Хүүхэд харах үйлчилгээг БСШУСЯ-нд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээг БСШУСЯ-нд шилжүүлнэ

Хүүхэд харах үйлчилгээг БСШУСЯ-нд шилжүүлнэ

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаад цайны цаг болсон тул завсарлалаа.

Хуралдааныг завсарлуулахын өмнө Хүүхэд харах үйлчилгээг хуучнаар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үлдээх нь зөв буруу гэх маргаан өрнөв.

Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхэд харах үйлчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэхээр оруулж иржээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулах боломжгүй учраас Хүүхэд харах үйлчилгээг бий болгоё. Тэр орон зайн дээр гэртээ ажилгүй сууж байгаа ээж нарыг дэмжээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамных нь харьяанд байлгаж, хүүхдийг аюулгүй, хоолтой ундтай байлгая гэдэг зорилго тавьсан.

Хүүхэд харах үйлчилгээ нь Боловсролын тухай хуульд тавигддаг стандарт шаардлагын дагуу ажиллаж чадахгүй байж магадгүй. Гэхдээ 5.2 тэрбум төгрөгийг боловсролын багцад оруулчихаар хийдэл гарах нөхцөл үүсэх учраас нэр бүхий зургаан гишүүн санал гаргаж, хуучнаар нь үлдээе гэсэн юм.

Харамсалтай нь, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь “Боловсролын яаманд өгөх нь зөв” гэсэн лоббиг сайн хийжээ.  Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр 1500 гаруй ээж ажилтай болсон, 5500 хүүхэд хамрагдсан гээд үр дүн гарч байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Боловсролын яам хүүхэд хардаг яам биш. Цэцэрлэг, сургуультай холбоотой бодлого зохицуулдаг.  Хүүхдийн эрхийг Хүүхэд хамгааллын төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хангах ёстой. Хүүхэд гэж ярьж байгаа юм чинь Боловсролын яаманд тавьчихъя гэж хандаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Амарзаяа:

2018 оны төсвийн тухай хуульд өргөн барьсан томъёоллоор хүүхэд харах үйлчилгээг Боловсролын яаманд хариуцуулсан. Нийслэлд хүүхэд харах үйлчилгээ нэлээн дэлгэрсэн.

Төсөв хэлэлцэх үед нэр бүхий зургаан гишүүн хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээх санал гаргаад дэмжигдсэн.

Яагаад Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг өргөн барихдаа Боловсролын яаманд шилжүүлэхээр оруулж ирэв гэдэгт хариулт өгөөгүй. Тийм учраас сайд нар тайлбар хийх ёстой.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Хүүхэд харах үйлчилгээг зөв гольдролд нь оруулах шаардлага байгаа.

Халамжийн бодлого гэдэг юм уу, ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангаж байна гэдэг утгаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаад ирсэн.

Боловсролын яаманд хариуцуулахад стандартад нь нийцүүлээд явна.

Хэрэв хүүхдийн асуудал учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд байх ёстой гэж үзвэл бас дургүйцэх зүйл байхгүй.  Тодорхой л байх ёстой.

Нэг зүйлийг анхаараарай, цэцэрлэг, сургууль Боловсролын яаманд харьяалагддаг хэрнээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шилжүүлчихсэн байгаа. Тийм учраас асуудлаа засаад явах ёстой гэдэг утгаар саналаа илэрхийлээд явсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээе гэсэн саналаа буцааж татъя. Бодлого стандарт шаардлагын хувьд, багшаа бэлтгэхийн хувьд Боловсролын яаманд байх нь зөв гэж үзлээ.

УИХ-ын гишүүд дээрх саналыг хэлэв. Гэхдээ УИХ эцсийн байдлаар санал хагалж хураагаагүй байна.

Үдээс хойш 15.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ. Энэ үеэр дээрх асуудлаар гишүүдээс  санал хурааж, нэг талд нь гаргах юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж