Налайхын нүүрс эрэлт ихтэй, шуудай нь 3500 төгрөгийн ханштай байна
Цас орж, хүйтний улирал эхэлж буй энэ үед иргэд өвлийн бэлтгэлээ базааж, түлээ нүүрсээ бэлтгэдэг. Тиймээс түлээ, нүүрсний эрэлт хэрэгцээ, үнэ ханш ямар байгааг судлахаар Цайз захыг зорилоо. Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Энэ жилийн хувьд уламжлал ёсоор Налайх, Багануур, Алаг толгойн нүүрс зах зээлд зарагдаж байгаа бөгөөд үнэ нь 500-1000 төгрөгийн зөрүүтэй байна. Намар буюу хүйтрэхээс өмнө нүүрсний үнэ хамгийн хямд байдаг тул зарим нь энэ үед худалдан авч, өвлийн бэлтгэлээ базаадаг.
Харин хүйтрэх тусам үнэ нь чангарах төлөв ажиглагддаг ч энэ жилийн хувьд түлээ, нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх болов уу гэсэн таамгийг худалдаачид хэлж байна. Учир нь Налайхын уурхайгаас хувиараа нүүрс олборлогчид энэ жил нөхөрлөлд хамрагдсанаар нүүрсний нийлүүлэлт болон үнэ харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа аж. Нүүрсний борлуулалт есдүгээр сараас эхэлж, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг бөгөөд хүйтрэх тусам борлуулалт сайжирна. Үнийн хувьд Налайх, Багануур, Алаг толгойн нүүрс өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа юм. Тодруулбал, Налайхын нэг портер нүүрс тонноосоо хамаарч, 200-320 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Багануурынх 150-210, Алаг толгойнх 260-280 мянган төгрөгийн ханштай байна. Харин жижиглэнгийн үнийн тухайд нэг шуудай Налайхын нүүрс 3000-3500, Багануур 2500-3000, Алаг толгой 3500-3800 төгрөг.
Сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргаа улам бүр муудаж байгаа учраас түлээ, нүүрсээ голдуу өдөрт нь жижиглэнгээр буюу шуудайгаар нь худалдан авч байгааг наймаачид хэллээ. Нүүрсний наймаа эрхлэгч Г.Төмөрхуяг “Энэ жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна. Харин модны үнэ буурсан.
Нүүрсний борлуулалт есдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжилдэг
Шалтгаан нь нийлүүлэлт их байгаатай холбоотой. Нэг их хүйтрээгүй учир одоогоор худалдан авалт идэвхжиж эхлээгүй байна. Гэхдээ өдөрт нэг портер нүүрс борлуулж байгаа” гэв. Нүүрс нь шаталт сайтай, асалт удаантай, тортогтой, тортоггүй гэх мэт олон янз байдаг. Зарим увайгүй наймаачид сайн нүүрсийг муутай нь хольж зардаг болсноос үүдэн иргэдийн дунд “Эко нүүрс, Цэвэр нүүрс” гэсэн ойлголт үүссэн гэнэ. Хэдийгээр Алаг толгойн нүүрс илч сайтай байдаг ч амархан асаад дуусчихдаг учир иргэд Налайхын нүүрсийг ихэвчлэн сонгодог юм байна. Харин Багануурын нүүрс дээрх хоёр газрынхтай харьцуулахад үнэ хямд байдгийн дээр тортог ихтэй, илч муу, хог, чулуутай байдаг аж.
Гурван жил түлээ, нүүрс борлуулж буй нэгэн эмэгтэйгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Түлээ, нүүрс хэр зарагдаж байна вэ. Энэ жилийн хувьд иргэдийн худалдан авалт ямар байна вэ?
-Одоогоор худалдан авалт тийм ч их биш байгаа. Гэхдээ хүйтний эрч чангарахаар хүмүүс хүссэн хүсээгүй худалдаж авна. Мэдээж боломжтой хүмүүс машинаар нь, мөнгөгүй нь шуудайгаар нь авч байгаа. 2-3 айл дундаа нэг шуудай нүүрс хувааж авах тохиолдол ч байна. Нэг шуудай нүүрс өдөртөө л шатаж дуусдаг. Харин төслийн зууханд 24 цаг шатдаг юм билээ.
-Нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар байна вэ?
-Налайх болон Багануурын нүүрс өнгөрсөн жилийнхтэй ижил үнэтэй байна. Харин Алаг толгойн нүүрс бага зэрэг буюу 10 мянган төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Өнгөрсөн жил нэг тонн нь 80 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 90 мянга болсон. Шарын голын нүүрс Багануур шиг хямдхан учир эрэлт ихтэй байдаг. Гэхдээ хараахан орж ирээгүй байна. Мэр сэр хүмүүс зарж байсан. Үнэ нь мөн л өнгөрсөн жилтэй ижил шуудай нь 2500 төгрөг байна лээ. Харин модны үнэ буурчихсан байгаа. Өнгөрсөн жил нэг шуудай мод 3500 төгрөг байсан бол энэ жил 2500-3000 төгрөгт зарж байгаа.
Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН