Нийслэл хот засаглалын хямралд бүрэн орлоо

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Нийслэл хот засаглалын хямралд бүрэн орлоо

Нийслэл хот засаглалын хямралд бүрэн орлоо

 

НИТХ шинэ даргатай болсноос хойш хуралдаж чадахгүй, хэд хэдэн удаа хойшилсны эцэст НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан өнгөрсөн аравдугаар сарын 30-нд болсон. Гэхдээ энэ хуралдаанаар юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргасан бэ гэхээс илүү хүчин төгөлдөр байсан уу гэдэг өнөөдөр анхаарал татаж буй. Учир нь, НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Батсайхан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны аравдугаар сарын 20-ний өдрийн 134 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” хүсэлтээ хуулийн байгууллагад өгсөн. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн дотор давж заалдан эцсийн шийдвэр гарах хүртэл НИТХ-ын 12 дугаар хуралдаан хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн үг юм.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн аравдугаар сарын 20-ний өдрийн хуралдаанд НИТХ-ын дарга С.Амарсайханаас гадна дөрвөн Тэргүүлэгчтэйгээр хуралдаж шийдвэр гаргасан. НИТХ-ын Тэргүүлэгч нь МАН-ын есөн гишүүнээс бүрддэг бөгөөд таваас дээш тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, Тэргүүлэгч Ж.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэхийг шалгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Хэрэв Захиргааны хэргийн шүүхээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болон түүнээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзвэл НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан ч хүчин төгөлдөр бус болох юм.

Үүнээс гадна, НИТХ-ын 12-р хуралдаан хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх бас нэг шалтгаан бий. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдууна” гэж заасан байдаг. Гэтэл НИТХ-ын ээлжит хуралдааныг аравдугаар сарын 20-ны өдрийн 134-р тогтоолоор арав хоногийн дараа буюу аравдугаар сарын 30-нд хуралдуулахаар зарласан нь нэгжийн тухай хуулиар тогтоосон 15-аас доошгүй хоногийн өмнө зарлах заалтыг зөрчсөн байгаа юм. Анхнаасаа шийдвэр гаргасан хурал нь хүчин төгөлдөр бус, гаргасан шийдвэр нь ч хууль зөрчсөн учраас ийнхүү НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан хүчин төгөлдөр байж чадах уу гэдэг эргэлзээг төрүүлж буй. 

НИТХ уг нь шинэ даргатай болж, ажлаа шуурхайлах ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл НИТХ дахь МАН-ын гаргасан шийдвэр, хийж буй үйлдлийг нь бүлгийнх нь гишүүд өөрсдөө эсэргүүцэж,  шүүхийн хаалга татах дээрээ тулсан нь НИТХ дахь МАН-ын бүлэг дотооддоо эв зүйгээ олж чадахгүй байгааг нь илтгэнэ. Нийслэлийн удирдлагуудын ажлыг шалгасан цас орж хаа сайгүй халтиргаа, гулгаа, өвөлжилтийн бэлтгэл хангагдсан эсэх гээд өвөл аль хэдийнэ хаяанд ирснийг сануулаад байхад л НИТХ-аа ч хуралдуулж чадахгүй зөрчилдсөөр байна. Цаашид, энэ байдлаар хотыг удирдвал нийслэл хот засаглалын хямралд бүрэн орж, хотын ажил үнэхээр дампуурлын ирмэгт ирэх нь. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж