АНУ-ын Техас мужийн христийн нэгэн сүмд 26 хүнийг буудаж хөнөөсөн этгээд 2012 онд сэтгэцийн эмнэлгээс оргосон болохыг цагдаагийн газраас тогтоожээ. Сэжигтэн Девин Келлиг АНУ-ын нисэх хүчинд алба хааж байх үедээ эхнэр, дагавар хүүхдээ зодож танхайрсан хэргээр цэргийн хээрийн шүүхэд дуудаж, өөртөө болон өрөөлд аюул учруулж болзошгүй гэсэн дүгнэлттэй сэтгэцийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Эмнэлгээс оргосон тухай нь мэдээлсэн ажилтан түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй байсныг цагдаад мэдүүлсэн юм.
Тэрбээр мөн ангийн командлагчаа ална хэмээн сүрдүүлж байсан талаар хавтаст хэрэгт нь бичсэн байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар танхайн хэрэгт холбогдсон этгээдэд галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглодог байна. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд халдлага үйлдэхэд түүнд юу нөлөөлснийг олж тогтоох сэжүүр хайж, сэжигтний гар утасны кодыг тайлахаар оролдож байгаа гэнэ. Хьюстоны нэгэн сонинд бичсэнээр 26 настай сэжигтэн халдлагаас тав хоногийн өмнө тус сүмийн намрын арга хэмжээнд оролцжээ. Сүмд гарсан халдлагын үеэр амиа алдагсдын 10 нь хүүхдүүд байсан билээ.
Н.Энхтуяа