Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-өөс аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газарт ардын авьяастан, ерөөлч магтаалчдыг оролцуулах талаар албан бичиг, уралдааны удирдамжийг хүргүүлээд байна.
Уралдаанд аймаг тус бүр 1 ерөөлч, 1 магтаалч Улаанбаатарт болох эцсийн шалгаруулалтад оролцуулж, ерөөлч, магтаалч төрөл бүрээр алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын 8 эзнийг тодруулна. Эцсийн шалгаруулалтад оролцсон оролцогчдын төлөөлөл болон уралдааны тэргүүн байрын шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны 18:00 цагаас Улсын филармонийн концертын танхимд зохион байгуулж, нийтийн хүртээл болгохоор зохион байгуулах хорооноос төлөвлөөд байна.
Монголын ард түмний уламжлалт язгуур урлагийн давтагдашгүй, өвөрмөц төрлүүдийн нэг, ардын аман зохиолын түүхэнд чухал байр суурийг эзэлсэн ерөөлч, магтаалчдын анхны улсын уралдааныг маршал Х.Чойбалсангийн санаачилгаар 1948 онд Монголын Зохиолчдын ерөнхий хорооноос зохион байгуулж эхлүүлсэн түүхтэй юм.
Анхны уралдаанаас хойш 50-аад жилийн дараа Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Ерөөлч, магтаалчдын улсын хоёрдугаар уралдаан”-ыг “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв” төрийн бус байгууллагын тэргүүн Хөдөлмөрийн баатар, МУГЗ, төрийн их хан хуурч, ерөөлч магтаалч Ц.Цэрэндоржийн идэвх санаачилгаар 1996 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, тус 2 дугаар уралдаанд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат онцгой ач холбогдол өгч оролцон ерөөлч, магтаалч нартай уулзаж, соёлын өвийн нэгэн төрөл зүйл болох ерөөл, магтаалыг хойч үедээ уламжлуулан хөгжүүлэх талаар бодлогоор дэмжиж байх шаардлагатайн дээр хүүхэд залуусыг өргөнөөр суралцахыг уриалж байжээ.
Улмаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, тэмээчин Г.Оргойн нэрэмжит “Ерөөлч, магтаалчдын улсын гуравдугаар уралдаан”-ыг 1998 онд Өмнө-говь аймагт, нэрт магтаалч Л.Агваанжамбалын нэрэмжит “Ерөөлч, магтаалчдын улсын дөрөвдүгээр уралдаан”-ыг 2000 онд БСШУЯ-аас ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнтэй хамтран Хэнтий аймагт, “Ерөөлч, магтаалчдын улсын тавдугаар уралдаан”-ыг 2003 онд БСШУЯ-аас Улаанбаатар хотноо, “Ерөөлч, магтаалчдын улсын зургаа дугаар уралдааныг 2008 онд БСШУЯ-аас ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулж, сүүлийн уралдаанаас төрсөн ерөөлч магтаалч Л.Агваанжамбал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдаж байсан байна.
Ерөөл, магтаалыг эрдэм шинжилгээ, судалгааны хэмжээнд эрчимжүүлэн хөгжүүлэхээр монгол аман зохиол судлагч, дэд эрдэмтэн Ц.Цэрэндорж 1994 онд “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв” төрийн бус байгууллагыг байгуулан Монгол магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжлийг тодорхойлон задалж шинжилсэн “Хуур магтаалын бадрал уянга” бүтээлийг туурвихын зэрэгцээ ерөөлч магтаалчдын улсын уралдаанд оролцсон шилдэг оролцогчдын /давтагдсан тоогоор/ 103 ерөөлч, магтаалчийн 200 гаруй ерөөл, магтаалыг сийрүүлэн эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.
Эх сурвалж: Соёл урлагийн газар