Монголын өвөл сонирхолгүй юу?

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Монголын өвөл сонирхолгүй юу?

Монголын өвөл сонирхолгүй юу?

Монголын өвөл эхэллээ. Өвлийг бид хальтиргаа гулгаатай гудамж, ажил гэрийн хооронд ирж, очих нэгэн хэвийн хэмнэл, түлээ нүүрс, утаа тортог гэх мэтэд санаашран ярьсан бараан төсөөллөөр өнгөрөөх ёстой юу? Үгүй бол Монголын өвлийг арилжиж болох уу? Өвөл бид юу хийдэг вэ? Жуулчид Монголын өвлийг нүдээр үзэх гэж ирдэг үү? Энэ асуултыг өвөл эхлэх, дуусах бүрт өөрсдөдөө тавихад хүргэдэг.

Уулчид өвлөөс татгалздаг

Монголын тэсгим өвлөөр өндөр ууланд авирахаар ирдэг гадаадын уулчид, аялагчид байхгүй гэдгийг уулчид, аялал зохион байгуулдаг компанийн менежерүүд шууд хэлж байна. Монголд гэлтгүй бусад орны өндөр оргилуудад өвөл авирах нь эрсдэлтэй, бараг хүлээн зөвшөөрөгддөггүй, хүсэлтгүй зүйл аж. Манай орны хувьд зун, намартаа  гаднаас сонирхогчдын түвшний хүмүүс Богд уул, Асралт хайрханд, харин мэргэжлийн уулчид Алтай таван богд, Хүйтний оргилыг зорьж ирдэг. Гэхдээ энд хэдхэн арван хүний л тухай яригдана. Сүүлийн жилүүдэд Монголын компаниудын санал болгодог үйлчилгээ, эвентийг сонирхож, өвөлдөө цөөн тооны цаначид ирдэг болсон талаар “Монголиан экспедишн” компанийн захирал С.Алдархишиг ярьсан юм. Өвөлдөө хэдэн үүргэвчтэй аялагч ирдэг тухай нарийвчилсан тоог байхгүй ч нэг компаниар дамжиж арав гаруй аялагч Монголыг зорих тохиолдол байдаг гэнэ. Энэ мэдээж маш хангалтгүй тоо.

Эвент, бүтээгдэхүүн хоёрын ялгаа

Мэргэжлийн уулчид, аялагчид тэр бүр олноор манай өвлийг зорьж ирдэггүй юм байж. Тэгвэл Монголд энгийн жуулчид өвөл хэр ирдэг вэ? Тэдэнд бид юу үзүүлдэг билээ… Хариулт нь үнэндээ маш бүрхэг. Бүргэдийн, тэмээний, мөсний баяр зэргийг өвөлдөө 1-2 удаа зохион байгуулж, дугуй, цана, нохой чарганы эвентүүд хийж байгаа ч энэ бол өвлийн аялал жуулчлал хөгжиж байгаа гэж шууд өөдрөг тодорхойлолт биш. Нохой чарга, дугуй, цана, морь унах, бүргэд харах зэргийг тусгай сонирхлын аялал гэж нэрлэдэг. Иймэрхүү аяллын хөтөлбөрүүд нэмэгдэж байгаа нь сайн ч ихэвчлэн нэг өдрийн, хэсэгхэн хүнийг хамарсан эвент байдлаар хөгжиж байна. Амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарсан хүмүүс, түр хугацаагаар Монголд ирсэн бизнес аялагчид иймэрхүү аяллын хөтөлбөрийг сонирхдог. Мэдээж байх ёстой хэлбэр. Бүргэдийн ангийн аялал, Тэмээний баяр, Хөвсгөлд болдог мөсний баяр зэрэг ч мөн ялгаагүй. Харьцангуй гадна, дотны хүмүүс зорьж очиж сонирхдог болсон ч дээд тал нь 7 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Алслагдмал бүсэд болдог. Говьд, Хөвсгөлд, Баян-Өлгийд. Товчхондоо бол энэ бүхэн өвлийн аялал жуулчлалын нэг хэсгийг хангасан эвент болохоос бүрэн дүүрэн бүтээгдэхүүн болж хараахан хөгжиж чадаагүй байна. Ингэхээр Монголын өвлийг арилжиж, аялал жуулчлалаа хөгжүүлж чадахгүй байгаа бидний гол алдаа бол зарах бүтээгдэхүүнгүй байгаа явдал. Зарах, шууд үзүүлэх бүтээгдэхүүн байхгүй. Чиглэл нь тодорхойгүй.

Өвлийн аяллыг нэмэгдүүлэхийн тулд өвөлгүй орны хүмүүст маркетинг хийх ёстой гэж үзэх хүмүүс байдаг. Тэдэнд цас үзүүлж, гайхашруулна гэж боддог. Гэтэл үүн шиг худлаа зүйл байхгүй гэж үгүйсгэдэг менежерүүд мөн бий. Тэд харин ч эсрэгээрээ өвлөө өвөлтэй улсад сурталчилж, өвлийн туршлага солилцох ёстой гэж үзэж байна. Туршлага судлах бидэнд хамгийн ойрхон жишээ гэвэл, Байгаль нуурын өвлийн хөтөлбөрийг хэлж болж байна.

Байгаль нуурын Ольхан арлын мөсөн замын аяллыг өвлийн турш, өдөр шөнөгүй аялагчид зорьж очдог. Нуурын аялал жуулчлалыг системтэй хөгжүүлж, дэд бүтэц, жуулчны бааз, байгалийн өвөрмөц тогтоц үзэх маршрут, зам, тэмдэглэгээ, уялдаа холбоо гээд бүхнийг сайн зохион байгуулж өгсний дүнд өдөртөө л бараг 1000 орчим хятад жуулчин Ольхан арлыг зорьж очдог тухай тийш аялсан монгол аялагч ярьж байсан юм. Бөөгийн хад, үзэсгэлэнт мөсөн тогтоц, гайхамшигт цасан хотхон, орос хоол, тохилог дүнзэн байшин, нуураа түшиглэн зохион байгуулах олон төрлийн тэмцээнүүд нэг л мэдэхэд тэшүүр, чана, чарга, дугуйтай, үүргэвчтэй хэдэн зуун мянган аялагчдыг Ольханыг зорих сонирхолтой болгожээ. Гол нь тэд уйгагүй ажиллаж, өвлийн турш өдөр бүр үзүүлж харуулах, аялагчдад зарах бүтээгдэхүүнтэй байж чадаж байна. Сибирийн өвөл, үлгэрийн орон хэмээн тасралтгүй сурталчлах Ольхан арлын зөвхөн мөсний тогтоцыг харах гэж очих нь хөрш зэргэлдээ орны жуулчдын өвлийн аяллын үндсэн хөтөлбөрт багтдаг болжээ.

Монголд мөс байна, Хөвсгөл маань байна. Харин тасралтгүй ажиллагаа, дэд бүтэц, хэзээ ч очсон үзэж баясах мөсөн хотхон, өвлийн сервис гэж зүйл байхгүй хэвээрээ л байна. Манай байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудын ойролцоох амралт, жуулчны баазууд өвөлд зориулсан тусгай үйлчилгээгүй байдаг нь аяллын хугацааг удаан барих боломжгүй болгодог. Өвөл Хөвсгөл, Баян-Өлгий аялахаар жуулчид ирлээ гэхэд зарим газарт майхандаа хоноглоод явахаас аргагүй. Ингээд ирэхээр экстрем чиглэлийн аялал болж хувираад, сонирхогчдын тоо цөөрдөг.

