Д.Трампыг зочлоход манан саад болжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Д.Трампыг зочлоход манан саад болжээ

Д.Трампыг зочлоход манан саад болжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Сөүл дэх албан ёсны  айлчлалынхаа үеэр хоёр Солонгосын хил дээр цэрэггүй бүсэд гэнэт зочлох гэж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас больжээ. Айлчлалын өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ ерөнхийлөгч хоёр Солонгосын хилийн зааг дах цэрэггүй бүсэд очихгүй гэсэн  билээ.  Гэсэн ч лхагва гаригийн өглөө төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөж,  Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд ерөнхийлөгч Д.Трамп цэрэггүй бүс рүү явах гэж буйг дуулгасан байна.

Сэтгүүлчид ерөнхийлөгчийн цуваанд нэгдэж, орон нутгийн цагаар өглөөний 7  цагийн орчим Йонсанд очиж, цэрэггүй бүс рүү явах нисдэг тэргэнд сууцгаажээ. Гэвч өтгөн манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул нисдэг тэрэг нисэх боломжгүй болсон гэнэ. Д.Трампын айлчлалын  бүрэлдэхүүн манан арилахыг нэг цаг шахам хүлээсэн боловч цаг агаар өөрчлөгдөөгүй тул Сөүл рүү буцсан байна.

Сэтгүүлчид манан арилахаар цэрэггүй бүс рүү явна гэж найдаж байсан ч Цагаан ордны төлөөлөгч Д.Трампын Азийн айлчлалд олон сарын өмнөөс бэлдсэн учраас дараагийн үйл явдлаас хоцорч болохгүйг анхааруулжээ.

Цэрэггүй бүсэд зочлох гэнэтийн шийдвэрийг Д.Трамп мягмар гаригт БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах уулзалтын үеэр гаргасан байна. Мүн Жэ Ин цэрэггүй бүсэд манан татахаас өмнө амжиж очин, Д.Трампыг хүлээж байжээ. Энэ бүс нь Солонгосын дайнаас хойш хуваагдсан хоёр улсыг 64 жилийн турш зааглаж буй ажээ. Тус бүсэд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушаас бусад ерөнхийлөгчид очиж байжээ. 1993 онд тус цэрэггүй бүсэд зочилсон АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон  “дэлхий дээрх хамгийн хамгийн аймаар газар“ хэмээн тодорхойлсон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж