А.Болормаа: Эстрадын урлагийг сонгосон болохоор хоолойгоо албаар эвдсэн

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

А.Болормаа: Эстрадын урлагийг сонгосон болохоор хоолойгоо албаар эвдсэн

А.Болормаа: Эстрадын урлагийг сонгосон болохоор хоолойгоо албаар эвдсэн

Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны бодлого, Зэвсэгт Хүчний зорилт, үйл ажиллагааг соёлын арга хэмжээгээр дамжуулж цэргийн хүрээний анги нэгтгэл, ард иргэдэд хүргэн сурталчилж, цэргийн соёл урлагийг бүхий л талаар дэмжин хөгжүүлж буй Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулган /ЦДБЭЧ/ 85 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд бид гочлол дуучин, дэд ахлагч А.Болормаатай ярилцлаа 

-Таны дуулахыг сонсож байхад ийм жаахан биеэс яаж тийм хүчтэй хоолой гардаг юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог. Таны хоолойны тембэр хүчтэй, ховорт тооцогддог уу?

-Эмэгтэй дуучдын хоолойг ерөнхийд нь альто, мэццо сопрано, сопрано, нарийн сопрано гэж ангилдаг. Миний хоолой нарийн сопранод тооцогддог. Үүн дээрээ хархирах техник ашиглаж дуулдаг болохоор танд хүчтэй сонсогдож байгаа хэрэг. Эстрадын дуучид дунд энэ техникийг ашигладаг дуучин олон байдаг. Соёл, урлагийн их сургуульд анх элсэж ороход миний хоолойг нарийн сопрано гэж тодорхойлсон. Жиргэдэг сопрано ч гэж ярьдаг. Одоо бол тэр хэмжээнд хүрдэггүй. Дуурийн дуучны замаар явсан бол тэр хоолойгоо тогтоох л байсан байх. Эстрадын урлагийг сонгосон болохоор хоолойгоо бараг албаар эвдсэн дээ.

-Монголчууд хоолойны цар хүрээ төрсөн нутаг устай холбоотой гэж үздэг. Дундговийг дуу хуурын өлгий нутаг гэж иргэд ярьдаг шүү дээ. Нутгийн иргэд нь ч үүнийгээ нотолчихсон. Харин та аль нутгийнх вэ?

-Аав маань Төв аймаг, ээж маань Өвөрхангай аймагт төрсөн. Таны хэлсэнтэй санал нэгдэнэ. Гэхдээ бас заавал тийм байх ч албагүй. Зарим хүмүүс удам дагадаг ч гэж ярьцгаадаг. Манай удамд мэргэжлийн дуучин байхгүй ч аав ээж хоёрт минь орцны дуучин, гитарчин явсан залуу цагийн дурсамж бий. Би багадаа ч нэг их дуулдаг байгаагүй. Долдугаар ангидаа сургуулийн найрал дууны хэсэгт санамсаргүй багтаж, улмаар дуу хөгжмийн багштайгаа танилцсан билээ. Ингээд дуу дуулах дуртай болж, ёочин, төгөлдөр хуур тоглож сурсан. Төгсөх ангидаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ‘Дуун жигүүртэй сурагч нас’ бие даасан тоглолтоо хийж байлаа. Тухайн үед тайлан тоглолтыг маань ардын жүжигчин Г.Хайдав багш үзсэн байдаг. Г.Хайдав багш дуурийн дуучин болох хүсэлтэй бол төгсөөд надтай ирж уулзаарай гэж хэлж байсан санагдаж байна. Гэхдээ миний сонирхол, хүсэл, мөрөөдөл биш байсан тул би эстрадын дуу дуулаачийн ангид шалгалт өгч, СУИС-д элссэн. 

-Эстрадын дуу дуулаачийн ангид суралцаж байсан гэлээ. Чухам яаж яваад Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганыг дуучин болсон бэ?

Сургуулиа төгсөөд би ‘Acapella’, ‘Нөлөө’ зэрэг хамтлагт дуучнаар ажиллаж эхэлсэн. Харин Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулган хэмээх энэ нэр хүндтэй газартай санамсаргүй байдлаар танилцсан түүхтэй.  Нэг өдөр ангийн найз н.Түвшинжаргал Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд эстрадын дуучин байхгүй гэдгийг учирлаж, улмаар намайг чуулганд шалгуулаад үзээч хэмээн ятгасан. Тухайн үед би Зэвсэгт хүчний байгууллагад урлагийн газар бий гэдгийг огт мэддэггүй байлаа. Энэ үед ээж маань намайг “Universe best songs”  тэмцээнд оролцох хэрэгтэй хэмээн их зөвлөдөг байв.  Ингээд би ээждээ дууны тэмцээнд орохгүй, харин Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд шалгалт өгч үзье гэхэд ээж маань ихэд баярлаж билээ. Энэ цагаас хойш ээж маань дууны тэмцээний талаар огтхон ч дурсахаа больсон. 

-Цэргийн дуу бүжгийн чуулган босго өндөр газар шүү дээ?

-Тийм ээ. Амар байгаагүй. олон шалгуур давж байж, чуулганаар овоглох эрхтэй болсон. Тавантолгой, хөдөө орон нутгийн анги, байгууллага гээд олон газарт дуулуулдаг хэрнээ тодорхой шийдтэй хариу өгдөггүй байлаа. Мөн бие жижиг байсан болохоор ихэвчлэн гологдоно. Цэргийн байгууллага амаргүй юм байна, ёстой бүтэхгүй газар байна гэхчилэн шантрах үе гарч байсан. Нэг өдөр ажилд тэнцлээ гэсэн мэдээ сонсоод маш их баярлаж билээ. 

-Таалагддаггүй зүйл байдаг байсан уу?

-Бид тоглолтоо хөдөө, гадаа, халуун, хүйтэн гээд хаана бол хаана л хийдэг. Хэцүү байдаг ч хамгийн сайхан нь хамт олон гэж бодогддог. Зааж, зөвлөж, түшиж, тулах хүмүүс дэргэд байхад ямар ч бэрхшээлийг даваад гардаг юм байна лээ. 

-Та Чингис хаан хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан ‘Чингисийн баатрууд’ дууг дуулсан. Тэр мөчөөс хойш таныг цэргийн дуу бүжгийн чуулганд шинэ өнгө төрх нэмсэн гэдэг юм байна лээ? 

– Баярлалаа. “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан ахын дуулсан өнгийг өөрчилж өөрийн хоолойд тохируулж дуулсан. Эрэгтэй хүний дуулсан дууг эмэгтэй хүн дуулна гэдэг хэцүү. Тэр хүний дуугаараа илэрхийлсэн баатарлаг хүчирхэг зан чанарыг гаргах гэж чадлаараа хичээсэн. Хоолойгоо шахаж дуулдаг арга маань их тус нэмэр болсон гэж боддог. 

-Цэргийн гэж ‘овоглох’ ямар санагддаг вэ?

-Маш сайхан. Дүрэмт хувцсаа өмсөөд алхах ч бас бахархмаар. Мөн нэр төр, үүрэг хариуцлага чухал. Дэд ахлагч цолтой болоод жил гаруй болж байна. 

-Тайзнаа алдах тохиолдол гардаг уу?

-Байлгүй яахав. Заримдаа дууныхаа үгийг мартана. Тэр үед санаанд орсноороо зохиогоод дуулчихдаг. 

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажилдаа ирээд нэгдэнэ. Дараагаар нь, дасгал сургуулилт, тоглолт, байгууллагын дотоод ажил гэсээр байтал ажлын цаг өнгөрчихдөг. Ажлаа тараад хүүхдээ сургуулиас нь авна. Заримдаа хувийн болон ажлын тоглолттой үедээ оройтож тарах үе бий. 

Эх сурвалж: ЦДБЭЧ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж