Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017.11.08/ геологи, уул уурхайн салбарын ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар “Компани, ард иргэд эрдэс баялагийнхаа үр шимийг хүртэж байх зорилгоор ажлын арга барилыг өөрчлөн ажиллах хэрэгтэй байна. Юуны өмнө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгаа. Мөн үйлдвэр, техник, технологийн тогтолцоог бий болгох, эрсдэлтэй салбар тул даатгалын тогтолцоог хөгжүүлэх. Сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн зөв, идэвхтэй үйл ажиллагааг дэмжсэн урамшууллын тогтолцоог цаашид хөгжүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай тулж байна. Энэ бүхэнд та бүхний үнэтэй зөвлөгөө хэрэгтэй байна’ гэж хэлсэн юм.
Уул уурхайн баялгийг зөв ашиглах, ирээдүйд болон өнөөгийн нөхцөлд үр өгөөжтэй байлгахад салбарын бодлого ямар байр ёстой талаар уул уурхайн салбарын ахмадуудын байр суурийг сонслоо.
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд асан Б.Жигжид:
-Анх уул уурхайг ашиглаж эхлэхэд маш дэг журамтай байсан. 1993 оны Ашигт малтмалын тухай хуулийг би батлуулж байсан. Тэр хууль маш сайн дэглэмтэй байсан. Жишээлбэл, тусгай зөвшөөрлийг худалдахгүй, авсан хүн нь зөвхөн өөрөө ашигладаг, хайгуул хийхэд ямар хугацаанд ажиллана тэр хугацаандаа дуусгаж, цаашид ашиглах эсэхээ Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, бүртгүүлдэг байсан.
Гэтэл 1996 оны парламентын сонгуулийн дараа тусгай зөвшөөрлийг эзэмшигч өөр хүнд шилжүүлж болно гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь ямар мэргэжлийн бус хүн тусгай зөвшөөрөл аваад, бусдад худалдах болсон. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь цүнхээрээ дүүрэн цаасан дээрх тусгай зөвшөөрөлтэй, түүнийг хүссэн үнээрээ худалдаж эхэлсэн нь жинхэнэ буруу зам руу оруулсан явдал болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тодорхой хүн, аж ахуй нэгж хайгуул хийх, олборлох үйлдвэрлэл явуулах, үйл ажиллагаагаа явуулдаг. Хуучин хуулиар бол хайгуул хийж чадахгүй, ашиглаж чадахгүй бол шууд лицензийг нь хурааж авдаг байсан. Мөн тусгай зөвшөөрөл явуулах гэхээр хэн нэгэн эрх мэдэлтэн зогсоох, хааж боодог үйл явц өрнөсөн. Жишээлбэл, Дорж тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулах гэтэл Дондог гэдэг хүн түүнийг эсэргүүцэх, хааж боох үйлдэл гаргадаг. Энэ бол улстөрийн бодлого тодорхойгүй, төр нь тогтворгүй байгаагаас үүдсэн нэг шалтгаан. Түүнээс гадна төр заавал ашигт малтмалын олборлолт руу орох гэж зүтгэдэг. Гадны орнуудад бол төр нь оролцохгүй гадаад, дотоодын аж ахуй нэгжүүддээ зөвшөөрлөө олгож, авах ёстой татвараа л сайн авдаг. Татвараар улс орноо, ард түмнээ тэжээгээд явах боломжтой. Одоо манай улстөрчид Тавантолгой бол бүх ард түмний өмч гэдэг. Гэтэл өнөөдөр энэ ордоос хувь, хишиг хүртсэн зүйл байхгүй, Тавантолгой нь ч хөдөлсөнгүй. Лицензийн худалдааг цэгцлэх, төр хувьцаа эзэмшинэ гэдгээ больсон цагт энэ салбар зөв хөгжил рүү явна.
Уул уурхайн салбарын зөвлөх инженер С.Алтанхуяг:
-Уул уурхай салбарт нүүрсний салбар бол хамгийн том орон зайг эзэлдэг. Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ нэмэгдсэн нь бүтэн жилийнхээ нүүрсийг хагас жилийн дотор гаргаснаас харагдаж байна. Есдүгээр сарын байдлаар экспортын нүүрсний хэмжээ 30 сая хүрэх гэж байгаа нь том амжилт. Монгол Улсын экспортын нийт бүтээгдэхүүн болон орлогын 86 хувийг ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ 86 хувийн талыг нь нүүрс эзэлдэг. Сүүлийн үед нүүрсний тээвэрлэлт, гаалийн нэвтрүүлэх хүчин чадал гэсэн хоёр асуудал үүсч буй. Тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, өртөг бууруулахын тулд төмөр замаа барих шаардлагатай. Хил нэвтрүүлж экспортолж, импортолж байгаа хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа маш чухал. Ний нуугүй хэлэхэд, Монголын нүүрсийг баяжуулсан болон коксжуулсан нүүрс экспортлох нь эдийн засгийн хувьд өгөөжтэй. Гэхдээ геополитикийн талаасаа өмнөд хөрш маань Монголоос боловсруулсан, өндөр үнэтэй нүүрс авахдаа маш дурамжхан. Түүхийгээр нь хямд үнээр авч, өөрсдөө боловсруулах сонирхолтой байдаг.
Монгол Улсын зөвлөх инженер Б.Магванжав:
-Бид Хүннүгийн үеэс зэсээ хэрэглэж байсан ч өнөөдрийг хүртэл зэсээ түшиглэн томоохон үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гаргаж чадаагүй явсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар маш их судалгаа хийдэг ч үр дүнд хүрсэн зүйл өнөөдрийг хүртэл гарсангүй. Зэсийн үйлдвэр байгуулахад түүнийг ашиглах болон туслах үйлдвэрүүд нь хөгжөөгүй учраас түвэгтэй. Түүнээс гадна зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хүндрэлтэй асуудал нь хүхрийн хүчил. Хүхрийн хүчлийг шингээх гол зүйл нь фосфоритын ордод ашиглах боломжтой болдог. Тэгэхээр энэ мэт дагаж хөгжих аж үйлдвэрлэлийн салбар нь хөгжөөгүй учраас бид зэсээ ашиглаж чадахгүй байсаар ирсэн. Монголд маш олон жил амьдарсан ОХУ-ын иргэн ‘1921 Орчин үеийн Монгол” хэмээх номдоо зэсээ олборлох боломж маш их байна, зэсгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхээр бид хэдэн хувийн агуулгатай шороо гаргахаас илүү зэсээ ашиглах тал дээр бодлого хэрэгжүүлэх нь чухал байна.
Ш.ЧИМЭГ