Ази дахь өргөн хүрээтэй айлчлалын хүрээнд өнөөдөр Хятадад бууж буй Д.Трампыг дагалдан яваа АНУ-ын компаниуд тус улсын компаниудтай худалдааны олон арван гэрээ байгуулахаар төлөвлөж байна. АНУ-Хятадын компаниудын хооронд худалдааны гэрээ байгуулж, хоёр орны худалдааны алдагдлыг бууруулах нь Д.Трампын айлчлалын гол зорилго юм. Хоёр орны гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг өөрчлөх тухайд Хятадын байр суурь өөр гэнэ.
Хятад хоёр орны өргөн хүрээтэй эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, АНУ-аас аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эрчим хүч илүү ихийг худалдаж авах сонирхолтой байгаа юм. Хятад өндөр технологийн бүтээгдэхүүн ихээр импортлох сонирхолтой байгаа боловч АНУ энэ төрлийн бүтээгдэхүүний экспортод хязгаар тогтоосон. Хэрэв АНУ өндөр технологийн бүтээгдэхүүн Хятадад ихээр нийлүүлж эхэлвэл худалдааны алдагдал буурна гэж үзэж байгаа юм. Хятад мөн сансар судлал, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл болон ухаалаг хот байгуулах, тогтвортой хөгжлийн салбарт АНУ-тай хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа явуулах сонирхолтой байгаа боловч АНУ болон Европын холбоо технологио алдахаас эмээж, төрийн өмчит аж үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахаас дөлж байгаа юм.
Хятадын дарга Си Жиньпин дөрөвдүгээр сард Д.Трамптай уулзахдаа Азийг Африктай холбох зорилготой дэд бүтэц, худалдааны асар том амбицтай “Бүс ба зам” төсөлд АНУ-ыг нэгдэхийг уриалсан. Хятадын засгийн газрын дэмжлэгтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дэлхийн 80 гаруй орныг энэхүү төсөлд оруулахаар ятгаж чадсан. Харин АНУ болон Япон энэ төсөлд оролцохоос татгалзаж байгаа юм.
Н.Энхтуяа