгай авч өмсөөд, хуучин дээлтэй яваа хүнээс ялгарах юун. Тиймээс 2021 онд 100 жилийнхээ ойд барих бэлэг нь МАН-ын шинэчлэл. Тэд өнөөдөр л үйл хэргийн нам болж чадахгүй бол зуун жилийнхээ ойг гудамжинд тэмдэглэхэд хүрнэ.

Экс дарга ба ИКС дарга

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон М.Энхболд арав хоногийн дараа  намын тамгаа  шинэ ИКС-д шилжүүлнэ.  МАН-ын даргын гол өрсөлдөөн зүүний хүчнийхэн ба хотын фракцын дунд болох бөгөөд эмээлийн хоёр бүүрэг шиг болсон намаа эвлүүлж байгаа ганц цэг нь өнөөдөртөө М.Энхболд. М.Энхболд намын тамгаа өгснөөр энэ нам эвлэх үү, эсвэл бүр задрах уу.

 Горилогчдын тоонд Ж.Энхбаяр, Н.Дэмбэрэл,Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар багтаж байгаа ч тэд богино зайны өрсөлдөгчид. Эгнээндээ 220 мянган хүн нэгтгэсэн энэ том институцийг эв нэгдэлтэй авч явах албан тушаал нь сайхан ч үүрэх хариуцлага нь хүнд.

МАН-ын тамгыг нь авахыг хамгийн ихээр хүсч байгаа хүн бол У.Хүрэлсүх. Намын даргад өрсөлдөх хамгийн том өрсөлдөгчөөсөө засгийн тамгыг нь булаан авсан, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд МАН-ын даргад өрсөлдөх гол хүний нэг.  С.Батболд шиг Ерөнхий сайд болсон түүнд намын даргын тамгыг нь бэлэглэх үү, эсвэл З.Энхболд, Ч.Сайханбилэг, М.Энхболд Ж.Эрдэнэбат нарын жишгийг дагах уу.

Дайчин, шийдэмгий төрхтэй У.Хүрэлсүхийн давуу тал нь хар массын дэмжлэг. Харин бардам, хурц зан, боевик байдал нь түүний хамгийн сул тал.  Чуулганы танхимд Г.Баярсайханыг шанаадаж, Ж.Мөнхбаттай хулгайч, нохойгоороо дуудалцсан тэрбээр түрэмгий хурц аашнаасаа болж намаа задлахад хүрч магадгүй.  Тэгвэл гурав тасарсан МАН могойн чинээ үлдэж чадах болов уу? Гэхдээ түүний ард Монголын төлөө сүүлчийн цамцаа урж чадах, манай ганц “шударгуу” улстөрч /өөрийнх нь тодорхойлсноор/, Монгол Улсын төрийн тэргүүн нар бий.

‘Үхсэн буурнаас амьд ат айна’ гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон болохоос М.Энхболд улс төрөөс яваагүй. Өөрийгөө залгамжлуулахаар бэлтгэж байсан Ж.Эрдэнэбатыг эсвэл С.Бямбацогтыг зүтгүүлэх үү гэдгийг арав хоногийн дараа Ардын намын Их хурлын үйл явдал харуулах биз.  Одоогоор горилогчийн тоо гарын таван хуруунаас давсан. Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд эдийн засгийн хамгийн хүнд үед улс орноо удирдан чиглүүлсэн, үр дүн дээр нь өнөөдрийн шинэ засаг ажиллахаар болсныг харвал бас ч муугүй улс төрч, эдийн засагч бололтой.

У.Хүрэлсүхийг бодвол огцом хурц аашгүй хүлээцтэй, тэвчээртэй зан нь түүний давуу тал.  Унаж явахдаа У.Хүрэлсүхэд хэлсэн ганц үг нь “Бүтэн жилийн турш нэг малгай дор ажилласан ч хажуу хавирганаас хатгаж байгаа эрхэм журмын нөхөр минь чиний алдааг ч би үүрнэ ээ”.

Эвлэх үү, хагарах уу?

‘Бодоо нар намаа байгуулчихаад ламд очиж, манай нам хэр удах вэ гэхэд лам ‘100 арай хүрэхгүй нь, Сүхээр эхэлж Сүхээр дуусна гэжээ’. Энэ бол цахим сүлжээнийхний зохиосон онигоо. Гэхдээ бодит үнэн болгоход МАН ойрхон байна.

Хувьсгалт гэсэн үгийг намынхаа нэрээс авч хаясан МАН өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН ба Н.Энхбаяр гэж хоёр хуваагдсан. Харин хоёр дахь удаагаа хуваагдах уу.  Нөхөд гэдэг ноход болдог цаг гэгчээр хамтдаа Өмнөд Солонгосын казиногоор хэсч, дал мөрөөрөө тэврэлдэж явсан Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нарын хэрүүлийг харахад энэ нам эвлэж нэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн мэт.  Гэвч цусаа гартал зодолдож явсан АН-ынхан өнөөдөр  тосоо гартал тэврэлдсэнийг харахад улс төрд мөнхийн дайсан хийгээд мөнхийн найз байдаггүй гэж.

Тийм учраас өнөөдөр цусаа гартал зодолдож байгаа МАН тосоо гартал тэврэлдэх нь цаг хугацааны асуудал бөгөөд МАН-ын бүлэглэлүүд Их хурлаараа эрх ашиг нь нэгдэж чадвал эвлэлдэнэ, эс бөгөөс  задарна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж