У.Хүрэлсүх намын дарга болвол Д.Амарбаясгаланг улираах уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх намын дарга болвол Д.Амарбаясгаланг улираах уу?

У.Хүрэлсүх намын дарга болвол Д.Амарбаясгаланг улираах уу?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

МАН-ын 28-р их хурал арваннэгдүгээр сарын 20, 21-нд болно. Энэ их хурал МАН-ын ирээдүйн хувь заяаг тодорхойлох чухал ач холбогдолтой.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ялагдлаа хүлээж, МАН-ын одоогийн удирдлага болох намын дарга М.Энхболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ажлаа өгөх ёстой. Намын даргад өрсөлдөгчид нэгэнт тодорхой болсон. Нэг хэсэг нь өөрсдийгөө нэр дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь шууд утгаараа намын даргад нэр дэвших хүмүүс ч бий.

Тэгвэл МАН гэх айлын гал тогоог хэн барих вэ гэдэг бас л анхаарлын төвд буй сэдэв. Намын дарга хэн болохоос энэ айлын гал тогоог барих хүн тодорхойлогдоно. МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33-ын бүлгээс өрсөлдөнө. Хэрэв У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол одоогийн генсекийг авч үлдэнэ гэдгээ ойрын хүрээнийхэндээ дуулгажээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх болж чадвал намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг солихгүй байх тохироо хийсэн гэх. Мэдээж, 33-ын бүлэгт Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Н.Учрал гэх мэт генсекийн суудалд “санаархагчид” олон бий. Тэдний зарим нь бүр ч том амбицтай гэх бор шувуу ч улс төрийн хүрээнд нисч явна. 

Харин 32-ын бүлгээс хамгийн боломжтой хувилбар бол С.Бямбацогт Тус бүлгээс намын даргад Ж.Эрдэнэбатыг ч дэвшүүлэхээр яригдаж байгаа. Гэхдээ энэ бүлэгт намын дарга болон намын генсект өрсөлдөх “тулаан” дуусаагүй сурагтай. Намын даргад Ж.Эрдэнэбат өөрөө өрсөлдөх сонирхол багатай байгаа учраас С.Бямбацогтыг ч түүний оронд зүтгүүлэх боломж нь бий, 32-ын бүлэгт. Тэдний хажуугаар өөрийн хүсэлтээр өрсөлдөж байгаа хүн бол ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат гэх. Ерөнхий сайдтайгаа ана мана үзэж, чуулган, байнгын хорооны хурал дээр ч хатуухан үг хаяад байгааг нь намын дарга эсвэл генсек болох хүслээ илэрхийлж буйн шинж гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй.

МАН-ын өрсөлдөгчдийн аль аль талд нь боломжит хувилбарууд бий. Энэ мэт нам дотор, тэр дундаа МАН-ын хоёр бүлэг доторх нэрс ийн дуулдаж байна. Ирэх өдрүүдийн улс төрийн төдийгүй нийгмийн дунд хүлээлт үүсгэсэн улстөр бол яах аргагүй МАН-ын их хурал, МАН-ыг ирэх өдрүүдэд хэн удирдахаас бүх зүйл шалтгаална. Их хурал хүртэл зай ч байна, улс төрийн шинэ шинэ, төлөвлөгдөөгүй нүүдэл МАН-ын “том”-чуудын толгойд олон байгаа байх шүү. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж