АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригт БНСУ-ын парламентад үг хэлснээс хойш хэдхэн цагийн дараа Хятадад очжээ. Парламентад хэлсэн үгэндээ Дональд Трамп Хятадыг Хойд Солонгосоос харилцаагаа бүрэн таслахыг уриалсан юм. Цагаан ордны эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход Хятад гол үүрэг гүйцэтгэнэ үзэж байгаа боловч Бээжин цөмийн хөтөлбөрийн эсрэг хангалттай хүчин чармайлт гаргаж байгаа гэжээ.
Хятадын дарга Си Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг дээд зэргээр хүлээн авсан байна. Айлчлалын өмнө Дональд Трамп Си Жиньпинийг магтаалаар булах шахаж, улс төрийн агуу ялалт байгуулсан ерөнхийлөгчтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа мэдэгдсэн. Си Жиньпин аравдугаар сард болсон ХКН-ын IX их хурлаар хоёр дахь таван жилийн бүрэн эрхээ баталгаажуулж, Хятадын номер нэг хүн болсон билээ. Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланья нарыг Бээжинд онгоцноос буухад улаан хивс дэвсэн, цэргүүд жагсан, хүүхдүүд цэцэг барин угтаж авчээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама бүрэн эрхийн хугацааг дуусахын өмнө Хятадад айлчлах үед түүнийг улаан хивсгүй угтаж авч байсан гэнэ. Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланья нар олон зууны турш Хятадын эзэн хаадын өргөө байсан Хориотой хотод зочилж, үндэсний дуурь үзэж сонирхсон байна. Энэ үеэр Дональд Трампын зээ охин Хятадын даргад зориулж мандарин хэлээр дуу дуулж өгсөн тухай Хятадын хэвлэлүүдээр бичсэн байна. Айлчлалын эхний өдрийн орой АНУ-ын ерөнхийлөгч дээд зэргээр хүндэтгэн хүлээж авсан Хятадын дарга Си Жиньпин болон хатагтай Пэн Ли Юань нарт талархсанаа твиттер хуудсандаа бичсэн байна.
Олон улсын хэвлэлүүдэд дэлхийн хүчирхэг хоёр гүрний удирдагчдын Бээжин дэх уулзалтын тухай бичихдээ Дональд Трампыг улс төрийн явуургүй бодлогоос болж нутагтаа рейтинг нь унасан гэсэн бол Си Жиньпинийг Мао Зэдунаас хойших Хятадын төдийгүй олон улсын тавцан дахь хамгийн нөлөө бүхий удирдагч болсон гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийг арилгах, хоёр орны худалдааны алдагдлыг бууруулах гэх мэт олон асуудлыг Хятадын айлчлалын үеэр шийдэхийг зорьж байгаа юм. Харин Хятад хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх ганц зорилготой. Хятадын төрийн төв хэвлэлд энэ айлчлалын дүнд хоёр орны харилцаанд түүхэнд шинэ үеийг эхлүүлэх өргөн хүрээтэй хамтын ажиллагаанд суурилсан чухал ач холбогдолтой хэмээн бичжээ.
Хойд Солонгосын талаар юу хэлэв ?
Бээжинд очихоос хэдхэн цагийн өмнө Дональд Трамп Сөүлд айлчилж байхдаа Хойд Солонгосыг ямар ч хүн амьдрах аргагүй там шиг хэмээн зүйрлэсэн. Хойд Солонгос есдүгээр сард өмнөх туршилтуудаас хүчин чадлын хувьд илүү аюултай цөмийн пуужин туршсан нь олон улсын хэмжээнд түгшүүрийн дохио болсон юм. Ази дахь айлчлалынхаа өмнө Дональд Трампт Хойд Солонгосын тухай ярихдаа “амаа мэдэж байхыг” тус улсын төв мэдээллийн хэрэгслээр анхааруулсан юм. Гэвч Дональд Трамп Хойд Солонгост анхааруулахаа зогссонгүй. БНСУ-д айлчлах үедээ Хойд Солонгост “Биднийг бүү басамжил, бүү оролдоорой” хэмээн анхааруулсан.
Дональд Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ татгалзахад ОХУ, Хятад чухал үүрэгтэй хэмээн онцолж, тус улсын эсрэг тавьсан хоригийг хэрэгжүүлж, худалдаа, технологийн бүх харилцаагаа таслахыг уриалж байгаа юм.
Дональд Трамп Хятад, ОХУ-д Хойд Солонгосыг бүү дэмж, бүү тусал, юу ч битгий худалд, юу ч битгий ав” гэжээ. АНУ Хятадыг Хойд Солонгосын худалдааны хамгийн том түнш гэж харддаг юм.
АНУ-Хятадын эсрэгцэл
Си Жиньпиний улс төрийн амжилтад баяр хүргэснийг эс тооцвол Дональд Трамп Хятадыг хайр найргүй шүүмжлэгч юм. Хятадын АНУ-тай хийх худалдаанд өөрийн компаниудад шударга бусаар давуу тал олгож ирсэн гэж буруутгаж байв. Сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп Бээжинг ам.долларын ханшийг унагаж, америкчуудын ажлын байрыг булаасан гэж шүүмжилсэн билээ. Хятад дахь айлчлалын үеэр Трамп хоёр орны худалдааны алдагдлыг бууруулахыг хичээж байгаа юм. Трампыг дагалдан яваа АНУ-ын бизнесменүүд Хятадын компаниудтай есөн тэрбум ам.долларын гэрээ байгуулаад байгаа гэнэ.
Трампыг Хятадад айлчилж байгаа энэ үед хамгийн дуртай цахим индэр болсон твиттертээ жиргэж чадах эсэх талаар олон хүн сонирхсон. Учир нь твиттер сүлжээ Хятадад хориотой билээ. Цагаан ордны төлөөлөгч ‘ерөнхийлөгч дуртай үедээ жиргэх болно” хэмээн хүмүүсийн эргэлзээг тайлжээ.
Ази дахь 12 хоногийн айлчлалын хүрээнд таван оронд айлчлах бөгөөд Хятад дахь айлчлалын дараа Вьетнам, Филиппинд айлчлах юм.