МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ноос Төрийн хямрал улс төрийн намын шинэчлэл эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2017.11.09/ зохион байгууллаа.
Улс төрийн нам бодлого явуулдаг, нийгмийн хөдөлгөгч хүч, зүтгүүр нь байх ёстой. Гэтэл өнөөдөр дээрх шинж чанараа алдаж, чансаа нь унасаар байна гэж хуралд оролцогчид онцлов.
МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хороо”-ны тэргүүн, УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:
-Монголд улсад төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн. Улс төрийн намын нэр хүнд унасан байна. Хямрал юунаас үүссэн бэ гэхээр улс төрийн намуудтай холбоотой. Энэ бол зөвхөн МАН-ын асуудал биш. Эхний ээлжинд парламентад суудалтай улс төрийн намуудын үзэл бодлын нэгдэл бий болгох зорилготой ажиллаж байна. Шинэчлэл хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээрт, улс төрийн намын дүрмийн шинэчлэл. Хоёрдугаарт, улс төрийн намын тухай хууль эрх зүйн өөрчлөлт юм. Намууд өөрсдийн дүрмээр шийдэж чадахгүй байгаа асуудлыг хууль эрх зүйн зохицуулалтаар, иргэд сонгогчдын захиалгаар, тэдний хяналт доор хийх ёстой.
Улстөрчид намын дээд удирдлагыг өөрсдийн төлөөллөөр дамжуулж аваад намд ноёрхол тогтоодог. Ингээд тэд сонгуулиар дамжуулан төрийн эрхийг авдаг. Төрийн эрх мэдлийг авсны дараа өөрсдийн эрх ашигт нийцүүлж нийгмийн баялгийг далд бизнес рүү чиглүүлж, цөөнхийн эрх ашигт шилжүүлээд, нийгмийн хяналтыг байхгүй болгох замаар ноёрхол тогтоодог. Энэ бол Монгол Улсад бодитой бий болсон. Далд бизнесийг төртэй холбож байгааг таслан зогсоох арга замыг өнөөдөр ярилцаж байгаа юм.
Засаглалын хямрал нүүрлэж, сандал суудлын хэрүүлээс өөр ярих сэдэвгүй болсон өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн шинэчлэх вэ. Эрх баригч намуудад засаглах чадвар байна уу зэрэг асуудалд эрдэмтэд дараах хариултыг өглөө.
МУБИС-ИЙН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОР Э.ГЭРЭЛТ-ОД:
-Намын шинэчлэлийн асуудалд би нэг зүйлд сэтгэл дундуур байна. Өнгөрсөн хугацаанд олон жил улс төрийн намын шинэчлэлийн асуудлыг ярьсан ч намууд өөрсдөө хүсэл, зориг гаргахгүй байгаад харамсдаг. Яагаад ийм байгаа юм бэ. Улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулах, сонгогчдыг илүү мэдлэг боловсролгүй болгох үйлдэл хийгээд байгаад би харамсдаг
2011 онд Улс төрийн намын тухай хуулийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Харамсалтай нь намууд дэмжээгүй. 2013 онд Улс төрийн намын тухай хуулийг сайжруулах ажлын хэсэг байгуулагдсан. Мөн л улстөрчид хүсэл зоригоо илэрхийлээгүй. 2015 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төслийг шинэчлэх улс төрийн хүсэл зориг гаргаж, хуулийн төслөө боловсруулсан. Хуулийн төслийг 2016 оны нэгдүгээр сарын 19-нд УИХ-аар орсон ч хууль санаачлагч руу буцаасан. Уг нь энэ төсөлд улс төрийн намуудыг хариуцлагатай, нэг тоглоомын дүрэмтэй, нээлттэй, төрөөс санхүүжилт олгодог, гишүүнчлэлийг нэг тийш шийдэх гэх мэт цогц асуудлыг оруулсан боловч намуудын хүсэл зориг дутсан. Дээр нь парламентад суудалгүй улс төрийн намуудын хүсэл зориг дутсан. Тэд парламентад суудалтай намуудтай адил байр суурь илэрхийлсэнд би гайхаж байсан. Энэ бол өнгөрсөн түүх. Одоо Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах байх. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ихэнхдээ можаритар сонгуулийн тогтолцоотой байсан. Намууд улс орныг 21 хэсэг болгон хувааж, сонгуулийн жижиг тойрогт ялалт байгуулах гэсэн тэмцэл нь өөрөө намуудын шинэчлэлийг уландаа гишгээд байгаа юм. Би бол холимог, эвсэл хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоо яриасай гэж хүсч байна.
УЛС ТӨР СУДЛААЧ О.ЧУЛУУНБИЛЭГ:
-Улс төрийн намын дотоод хямрал өнөөдөр төрийн хямрал болж байгаа нь 65 суудал авсан намын жишээнээс харагдаж байна. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой. Өмнө нь энэ хуулийн шинэчлэл буцах болсон нэг том шалтгаан бол үндэсний зөвшилцөл хийгээгүй юм. Парламентаас гадуур байгаа жижиг намууд дэмжээгүй. Шалтгаан нь тэдгээр намууд МАН-тай гэрээ хийсэн байдаг. Учир нь Ардчилсан намынхан Ерөнхийлөгчтэй нийлээд 2016 онд ялагдуулахын тулд хийж байна гэж хардсан. Яг үнэндээ бол тэр дотор уншсан хүн байгаагүй. Тэгэхээр одоо Т.Аюурсайхан гишүүн санаачлаад Улс төрийн намын тухай хуульд шинэчлэл хийх гэж байгаа бол үндэсний зөвшилцөл хийгээрэй. Ямар ч мундаг хуулийн төсөл байлаа ч хоорондоо хэрэлдээд, бие биенийгээ хардаад, жижиг асуудал дээр маргалдсаар байгаад зогсдог юм байна лээ. Тиймээс ажлын хэсгээ өргөтгөсөн байдлаар бүрдүүлээрэй. Хоёрдугаарт, намуудын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол тунхаг байдалтай болно. Санхүүгийн асуудлыг Улс төрийн намын тухай хуульд тусгах уу эсвэл Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа гаргах уу гэдгийг бодож үзээрэй. Ингэхгүй бол ямар ч сайн хуулийн төсөл УИХ дээр унах магадлал өндөр байгаа юм.