Хятадын археологичид 700 жилийн тэртээх Чингис хааны алтан ургийн байлдан дагуулагчдын хөлөг онгоцны үлдэгдэл дотроос алт, хүрэл эдлэл хэрэглэл олжээ. Ойролцоогоор 21 метр урт эртний дайчдын хөлөг онгоцноос 100 шахам алт, төмөр, хүрэл зэр зэвсэг, хаш, шаазан болон шавар эдлэл хэрэглэл олдсон нь 1271-1368 оны үед хамаарах эртний нүүдэлчдийн гар урлал, соёлын талаар таавар мэт байсан олон асуултад хариулт болж байгаа гэнэ.
Монголын эзэнт гүрний ноёрхолд байсан энэ үе нь Хятадын уламжлалт гар урлал, соёлын хувьд сэргэн мандалтын үе байсан гэж тодорхойлдог юм. Монголын байлдан дагуулагчдын хөлөг онгоцны үлдэгдлээс олсон эд өлгийн зүйлс дунд тухайн үед Хятадад түгээмэл байсан гар урлалын хэв маяг, луу, галт шувууны дүр дүрслэл их байгаа гэнэ.
Далайн ёроолд хэдэн зуун жил элс, шаварт дарагдсан энэхүү хөлөг онгоцыг эрт үед холын аян дайнд явахад хэрэглэж байсан ба их биеийг нь ямар нэгэн зүйл мөргөснөөс болж живсэн гэж таамаглаж байна. Ийм таамаг дэвшүүлсэн нь хөлгийн эргэн тойронд болон их биед цууралт, ангархай үүссэн байсантай холбоотой ажээ.
Хөлөгт юу тохиолдсоныг тогтоож чадаагүй боловч хөлөг сүйрсэн газраас эртний хүний үлдэгдэл олоогүй гэнэ. Хөлөг 12 тасалгаатай байснаас гадна хөлгийн ахмадын тавцан дээрээс хүжний суурь мөн чулуун дарь эхийн баримал олджээ. Хөлгийн гал тогооны хэсгээс төмөр тогоо, зуух олдсон байна.
Хөлөг онгоц олдсон газарт Хятадын Шаньдун мужийн археологийн соёлын өвийн институт болон эртний олдворын хадгалалтын комисстой хамтран 2010 оны аравдугаар сараас 2011 оны нэгдүгээр сарын хугацаанд гурван сарын турш малтлага явуулжээ.
Н.Энхтуяа