Трампын Азийн айлчлалын сонин хачин

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Трампын Азийн айлчлалын сонин хачин

Трампын Азийн айлчлалын сонин хачин

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хөгжлийг тэргүүлж буй Ази тивд анхны албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна. Тэрбээр Япон улсаас айлчлалаа эхлүүлж, Өмнөд Солонгост хоёр хоноод Хятадыг зорилоо. 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Pikotaro буюу Даимаоу Косака

Трампын Токио дахь айлчлалын хөтөлбөрт “Pikotaro”-тай уулзах цаг багтсан байв. Учир нь, Трампын айлчлалд илүү найрсаг, эерэг уур амьсгал нэмэхийн тулд Шинзо Абэ дээрх шийдвэрийг гаргасан аж. “Pikotaro” буюу Даимаоу Косака нь дэлхий нийтийг шуугиулж, гайхашруулж, бас заримынх нь дургүйг хүргээд амжсан “Pen-Pineapple-Apple-Pen” дууг зохион дуулсан юм. Трамп Токиогийн баруун хэсэгт байрлах АНУ-ын агаарын цэргийн бааз ‘Yokota Air Base’-тэй танилцах үеэр хийсэн мэдэгдэлдээ “Азийн эрх баригчидтай уулзаж бүсийн эрх чөлөө, чөлөөт худалдааны асуудлыг хэлэлцэнэ” гэдгээ онцолсон. Мөн Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудал хурцадмал байгаа энэ үед АНУ-ын цэргийн хүчний нөөц бололцоонд бат итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй оройн зоог барьж, хоёр улсын харилцаа улам нягт гүнзгийрч байгааг онцолжээ.

 БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон И Ён Со

Сөүлд хоёр хонохдоо тэрбээр Азийн хоёр гол холбоотон Өмнөд Солонгос, Япон улсын хооронд маргаантай зарим асуудалд “тоомжиргүй” ханджээ. Тухайлбал, Дональд Трамп дэлхийн II дайны үед япон цэргүүдэд “зугаацуулагч эмэгтэй” гэх нэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хүлээн авч уулзсан нь Токиогийн дургүйцлийг төрүүлжээ. Трампад зориулсан төрийн оройн зоогийн дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хохирогч настанг Хөх ордонд урьж авчирсан аж. Өдгөө 88 настай И Ён Со нь японы түрэмгийллийн үед бэлгийн боолчлолд өртсөн олон мянган эмэгтэйчүүдийн нэг юм. Үүний дараа Японы парламентын спикер 2015 онд Сөүлтэй “зугаацуулагч эмэгтэйчүүдийн” асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэдгийг тодотгожээ.

Докто арлын орчмоос барьсан далайн амьтнаар бэлтгэсэн зоог

Үүний зэрэгцээ оройн зоогт Японтой газар нутгийн маргаантай Докто арлын орчмоос барьсан далайн амьтнаар зоог бэлтгэсэн байв. Өмнөд Солонгосын талаас Трампад барьсан зоогоороо дамжуулан Докто арлыг өөрийн эзэмшлийн гэдгийг нотлохыг хичээжээ. Энэ талаар Японы өдөр тутмын Санкэй шимбун сонинд “Японы эсрэг” оройн зоогоороо Сөүлийн Засгийн газар хоёр орны маргаантай асуудал, харилцаанд хүйтэн ус цацлаа хэмээн мэдээлэв. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Чон Ва Дэ тайлбарлахдаа Трамп Япон улсад эхэлж айлчилсан учраас дээрх асуудалд анхаарлыг хандуулсан гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Үндэсний ассамблейд илтгэл тавив

Трампын 35 минут үргэлжилсэн илтгэлийн үеэр Өмнөд Солонгосын хууль тогтоогчид 22 удаа алга ташсан байна. Тэрбээр Өмнөд Солонгосыг ардчиллыг өлгийдөн авч, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж байгааг сайшаажээ. Трамп Өмнөд Солонгосын үндэсний ассамблейд тавьсан илтгэлдээ Хойд Солонгост сануулга хэлсэн ч хандлага нь зөөлөрсөн нь ажиглагджээ. Мөн тэрбээр Хойд Солонгосыг албадан хөдөлмөр эрхлэлт, өлсгөлөн, бэлгийн мөлжлөг, аллага, эрүү шүүлт болдог тамын орон гэж мэдэгдсэн байна. Трамп Пхеньяныг Өмнөд Солонгосын хөлөг онгоц руу довтолж, Отто Вармбиэр оюутны аминд хүрсэнд буруутгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-д айлчлах үеэр

Трампыг Сөүлд айлчлах үеэр АНУ-аас нисэх онгоц тээвэрлэгч дэлхийн хамгийн том гурван хөлгөө хойг руу илгээж, стратегийн бөмбөгдөгч онгоцоор эргүүлдсэн юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жинпин

Сөүлд хоёр хоносны дараа Дональд Трамп Хятад руу нисчээ. Тэрбээр Хятадтай худалдаа наймааны харилцааг хэлэлцэхэд анхаарлаа хандуулсан аж. Түүнийг Бээжинд хөл тавихаас өмнө “Трампын Хятад дахь айлчлал” хаштаг хайлт хоёр сая хандалтыг авчээ. Айлчлалын талаар Трамп цагаан хэрэмд очих уу, АНУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт зэргийг хятадууд хамгийн ихээр сонирхсон нь интернэт хайлтаар илэрчээ. Бээжингийн удирдлагууд Трампад зориулан төрийн айлчлалын хөтөлбөрөөс гадна Хятадын илүү ойлгоход туслах түүх, соёлын хөтөлбөрийг багтаасан аж. Трамп Хятадын дарга Си Жинпинтэй Хориотой хотод уулзахдаа АНУ-ын ашиг сонирхолд хохирол учруулж буй шударга бус худалдааны гэрээ хэлцлийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Хятад улс нь Хойд Солонгосын ойрын холбоотон орон тул Трампын гадаад бодлогод энэ айлчлал өндөр ач холбогдолтой. АНУ-аас шахалт үзүүлснээр Хятад улс Хойд Солонгосоос нүүрсний импортыг танасан юм. Трамп “Хэрэв бид Хятадыг талдаа оруулж чадвал Оросыг ч оруулж чадна” хэмээн мэдэгджээ. Трамп Бээжинд айлчлах үеэрээ “St. Regis Hotel” зочид буудалд үдлэх аж. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж