С.Батболдын татах дараагийн шан-Нийслэлийн хууль

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

С.Батболдын татах дараагийн шан-Нийслэлийн хууль

С.Батболдын татах дараагийн шан-Нийслэлийн хууль

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.БАТБОЛД

Улаанбаатар хот улсын дайтай ачаа үүрч, түүндээ түүртэн байна уу  гэж бодогдох боллоо. Хүн амынх нь тал хувь ганцхан нийслэлдээ аж төрдөг улс Монголоос өөр хаана ч байхгүй.  Энэхүү онцлогоос шалтгаалаад Улаанбаатарт бусад улс орноос арай л өөр жишгээр, өөр даваа нугачааг туулж яваа юм.


Хотын хүн ам жилээс жилд нэмэгдэхийн хэрээр утаа угаар, түгжрээ бөглөрөө, авотбус унааны хүрэлцээ хангамж, үйлчилгээний соёл, хог хаягдал, халамж үйлчилгээний хүртээмж адил тэгш бус гээд тоочоод байвал  асуудал мундахгүй. Монголчууд нийслэлийнхээ ханыг шийрлээд 378 жилийг хэдийнэ үдсэн гэхээр Улаанбаатар залуу хот биш. Ирээдүйд Улаанбаатарыг хөгжүүлэх гарц  юу вэ?

Энэ асуултын хариуг олон талаас нь харж болох ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд ‘Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах” гэсэн товч, тодорхой хариу өглөө.

Хүчин төгөлдөр үйлчилж буй өнөөгийн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 оны долдугаар сарын 5-нд батлагдаж байжээ. Харин одоо хөгжлийг дагуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүсээд байгаа юм. 

Зүйрлэвэл хууль батлагдсанаас хойших 23 жилд Улаанбаатар хотын ачаалал хэд дахин нэмэгдсэн ч хууль эрхзүйн зохицуулалт хуучнаараа байгаа. Тиймээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьжээ.

Одоо мөрдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь таван бүлэг 23 зүйл заалттай бол шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулж нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг системтэйгээр шийдвэрлэхээр тусгасан байна.

              Иргэдийг гомдоож, ажилтнуудыг  бухимдуулдаг ачааллыг бууруулна

Улаанбаатар хотыг хөрөнгө оруулалтын таатай орчин  бүрдсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой статустай болгох зорилтыг бие даасан бүлэг болгон шинэ хуульд тусгажээ. Мөн үйлдвэрийн тусгай бүс бүхий олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв, зорчигч, ачаа тээврийн зангилаа болгон хөгжүүлэхийг чухалчлан зааж өгчээ.

Токио, Сөүл, Берлин, Лондон, Парис, Москва, Нью-Йорк, Шанхай болон бусад дэлхийн томоохон хотуудын хөгжлийн загварыг нутагшуулж, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйлчилгээг олон улсын жишигт хүргэхийг эрхэм зорилгоо болгожээ. Зорилт тавьж, зорилго биелүүлэх нөхцөл бүрдүүлэх нь хамгаас чухал. Өнөөдөр нийслэлийн нэг хороо хөдөөгийн сумаас хэд дахин олон хүн амтай. Гэтэл сумын захиргаанд ажиллагсдын тоо хорооны албан хаагчдаас хэд дахин олон байх жишээтэй. Хороодод өдгөө албан ёсоор төсвөөс цалинждаг таван ажилтан л бий. Гэтэл сумын захиргаа 30-35 хүний орон тоотой. Нэг албан хаагчид ногдож буй иргэний тоо хэдэн арав дахин олон байгаа ийм үед төрийн үйлчилгээний хүртээмж, хүмүүсийн сэтгэл ханамж ямар байх нь тодорхой. Хэтийдсэн их ачааллаас болж иргэд ч гомдолтой, албан хаагчид нь ч бухимдалтай. Төрийн нүүр царай болсон ажилтнуудын ачааллыг тэнцүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулахгүй бол өнөөдрийн бухимдал маргааш үргэлжилсээр байх нь тодорхой.  Төвлөрлийг сааруулахын тулд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, оновчтой бүтэц, зохион байгуулалтын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх нь шинэ хуулийн нэг амин сүнс болж байна.  

Өөр нэг боломж нь нийслэлийн оршин суугч өөрийн санаачилгаар орчноо тохижуулж, мод бут таривал хотоос түүнийг урамшуулж, хөнгөлөлт эдлүүлнэ. Яг хэчнээн төгрөгөөр урамшуулж, ямар үйлчилгээ дээр хөнгөлөх вэ гэдгийг тухайн үед сонгогдсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоох юм. Эрхийн цаана үүрэг ч бас бий. Хотын иргэнийхээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцдог байх зохицуулалтыг ч хуулийн төсөлд тусгажээ.  

  Дагуул хотод барилга баривал 10 жил татвараас чөлөөлнө

Хууль батлагдсанаар олон арван жилийн өмнөөс хотын төвдөө багшран байрласан яамд, Засгийн газрын агентлагууд, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, зарим дүүргийн Засаг даргын Тамгын газрыг дагуул хот, дэд төвүүд рүү үе шаттайгаар нүүлгэх ажлыг бодитой эхлүүлэх боломж бүрдэх юм. Ярихаараа нэг болсон нүүлгэн шилжүүлэлтийн эхлэл нь та бидний нэрлэгдгээр алслагдсан дүүрэг буюу дагуул хотуудын хөгжил, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт гэдгийг хуульд онцгойлон дурджээ. Тухайлбал, төрийн байгууллагууд, их дээд сургуулийг нүүлгэхийн өмнө дагуул хотод оршин суугчид, аж ахуй, үйлдвэр үйлчилгээ байгуулсан хүмүүсийг урамшуулан дэмжих заалтыг багтаажээ.

Улсын дайтай нийслэлийг хөгжүүлэхэд эдийн засгийн бие даасан байдал бүхнээс чухал. Хязгаарлагдмал төсвөөр хязгааргүй хэрэглээг гүйцэлдүүлэх амаргүй. Тиймээс шинэчлэн найруулсан хуульд “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, менежментэд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нарыг татан оролцуулах бодлого баримталж, алдагдлыг бууруулах, үр ашигтай ажиллуулах арга хэмжээ авна. Зарим нийслэлийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжаалах ажлыг хариуцан зохион байгуулах”-аар тусгажээ. Тухайлбал, нийслэлийн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар, нийслэлийн дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар тус тус чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан аж.

Мөн дагуул хотод шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 20 жилийн хугацаанд 50 хувиар, нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар тус, тус хөнгөлөх гэнэ.

Дагуул хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ажилладаг, тус хотын байнгын оршин суугчийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлөх юм. Ийнхүү хориглох цагдах гэхээсээ дэмжих, урамшуулах байдлаар дагуул хотыг хөгжүүлж, тэр хэрээр хотын ачааллыг бууруулахаар шинэ хуулийн төслийг боловсруулсан нь сайшаалтай.

Өөрөөр хэлбэл, одоогийн төв талбайгаа тойроод шавах бус хотоо тэлж, олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот, дэд төвүүдийг байгуулах үзэл баримтлал суугаад байна.

Мөн дээрх газарт барилга байгууламж барин, компанийнхаа үйл ажиллагаа, салбарыг байгуулбал татвараас бүрэн чөлөөлөх аж. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, нийслэлийн дэд төв, дагуул хотод шинээр барьсан барилгаас авах татварыг 10 жилээр чөлөөлөх юм.

Ус зайлуулах шугам, хоолойгүй замыг хүлээн авахгүй болно

Зун, өвлийн  улиралд бороо, цасандаа живэх дөхдөг нийслэлчүүдийн зовлон удахгүй алга болох боломж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дотор усны хоолой, борооны ус зайлуулах ил болон далд шугам хоолойгүй авто зам барих явдал эцэс болох нь. Мөн нийслэлд баригдах авто замыг өмчлөх, эзэмших эрхийг цаашид иргэдээ төлөөлж Нийслэлийн иргэдийн Хурал, Засаг дарга хэрэгжүүлэх аж. Энэ нь нийслэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээнд дорвитой өөрчлөлт оруулах боломж гэж хотынхон харж байна. 

ОУ-ын байгууллагыг татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлнэ

НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх хөрөнгийн татваргүй болгож, тэнд ажиллаж буй иргэдэд олгосон цалин хөлс, шагнал урамшууллыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх заалтуудыг шинээр нэмэх саналыг хотын даргын багийнхан гаргажээ. Гол нь үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх олон улсын байгууллагын жагсаалтыг Засгийн газар батлах юм. Үүнээс гадна нийслэлд Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар тогтмол байрлаж ажиллах ёстой гэж хотынхон үзжээ.

Жуулчны худалдан авсан бараанд ногдох албан татварыг буцаан олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд ..”.Жуулчны худалдан авсан бараанд ногдох албан татварыг буцаан олгох..” заалтыг нэмэлтээр оруулах саналыг хотын дарга гаргажээ. Энэ нь жуулчны визтэй, гадаадын иргэний Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдох албан татварыг дараах тохиолдолд буцаан олгож болох аж.

  • Бараа, бүтээгдэхүүнийг худалдан авснаас хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй;
  • Худалдан авсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүн 500.000 төгрөгөөс багагүй;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдахыг хориглоогүй бараа, бүтээгдэхүүн байх юм.

Албан татварын буцаан олголтыг Монгол банкнаас зарласан валютын ханшийг үндэслэн ам.доллараар олгох аж. Хэрэв албан татварын буцаан олголтын дүн нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллараас хэтэрсэн тохиолдолд бэлэн бусаар өгөх хувилбарыг сонгосон байна.

Нийслэл бонд гаргана

Нийслэл нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргаж болохоор хуулийн төсөлд тусгасан бөгөөд тухайн төсөл, хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх;
  • Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх;
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байхаар заажээ.

           Агаар цэвэршүүлэгч,  халаагч төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

Жил жилийн хаварт мартагдаж намарт сэргэдэг агаарын бохирдлыг бууруулах талаар шинэчилсэн хуульд юү гэж заасан нь хэн бүхний сонирхол татна.  Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэвтрэн орохыг хязгаарласан буюу хориглосон тээврийн хэрэгслийн жагсаалтыг /бүсчлэн/ баталж, хот доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хийн түлш, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг болон тэдгээрийн хосолмол хэрэглээ бүхий автотээврийн хэрэгсэл ашиглахыг шаардах аж.

Мөн айл өрх бүрийг агаар шүүгчтэй болгох аян өрнүүлэх юм байна. Тэгвэл агаарыг бохирдуулагчаас салахын тулд агаарыг цэвэршүүлэгч төхөөрөмж, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр  тусгайлан зүйлчилжээ.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээнээс сүүлийн 5 жилд импортоор орж ирсэн тасалгааны агаар цэвэршүүлэгчээс 39,7 сая төгрөг, тасалгааны халаагуураас 5,4 сая төгрөгийг гаалийн татварт төвлөрүүлсэн байна. Тэгэхээр төсөлд тусгасан зүйл заалт өөрчлөлтгүйгээр батлагдвал имдортлогчдод, цаашлаад эцсийн хэрэглэгчид төдий хэрийн дэмжлэг шууд хүртэнэ гэсэн үг юм.

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг чөлөөлж байгаатай холбоотойгоор гэр хорооллын зарим хэсгүүдэд цахилгааны зарцуулалт өндөртэй халаагуур хэрэглэж,  цахилгаан тасрах, хүчдэл унах аюул гарч болзошгүйг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа. Иймд эрчим хүч бага зарцуулдаг халаагуурын хэрэглээг дэмжих, үнийг бууруулах нь  тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

                 Дүүргийг аймагтай дүйцүүлнэ

Өнөөгийн мөрдөж буй тогтолцоогоор Улаанбаатар хотыг аймагтай дүйцүүлэн авч үздэг. Тэгвэл шинэчлэн найруулсан хуулийн төсөлд нийслэлийн дүүргүүдийг эдийн засаг, нийгмийн цогцолборын хувьд аймагтай, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэхээр тусгажээ. Ингэснээр дүүргийг сумтай, хороог багтай адилтган шийдвэр гаргаж ирсэн практикийг өөрчлөх боломж бүрдэнэ. Дээр өгүүлсэнчлэн нийслэлийн нэг дүүрэг хүн амын тоо, үйлчилж буй хүрээгээрээ сум бүү хэл аймгаас ч илүү ачаалалтай байтал  2-3 мянга, дээд тал нь 10 мянган хүн амтай сумаас ч бага бүрэлдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг дэндүү шударга бус хэрэг.

Ийнхүү хороо дүүргийг бэхжүүлснээр бие даан хөгжих нөхцөл хангагдана гэж хууль боловсруулагчид харж байна. 

                                                Нийслэлийн хуулийн хориглох заалтууд

Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглож зааж өгчээ.  Тухайлбал,

  • Төлөвлөлтгүй газар суурьшил үүсгэх болон суурьших;
  • Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, ашиглах, барилга угсралтын ажил явуулах, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашигт халдах, бусдын орц, гарцыг хаах;
  • Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ашиглах, гэмтэл учруулах;
  • Хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах, сүйтгэх;
  • Байгаль орчин, нуур, цөөрөм, гол, горхи, булаг, шандыг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдуулах;
  • Хий, шахмал болон боловсруулсан түлш, нүүрс, мод, цаас, малын гаралтай түлшнээс өөр хорт утаа ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх;
  • Суурьшлын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглохоор заажээ. Хориглосон зүйлс болоод хуулийн бусад заалтыг зөрчвөл  Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зэргээр бусадхууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. 

Энэхүү хуулийг товчхон танилцуулахад ийм. Хот төлөвлөлт, ногоон байгууламж гэхчилэн асуудлыг багтаасан бүтэн зүйл заалтууд уг хуульд тодоор бичигдсэн ч энэ удаа үүгээр цэг тавья.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын татах дараагийн шан бол яахын аргагүй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль юм. Хуулийг шинэчилнэ гэдэг зөвхөн өмнөх хуулиа одоогийн нөхцөл байдалд тохируулахын нэр биш. Ирээдүй хэтийг харсан, бусад хууль, тогтоомжуудтай бүрнээ нийцэж гэмээнэ хууль урт насална. Тиймээс ч уг хуулийн төслийг боловсруулахад чамгүй хугацаа зарцуулсны дээр өргөн барихад улстөрийн аятай таатай нөхцөл, хэлэлцэхэд эвтэйхэн цаг үеийг хүлээсээр өнөөдөртэй золгосон гэдгийг хууль боловсруулагчид нуусангүй. Уг хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлж гэмээнэ   хотын мэр С.Батболд,  түүний багийнхан иргэдээсээ нэмэх оноо авах юм.  

Н.Уртнасан  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж