Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг ‘Шөнийн зах’ худалдааны төвд доторх ‘Хаан’ банкны салбарт галт зэвсэгтэй этгээдүүд дайран орсон хэрэг өчигдөр /2017.11.08/ оройн 19.20 цагт гарсан. Гэмт этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд тэднийг өнөөдөр /2017.11.09/ 11.00 цагийн орчимд цагдаагийнхан нийслэл хотоос баривчилжээ. Тэд 17-19 насны арван жилийн сурагчид байв.
Тэднийг гэр бүлийнхэн болон өмгөөлөгчийн хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байцааж байна. Гэмт этгээдүүд сонирхол нэгтэй найзууд байсан бөгөөд нэг найзад нь мөнгөний хэрэгцээ гарсан тул ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлжээ. Мөн насанд хүрээгүй тул ажил олдохгүй, үүнээс өөр мөнгө олох арга байхгүй байсан гэж мэдүүлэгтээ дурдсан байна.
Тэдний ашигласан галт зэвсэг нь тоглоомон галт зэвсэг байсан бөгөөд Сандэй плазагаас худалдан авсан гэв. Улмаар ‘Хаан’ банкинд дайрч орох үедээ хоёр нь галт зэвсэг барин дотогш нэвтэрч орсон бол нэг нь гадаа хүн хараад зогсч байсан тухайгаа мэдүүлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар дээрмийн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.