Хятадын олон хотууд өвлийн жуулчдад зориулж дуу алдам мөсөн хотхон, мөсөн урлалыг бий болгодог. Хүмүүс түүнийг эхлээд зорьж очиж үздэггүй ч аялж яваа хүнд шинэ сонин үзвэр, хэлбэр бүхэн сонирхолтой санагддаг. Улаанбаатарт өвөл гаднаас жуулчин ирлээ, наад зах нь найз нөхөд маань ирлээ гэхэд дагуулж очоод үзүүлчих мөсөн хотхон яагаад байдаггүй нь гайхалтай.

Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд эхлээд дотоодын аялагчдадаа хандсан бодлоготой байх нь чухал. Энэ тухай бараг хүн бүр мэддэг, мэддэг юм шиг ярьдаг ч бодит зүйл болоогүй хэвээрээ. Хөвсгөл, Баян-Өлгий, Өмнөговьдоо хараахан чадахгүй байгаа бол хүн ам төвлөрсөн хотууддаа өвлийн аялалын бүтээгдэхүүн бий болгох хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатарын эргэн тойронд гаднаа мөсөн гулгууртай /каток/-тай ганц ч бааз байхгүй. Ядаж л цана түрээсэлдэг, дэргэдээ ганц км ч болов тойрог зам гаргачихсан амралт, жуулчны газар байхгүй л байна шүү дээ. Сервис байхгүй. Үйлчилгээ, бүтээгдэхүүн гээд байгаа зүйлс эндээс уг нь эхлэх ёстой. Амралтын өдөр хүүхдүүдээ аваад салхинд гарлаа гэхэд их л удаж тэргэн дээр хүүхдээ суулгаад, нааш цааш хэсэг алхана. Цасан дээр хэсэг тоглоно. Мод, хадтай бол тойрч жаахан алхана. Ингээ л болоо. Ганц байгаа цанын бааз “Sky resort” руугаа бүгд дугаарлана. Дулаан байр, өдрийн амралт, үнэ ханшаас эхлээд тэнд мөн л асуудал гардаг.

Гэтэл Тэрэлжийн хойд талыг өвлийн амралт, зугаалгын бүс болгоод, мөсөн хотхон босгож, өдөр бүр тэнд дотоод, гадаадгүй амрагч, аялагчид ирж очдог байхаар бүтээн байгуулалт хийвэл тогтмол зарах нэг бүтээгдэхүүн болох боломжтой. Дээр нь нэмээд өвлийн аяллыг тэлэх чухал гарц бол спортын тэмцээн, уралдаан юм. “Mongolia bike challenge” олон улсын дугуйн уралдаан, “Ice challenge mongolia” мөсөнд авиралтын тэмцээн гээд ямар ч спортын төрийн байгууллага, улсын оролцоогүй шахам хийдэг аялал, жуулчлалын компаниудын зохион байгуулсан дээрх тэмцээнээр дамжин сүүлийн зургаан жилийн хугацаанд мянга орчим аялагч Монголыг зорьж ирсэн нь чамлах тоо биш юм.

Энэ бүхнээс харахад, жуулчны баазуудыг хөгжүүлэх, өвлийн аяллыг тэлэх мөрөөдөл явсаар төрийн бодлого гэдэг зүйлтэй толгой холбох нь мэдээж. Энэ салбарын хөгжил хүмүүс ашиг олно гэж итгэлтэй харж чадахгүй байгаатай мөн холбоотой. Жишээ нь, өвлийн аялал жуулчлалын туршлага судлаач, санаа аваач гэхэд 10 жуулчин авчрахын тулд 10 сая төгрөг гарздаад, үзэсгэлэнд оролцох хүн бараг олдохгүй л байх. Ийм мэт зүйлсийг олж харан, бизнес эрхлэгч, аялалын менежерүүдэд зөв боломж олгохоос тэрхүү төрийн бодлого гэдэг том ойлголтын жижиг гэлтгүй ач холбогдол эхлэх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж