Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Зүүн Африкийн сүйрэл

Зүүн Африкийн улсуудад сүүлийн 60 жил тохиогоогүй ган гачиг нүүрлэж, 10 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэж, үхлийн ирмэгт тулаад байна. Гангийн улмаас Этиоп, Кени, Жибути, Сомали зэрэг улсууд ургац алдаж, усны хомсдолтой тулгарсан тул иргэд нь үй олноороо өлсч, ундаасахын эрхэнд төрөлх улсаа орхин дүрвэсээр байна. НҮБ-ын тайланд тусгаснаар хэдэн мянган иргэд хатаж омголтсон Сомали нутгийг орхиж, завсар зайгүй дүүрсэн дүрвэгсдийн лагерыг зорьжээ. Кенийн Дадааб дүрвэгсдийн лагер нь 90,000 хүний зориулалттай дэлхийн хамгийн том лагер хэдий ч, одоо тэнд 380,000 гаруй хүн байгаа аж.

Бороо хур татарч, ган гачиг нүүрлэсэн энэ үед Африкийн улсуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, бүс нутгуудын хооронд мөргөлдөөн үүсэх нь энүүхэнд болоод байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа бас нэгэн шалтгаан юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Африкийн улсуудад хур борооны жилийн дундаж хэмжээ огцом буурч, ялангуяа сүүлийн жилүүдэд хуурайшилт ихээр үүсч байгаа нь цаашид хүн амьдрах нөхцөл үгүй болж болох түгшүүрийг мэргэжилтнүүдэд төрүүлж байна.

Сомалид байнга шахуу үүсч буй иргэний дайн, зөрчил мөргөлдөөнүүд нийт 2,5 сая сая хүн амыг хамарч, хурцамдмал байдал үүсгэсэн нь засгийн газрын хүч чадлаас давсан хэрэг болж, олон улсын тусламж дэмжлэгүүдийг хүргэх замыг боогдуулж байгаа юм. 2009 онд Аль Кайдатай холбоотой Аль Шабаб бүлэглэл олон улсын тусламжийн байгууллагуудыг Сомалид нэвтрэхийг хориглоод байсан ч, өнгөрсөн мягмар гаригаас эхлэн ганд өртсөн газар нутгуудад гадны тусламжийн байгууллагуудыг нэвтрэхийг зөвшөөрсөн явдал нь нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг харуулах тод жишээ юм. Одоогийн байдлаар Дэлхийн хүнсний хөтөлбөрийн шугамаар зургаан сая иргэнд хүнсний тусламжийг хүргээд байгаа ба ирэх саруудад тусламжийн хэмжээ нэмэгдэх ажээ.

НҮБ-ын Хүүхдийн ивээх сан, Оксфам зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд хандив цуглуулах ажлыг эхлүүлээд байгаа ч, Африкт үүссэн нөхцөл байдлыг олон улсын байгууллагууд, донор орнууд анхаарлынхаа төвд авч үзэхгүй байгаа нь шүүмжлүүштэй хэрэг гэж НҮБ-аас үзэж байгаа бололтой.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж