100 жилтэйгээ золгосон Октябрийн хувьсгал

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

100 жилтэйгээ золгосон Октябрийн хувьсгал

100 жилтэйгээ золгосон Октябрийн хувьсгал

ОХУ-ын ард түмэн өчигдөр /2017.11.07/ Октябрийн социалист хувьсгалын 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Гэхдээ энэ баяр өнөөдөр Октябрийн социалист хувьсгалын баярын өдөр гэхээсээ илүүтэй ‘Оросын дайчдын яруу алдрын өдөр’ хэмээн нэрлэгдэх болсон. 

Орост Октябрийн хувьсгал ялсан 1917 оны энэ өдөр ЗХУ-д ажилчин, тариачны хувьсгал гарч, Владимир Ильич Ленин тэргүүтэй большевикууд Засгийн эрхийг авч байсан юм. Иймээс ЗХУ-ын үед энэ баяраар бүх нийтээрээ амардаг байлаа. Мөн Октябрийн социалист хувьсгалын 24 жилийн ойн баярт зориулан 1941 онд цэргийн сүрт парадыг Улаан талбай дээр анх зохион байгуулсан түүхтэй. Энэ парад бол дайны чухал бэлтгэл ажиллагаа болдог байв. Учир нь, парадад оролцсон цэргүүд дайны талбарт тэргүүн эгнээнд шууд алхдаг хатуу уламжлал тогтсон байлаа. 

1941 оны арваннэгдүгээр сарын цэргийн парад хагас цаг үргэлжилсэн ч дайчдын сэтгэл санааны бэлэн байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Учир нь, энэ үед Гитлерийн арми Москва хотод 30 километр тулж ирчихээд байсан юм.

Он жил өнгөрөх тусам Оросын ард түмэн энэ баярт ач холбогдол өгөхөө больж, гэртээ халуун ам бүлээрээ нэг дор хооллох, цэргийн парадыг зурагтаар үзэхийг чухалчлах болов. Улмаар Октябрийн социалист хувьсгалын баярын түүх ЗХУ-ын түүхтэй хамт замхарсан. 

 Орос улс 1991 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 1918 оноос хойш анх удаа Октябрын баярыг тэмдэглээгүй юм. 

Энэ өдрийг монголчууд ч өмнө нь орон даяар нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг байсан ч өнөөдөр мартагдсан баяруудын нэг болжээ. Монголчууд Октябрийн баярыг хамгийн сүүлд 1989 онд орон даяар тэмдэглэсэн аж. Октябрийн баярын парадад жагсаагүй бол ажил тасалсанд тооцож, намын үүрийн товчооны хурлаар оруулж донгоддог, Лениний зурагтай лоозон, улаан тугтай төв талбайд жагсдаг байсан дурсамж өдгөө түүх болон үлджээ. 

Э.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж