Монголчуудаас уучлал гуйхыг Либби Виверээс хүсжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Монголчуудаас уучлал гуйхыг Либби Виверээс хүсжээ

Монголчуудаас уучлал гуйхыг Либби Виверээс хүсжээ

Австралийн иргэн Либби Вивер зөв хооллолтын тухай “What Am I Supposed to Eat?” нэртэй номдоо Дауны хам шинжтэй хүнийг нэрлэхдээ “Монголизм” хэмээн буруу нэр томьёо ашигласныхаа төлөө Австралийн иргэдээс уучлал гуйж, 20,000 хувь хэвлэгдсэн номоо зах зээлээс эргүүлэн татсан билээ. Либби Виверийн “монголизм” хэмээх үгийг буруу утгаар хэрэглэсэн явдлын талаарх мэдээ дэлхийг тойрч, эцэстээ монголчуудын сонорт хүрсэн юм. Харин “Монгол” нэртэй номын зохиогч Ууганаа Рамсей Австралийн зохиогч Либби Виверт  хандаж нээлттэй захидал илгээжээ.  Учир нь Либби Виверийн уучлал эрсэн видео бичлэгийг үзсэн хүмүүс бичлэгийн линкийг монгол зохиогчид илгээсэн байжээ.  Захидалдаа Ууганаа “Өнөө үед, өдий насны хүн “монголизм” хэмээх үг ямар утгатай, түүхтэйг мэдэхгүй номдоо бусдыг доромжилсон  утгаар хэрэглэсэнд бухимдахын зэрэгцээ бас харамсал төрсөн” тухай бичжээ. Ууганаа захидалдаа “Хэдийгээр дауны хам шинжтэй хүмүүсийн ингэж нэрлэдэг мэт буруу ойлголт байсан ч энэ нэр доромж утгатай үг огт биш” хэмээн онцолсон байна.

Тэрбээр цааш нь бичихдээ “Зохиогчийн хувьд би танд энэ захидлыг бичиж байна. Миний нас барсан хүүгийнхээ дурсгалд зориулсан “Монгол” хэмээх дурсамжийн ном 2014 онд хэвлэгдсэн. Таны адилаар би хүмүүст мэдлэг олгохыг хүссэн. Гэхдээ энэ ном бол миний бас хүүгийн минь тухай юм. Хүү маань энэ сард найман нас хүрэх байлаа.  Миний хүү монгол. Гэхдээ Дауны хам шинжтэй гэж оношлогдсон учраас биш шүү. Миний хүү учраас тэр. Би Монгол Улсын иргэн. Монгол хүн. Би монгол дуу дуулж, ном уншиж, монгол хэл дээр үлгэр сонсож өссөн хүн.  Энэ нэр  бол биднийг илэрхийлдэг  хамгийн тохиромжтой үг. Мөн энэ нэрийг доромж утгатай үг гэж тодорхойлохыг бид эсэргүүцнэ. Би таныг монгол гэдэг үгийг хэрэглэж байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ зөв хэрэглээрэй.

Та Дауны хам шинжтэй хүмүүсээс уучлал гуйсан нь сайн хэрэг. Харин одоо монголчууд бид танаас “монгол” гэдэг нэрээс үүсэлтэй үгийг хэрэглэхдээ хайхрамжгүй хандаж, монгол язгуур, угсаатай хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэхийг огт бодолцож үзээгүйнхээ төлөө биднээс уучлал гуйхыг хүлээж байна.

Тиймээс монгол хэмээх үгийг зөв, язгуур утгаар нь дахин хэрэглээрэй”  хэмээн бичжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж