Цэцэрлэгийн барилгаа нэхсэн хүүхдүүд жагслаа

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн барилгаа нэхсэн хүүхдүүд жагслаа

Цэцэрлэгийн барилгаа нэхсэн хүүхдүүд жагслаа

10 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эх, багш нарынхаа хамт

10 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эх, багш нарынхаа хамтаар нурсан барилгынхаа гадна өнөөдөр /2017.11.09/ жагслаа. Тэд шинэ цэцэрлэгээ дөрвөн жил хоног тоолон хүлээснээ ярьж, УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж буй ийм үед эрх баригчдаас 2013 онд актлагдсан барилгыг шинээр барих асуудлыг  нухацтай эргэж харахыг хүссэн юм.


-Хасах таван градусын хүйтэнд гадаа удаан зогсох нь хүүхдэд байтугай том хүнд чанга байна. Гэвч 10 дугаар тусгай цэцэрлэгийн 2-6 настай хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болохын тулд хүйтнийг үл ажран томчуудтайгаа хамт дуу хоолойгоо хүргэж зогсоно. Тэдний нэг бол Г.Эгэл-Үжин.

Г.Эгэл-Үжин ээжийн хамтаар

Тэрбээр дөрвөн настай. Энэ хичээлийн жилээс эхлэн 10 дугаар тусгай цэцэрлэгт явж эхэлжээ. Харахад эрүүл саруул юм шиг боловч түүний тархи усжин зогсож, алхаж, ярьж чаддаггүй болсон байна. Тиймээс үеийнхнээсээ хэл яриа, хөдөлгөөний хөгжил нь хоцорсон Г.Эгэл-Үжин улсдаа ганц байдаг 10 дугаар тусгай цэцэрлэгийг сонгожээ. Өнгөрсөн жилүүдэд тус цэцэрлэгт хамрагдах гээд хөөцөлддөг ч орон тоо байхгүй, хүүхдийн тоо гүйцсэн шалтгаанаар хүүхдээ өгч чаддаггүй байснаа охины ээж Оюун-Эрдэнэ ярилаа. Түүний хэлснээр, Г.Эгэл-Үжин байнгын асаргаатай байж, хэл, яриа, хөдөлгөөний сэргээн засах эмчилгээ, дасгал сургуулилтыг тогтмол хийсээр байвал эдгэх боломж бий аж.  

Б.Анар зургаан настай

Харин энэ бол Б.Анар. Тэрбээр зургаан нас хүрсэн хэдий ч цэцэрлэгийнх нь багш нар шиг асарч тойглоод явах сургууль байхгүй болохоор сургуульд суугаагүй юм. Тав дахь жилдээ 10 дугаар тусгай цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй. Дөрвөн жилийн өмнө нурж унасан цэцэрлэг нь шинээр баригдаад ашиглалтад орвол Б.Анар цэцэрлэг, сургуульгүй болно гэж айхгүй. Багш нар нь ч цаашид түүнд шаардлагатай эмчилгээ, сувилгааг нь хийгээд явах боломжтой гэдгээ хэлсэн. Тэдний нэг бол Анарын ангийн багш Б.Оюунчимэг. Тэрбээр Б.Анараас гадна 19 хүүхэдтэй ажилладаг. 2013 оны гуравдугаар сард цэцэрлэгийн барилга нь актлагдаж “Өнөр бүл” асрамжийн төвийн 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүрт үйл ажиллагаа явуулах болжээ. Давчуу орчинд олуулаа бужигнах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүнд тусдаг байна. Учир нь, эдгээр хүүхдүүд эрүүл хүүхэдтэй харьцуулахад дархлаа сул, өвдөх эрсдэл өндөртэй аж. Тиймээс яаралтай өөрсдийн шинэ барилгатай болмоор буйгаа Б.Оюунчимэг багш тайлбарлав.

10 дугаар тусгай цэцэрлэгийн багш Б.Оюунчимэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулсан улсдаа ганц байдаг 10 дугаар тусгай цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын харьяанд байгаа  ч саяхнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам руу шилжүүлэх яриа гарчээ. Гэхдээ одоог хүртэл шилжүүлэг нь албажаагүй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын харьяанд байх үед тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төслөө 2014 онд гаргаж баталгаажуулжээ. Удалгүй БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгон өөрчилж, өөрийн харьяандаа авахаар болжээ. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Харин ирэх оны төсвөөс 2.5 тэрбум төгрөг гаргаж, 10 дугаар тусгай цэцэрлэгийн шинэ барилгыг 120 биш 250 хүүхдийн багтаамжтай барих саналыг салбарын яам нь гаргажээ. Энэ саналыг 10 дугаар цэцэрлэгийн багш, удирдлагууд эсэргүүцэж өнөөдөр ийнхүү нурсан барилгынхаа гадна жагслаа. Хуучин барилгынх нь талбайд 250 хүүхэд багтах боломжгүйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, сувилан, сургах олон улсын стандартад нийцсэн тохижилттой цэцэрлэгийг барихад 5.3 тэрбум төгрөг шаардлагатайг санууллаа.

Цэцэрлэгийнх нь хуучин барилга ашиглалтаас гарах үед 10 дугаар тусгай цэцэрлэгийнхэн шууд хаалга барьж болохгүй гэдгээ тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад учирлажээ. Ингээд 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн өрөөнд цэцэрлэгийн шинэ барилгатай болтлоо үйл ажиллагаа явуулах боломжийг олгожээ.  Ингээд өнгөрсөн  хугацаанд “Өнөр бүл” төвийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж