Хүйтний эрч чангарч, хөхүүрийн ам цаашиллаа. Өвлийн улирал эхэлмэгц нийслэл хотын агаарын бохирдол ихэсдэг. Тэгвэл өвлийг агаарын бохирдол багатай, өнтэй давахын тулд иргэн таны оролцоо ч чухал юм. Тодруулбал, хүйтний эрч чангарахаас өмнө гэрийн дулаалга сайтар хийх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр түлээ, нүүрс бага зарцуулагдаж, энэ хэрээр агаарын бохирдол багатай өвлийг давах бүрэн боломжтой.
Монголчууд ихэвчлэн урд хөршид үйлдвэрлэсэн шилэн хөвөнгөөр сууцаа дулаалдаг. Гэвч шилэн хөвөн нь чийгтэй байр, байшин мөөгөнцөртөх магадлал өндөр гэнэ. Үүнээс гадна цагаан хөөсөнцөр хавтан мөн адил дулаан алддаг бөгөөд галд өртөмтгий байдаг ажээ. Хямд, өртөг багатай материалаар гэрээ дулаалах нь дулаан алдах нэг шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ингээд бид монголчууд хэрхэн гэрийнхээ дулаалгыг хийж байгааг тодрууллаа.
Баянгол дүүргийн 22-р хорооны иргэн Ц.Батбаатар “Амины орон сууц болохоор, нам даралтын зуухаар дулаанаа шийдэж байна. Манай байшин дулаахан болохоор дулаалах зүйл байсангүй. Нүүрс авахдаа мөнгөний боломжоо харж, тооцоолж байгаа л авдаг. Хэрэв боломжтой байвал портер нүүрс авна, харин мөнгө муутай байвал өдөр өдрийн хэрэглэх, ууттай нүүрс,түлээ авдаг гэж байлаа.
Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн М. Дэлгэрсайхан “Байшинд амьдардаг. Манайх нам даралтын зуухтай. Хүйтрээд эхэлсэн болохоор гэрийнхээ цонхыг дулаалсан. Энэ жил хоёр портер нүүрс авч, өвлийн бэлтгэлээ базаалаа” гэв.
Баянгол дүүргийн 13-р хорооны иргэн Д.Баатарцогт “Гэрийнхээ туургыг давхарлаад дулаалгаа хийсэн. Одоо нүүрс, түлээ авах дутуу байна. Манайх гурван портер нүүрсээр өвөлждөг. Энгийн зуух дулаанаа удаан барихгүй болохоор хэрэглэж байгаа зуухаа хүртэл солилоо” гэсэн юм.