Анх байгуулагдсан жилдээ Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр /11.08/ хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийлээ.
Тоглолтын нэгдүгээр үед 2:1-ээр Сингапурын шигшээ баг давамгайлсан ч манай залуус шийдвэрлэх хагаст тун хариуцлагатай тоглож, үндсэн цаг дуустал тэмцэж чадсанаар гайхалтай эргэн ирэлт хийлээ. Тодруулбал нэгдүгээр үеийн төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтоос тоог ойртуулсан Монголын шигшээ багийн 9 дугаартай довтлогч М.Жансерик 53, 87 дахь минутад гоол оруулан, тоглолтын үр дүнг эргүүлсэн. М.Жансерик хеттрик /3 гоол/ толилуулаад зогсохгүй Г.Ганбаяр шүүгчийн мэдлийн цагт гоол оруулан тоглолтын эцсийн үр дүнг 2:4 болгов.
Тийнхүү энэ жил үүсгэн байгуулагдаж эхнийхээ тэмцээнд орсон Монголын 19 хүртэлх насны шигшээ баг анхныхаа хожлыг авч түүхэн гурван оноо авлаа. Гурван оноо авснаас гадна М.Жансерик гурван гоол оруулж, Монголын 19 хүртэлх насны шигшээ багийн анхны “хеттрик”-ийн эзэн болсныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний өмнө урд хөршид бэлтгэл базаан, тэмцээндээ бүх хүч чадлаа дайчлан тоглож багш дасгалжуулагч, эцэг эх, хөгжөөн дэмжигчид, ар тал болон ажилласан хүмүүсийн итгэлийг алдалгүй анхныхаа хожлоо авсанд халуун баяр хүргэе.
Эх сурвалж: МХБХ