“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ долоо хоногт Эрчим хүчний яамыг онцолж байна.
Аваарын нөөц бэлтгэхэд санхүү шаардлагатай
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн даваа гаригт /2017.11.06/ “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан байна. Одоогоор нийт 25 зуух, 21 турбин ажиллаж байгаа бөгөөд 17 зуух, 5 турбины бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
2017-2018 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээнд “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК болон Амгалан дулааны станц ажиллаж байна. Эдгээр станцыг өвөлд бэлтгэх ажил арваннэгдүгээр сарын 30 гэхэд дуусах аж. Станцуудын гол түүхий эд болох нүүрсийг хэвийн хэмжээнд нөөцөлжээ. Гэвч шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор цахилгаан ачааллын өсөлт төлөвлөснөөс илүү нэмэгдэх магадлалтай тул аваарын нөөц бүрдүүлэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгааг станцын удирдлагууд сануулав.
Цахилгааны хөнгөлөлт үзүүлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 50-100 хувь хөнгөлөх шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлтөд 130 мянга 580 айл хамрагдахаас 128 мянга 509 нь 100 хувийн хөнгөлөлт эдлэх бол 2071 айл 50 хувийн хөнгөлөлт эдлэх юм.
Тарифын хөнгөлөлт үзүүлснээр гэр хорооллын хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт өмнөх онд 17 хувиар нэмэгдсэн байна. Гэр хорооллын хэрэглэгч нэмэгдэж байгаа тул их тойруу 110 кВ-ын шугамаас холбогдсон дэд станцуудад ачаалагдах магадлалтай шугамуудыг шилжүүлж, хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.
Цаашдаа ачааллаас улбаатай тоноглолын гэмтлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор трансформаторын чадал томруулах, шугамын гаргалгааны хөндлөн огтлол нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Т.НОМИН