Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн багш ангийнхаа хүүхдийг “Бүтэж үх” хэмээн хөнжлөөр дарж буй бичлэг цахим орчинд олныг бухимдуулж байна. Сошиалд “Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн багш хүний нялх хүүхдийг санаатайгаар хөнжлөөр бүтээж алах шахсан байна. Орой цэцэрлэгээс нь авахад “Багш бүтэж үх” гэсэн гээд уйлаад байхаар нь цэцэрлэгийн камерыг нь шалгажээ” хэмээн бичлэгийн хамт цацагдаад байгаа билээ.
Багшийн амнаас “Бүтэж үхээрэй” гэх үг, үсэг ч гарахааргүй хүн
Энэ талаар тус цэцэрлэгийн бэлтгэл “Б” бүлгийн эцэг, эхийн зөвлөлийн дарга С.Батцэцэг ярихдаа “Боловсролын салбарт өчнөөн олон жил ажилласан туршлагатай багшийг ингэж буруутгаж байгаад харамсаж байна. Хүний үйлдлийг буруу, зөвөөр нь ялгаагүй байхад цахим орчинд ийм бичлэг тавьж, багшийг буруутгаж байгаа нь харамсалтай. Тус ангийн эцэг, эхчүүдийн хувьд багшийг зөвтгөх ямар нөхцөл боломж байгааг хайна. Багш хүүхдүүдийг маань сургаад гурван жил болж байна. Өнөөдөр таван настай хүүхдүүд дотор 100 хүртэл тоо тоолж сурсан хүүхдүүд ч бий. Гэтэл үүнийг өнөөдөр хэн ойлгож байна вэ. Гэтэл багш “Унтаарай. Бусад хүүхдүүдээ сэрээж болохгүй шүү” гээд бүтээсний төлөө “Бүтэж үхээрэй” гэж хэлсэн гэж бичсэн байна. Ангийн багшийн амнаас “Бүтэж үхээрэй” гэх үг, үсэг ч гарахааргүй хүн шүү. Манай хүүхдүүдийн ангийн багш эцэг, эхчүүдэд “Би буруу үйлдэл гаргаснаас болж, ийм болчихлоо. Цэцэрлэгийн удирдлагын зүгээс надад арга хэмжээ авсан. Эцэг, эхчүүдээ уучлаарай” гэдгээ хэлсэн. Нөгөө хүүхдийн эцэг, эхээс уучлал гуйсан. Гэтэл сарын дараа энэ багшийг хорлож байгаа юм шиг сошиалд бичлэг тавьчихаад АНУ руу гэр бүлээрээ яваад өгсөн. Одоо тэр хүүхдээс “Багш чинь чамайг бүтэж үхээрэй” гэж хэлсэн үү гэж асуух гэхээр нотлох ямар ч хүүхэд байхгүй болоод байна” гэдгийг хэлж байв.
Сошиалд бичлэгийг хүүхдийн өвөө байршуулжээ
Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн эцэг, эхийн зөвлөл өчигдөр хуралдаж, мэргэжлийн хяналтын байцаагчид мэдээлэл өгсөн байна. Эцэг, эхийн зөвлөлөөс өнөөдөр дахин хуралдана гэдгээ хэлсэн юм. Учир нь дээр бичлэгийг сошиалд хүүхдийн өвөө нь байршуулсан бөгөөд өвөөг нь хуралд оруулж, асуудлыг хэлэлцэх юм байна.
Харин хүүхдийн гэр бүлийн хувьд энэ сарын 8-нд АНУ руу явсан бөгөөд хүүхдийнхээ цэцэрлэгээс албан ёсны чөлөө авалгүйгээр явсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ангийн багшийн хувьд боловсролын салбарт 27 жил ажиллаж буй туршлагатай, тэргүүний багш гэдгийг эцэг, эхчүүдийн төлөөлөл хэлсэн.
Ангийн багшийн зөрчлийг шалгаж байна
Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Д.Туяасайхан энэ асуудлыг шалгаж байгаа учраас олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. “Одоогоор тус ангийн эцэг, эхчүүдээс авсан санал асуулгаар багшийг ийм зөрчил гаргахаар багш биш гэж хариулсан байсан. Энэ асуудлаар дахин хуралдана гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн гомдол гаргасан хүүхдийн эцэг, эх АНУ руу явсан учраас холбогдож чадахгүй байгаа” хэмээх мэдээллийг өгсөн. Ангийн багшийн хувьд мэргэжлийн ур чадвар сайтай, аргазүйч хийж байсан багш гэдгийг дурдсан юм.
а.сүрэн