Италийн амттан үйлдвэрлэгч Ферреро групп “Nutella” самартай, шоколадны кремнийхээ найрлагыг нууцаар өөрчилж, сахар болон тосны орцыг нэмж, самрын орцыг багасгасныг олж мэдсэн хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлжээ.
Харин Ферреро групп “Nutella” –ын орцын найрлагад бага зэрэг өөрчлөлт оруулснаа хүлээн зөвшөөрсөн ч бүтээгдэхүүний амт, чанарт онцын өөрчлөлт ороогүй гэж мэдэгджээ.
Бүтээгдэхүүний орцын найрлагад өөрчлөлт оруулсныг Германы Хамбург хотын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвийн сонор сэрэмжтэй хэрэглэгчид олж мэдээд Фэйсбүүк хуудсандаа энэ талаар бичсэн байна. Бүтээгдэхүүний шинэ орцын найрлагад хуурай сүүний орц 7.5-8.7 хувь, сахар 55.9-56.3 хувь болж нэмэгджээ. “Nutella”-ын орцын найрлагад өөрчлөлт оруулсан тухай мэдээ амттанд дуртай хэрэглэгчдийн зүгээс эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан байна. Нэгэн хэрэглэгч цахим хуудсандаа “Хэрэв “Nutella” орцын найрлагаа өөрчилсөн нь үнэн бол бүтээгдэхүүнд хориг тавих ёстой” гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Ferrero” яг одооноос эхлэн бүтээгдэхүүний найрлага дахь сахарын хэмжээг бууруулах хэрэгтэй” гэжээ.
Амттан үйлдвэрлэгч групп хэдийгээр бүтээгдэхүүний найрлагыг өөрчилсөн ч амт, чанарт ямар ч өөрчлөлт ороогүй, хүмүүсийн дуртай “Nutella” хэвээр байгаа гэж мэдэгдсэн ч тэртэй тэргүй чихэрлэг амттаны найрлага дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь хэрэглэгчдийн урмыг хугалж, бас гайхширлыг төрүүлж байгаа юм.
“Сахар багатай” хуучин “Nutella”-аас хоёр зүсэм талхан дээр түрхэх төдий хэмжээ нь (24 г сахар) 10 настай хүүхдийн нэг өдрийн чихрийн нийт хэрэглээг хангадаг. Энэ мэтээр “Nutella”-г бүтэн долоо хоног хэрэглэхэд 168 г сахар буюу хоёр уут хагас “Maltesers” шоколадтай үрэл идсэнтэй тэнцэнэ. “Nutella” чихрийн агууламж их учраас өдөр бүр идэхэд тохиромжгүй ажээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Mondelēz” компани алдартай “Toblerone” шоколадны хэлбэрийг өөрчлөхөд амттанд дурлагчид “тэнэг алхам” хэмээн эсэргүүцсэн юм.
2015 онд “Cadbury’s” компани “Fruit&Nut” шоколадны найрлагыг 90 жилийн хугацаанд анх удаа өөрчлөхөд хэрэглэгчид ихэд дургүйцсэн билээ.
Н.Энхтуяа