Саудын Арабын тансаг зочид буудлыг хоригдлууд “эзэлжээ”

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Саудын Арабын тансаг зочид буудлыг хоригдлууд “эзэлжээ”

Саудын Арабын тансаг зочид буудлыг хоригдлууд “эзэлжээ”

Саудын Арабын хамгийн тансаг зочид буудал Риц Карлтон Рияад саяхнаас дэлхийн өөр хаана ч байхгүй тансаг хорих анги болсон гэнэ. Учир нь тус улсын Засгийн газар авлигын хэрэгт холбогдсон бизнесменүүд болон хунтайж, сайд нарыг “хорихоор” тус зочид буудлын үйл ажиллагааг хаасан гэнэ.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэдхэн сарын өмнө гадаад улс дахь анхны дээд хэмжээний айлчлалын үеэр буудалласан тус зочид буудалд хөл хорио тогтоосноос хойш утас тасралтгүй хангинаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын нэгэн хүртэл захиалга авахгүй гэж зочид буудлын захиргаа мэдэгдсэн байна.

Саудын Арабын хунтайжийн эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд 11 хунтайж, Засгийн газрын дөрвөн сайд болон өөр олон хүнийг баривчлан хорьж байгаа юм байна. Баривчлагдсан сэжигтнүүдийн дунд олон улсад нэртэй тэрбумтан, бизнесмен хунтайж Аль Валид бин Талал  хүртэл багтжээ.

Риц Карлтон Рияад зочид буудалд урьдчилж захиалга өгсөн үйлчлүүлэгчдийг өөр буудалд шилжүүлэхээр болсон тухай зочид буудлын захиргаанаас мэдээлсэн байна.

Саудын Арабын Засгийн газрын албаны хүний мэдээлснээр, эрх баригчид авлигын хэргийн эрхэм сэжигтнүүдийг хорих ангид хорьчихож чадаагүй бөгөөд тэднийг саатуулах хамгийн тохиромжтой газар нь энэхүү тансаг зочид буудал байсан гэнэ.

Риц Карлтон Рияад зочид буудлын албан ёсны вэб хуудсан дээр арваннэгдүгээр сарын өрөөний захиалга дууссан гэж бичсэн бөгөөд арванхоёрдугаар сарын дундуур сул өрөө гарч магадгүй гэжээ.  Риц Карлтон Рияад зочид буудлын өрөө дунджаар нэг хоногийн 350 ам.доллар байдаг ажээ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж