УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг дэмжихгүй гэсэн. Та хувь гишүүний хувьд хоригийг юу гэж хүлээж авч, дүгнэж байна вэ?
-Хувь гишүүн хүлээж авна, авахгүй гэдэг шийдвэр гаргадаггүй. МАН бүлгийн хурлаараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдэгтэй хуралд оролцсон гишүүд 100 хувь санал нэгдэж, нэгдсэн шийдвэрт хүрсэн. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь өгөөгүй, төрийн албан хаагчдад төсвийн мөнгийг хууль бусаар олгож байгаа, мөн төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулж чанарыг нь бууруулсан гэсэн утгатай хориг ирүүлсэн. Хүүхдийн мөнгийг оновчтой олгох асуудлаар одоо ч ОУВС-тай гэрээ хэлэлцээр хийж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох байсныг 80 хувь болгох, цаашид 2020 он гэхэд бүх хүүхдэд мөнгийг олгох асуудлыг шат дараатайгаар эдийн засгийнхаа өсөлт, чадавхид тулгуурлан шийдвэрлээд явах бодлого баримталж байгаа. Төрийн албан хаагчдад олгож байгаа 300 мянган төгрөг бол урамшуулал биш. Сүүлийн хэдэн жил төрийн албан хаагчдын цалин нэмээгүй. Бид 2017 оноос цалин нэмэх асуудлыг тавьж болох байсан ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг бүгд мэднэ. Цаашид төсвийг “эрүүлжүүлж”, эдийн засгийн өсөлтийг аль болох нааштай болгон орлогын тогтвортой өсөлтийг сайжруулахад шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд анхаарч ажиллах нь чухал байна. Төсвийн алдагдлыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан нь төсвийн чанарыг 0,5 хувь сайжруулсан үзүүлэлт болсон. Засгийн газар 2018 оны улсын төсвийн алдагдал найман хувь байхаар тооцож оруулж ирсэн, орлогыг 694 тэрбумаар нэмэгдүүлэхээр тусгаж жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй бодлогоос харахад эдийн засгийн боломжид тулгуурласан төсөв болжээ гэж харж байна.
-Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын шийдвэрт хориг тавих байдлаар хандаад байвал олон эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна. УИХ 2018 оны төсвөө “нухаж” байх цаг хугацаагаа хориг хэлэлцээд л өнгөрч байна?
-УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд болон томилгоо болгонд хориг тавих замаар цааш явна гэвэл… Төр, засаг маань аргамжаатай моринд мордоод юм уу, аль эсвэл нэлээн хашин морь унаад алсын замд гарахын үлгэр болох биз.
-Ерөнхийлөгчийн хэлснээр бид ямар ч гэсэн “30 гэр бүл” гэдэг эзэн холбогдогчгүй нэршилтэй боллоо. Та энэ парламентын шинэ гишүүн. Улстөрд Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шиг цөөхөн хэдэн хүн лиценз, концесс, тендер авдаг, завшдаг байдал байна уу. Эсвэл энэ 30 гэр бүл зүгээр л улс төрийн шоу юм уу?
-Сэтгүүлч хүний нүдээр харахад юу гэж бодогдож байна. Энэ сайхан Монгол орон маань эрэлхэг хөвгүүдийн халуун амь, бүлээн цусаар тусгаар улсынхаа хил хязгаарыг тогтоон батжуулж, эх орны хөрсөн доорх, дээрх баялаг, та бидний эмээ, өвөө, ээж, аав, эгч, ах нарын хөдөлмөр зүтгэлээр бий болгосон бүхнийг энэ 25 жилд цэнхэр, ягаан тасалбар, лиценз, патент, өмч хувьчлалаар хуваагаад, хуваарилаад цөөн хүмүүс гадны луйварчдын дэмжлэгтэйгээр авчхаагүй билүү. Бонд, вексель, концесс, тендерээр хэсэг бүлэг нь баяжаагүй гэх үү. Төр түмэн нүдтэй л гэдэг, ард түмэн харж л байгаа шүү дээ. Тэр 30 гэр бүлээ Ерөнхийлөгчөөс асуусан нь дээр байх аа, би мэдэхгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН ажил хийхгүй улс төржсөөр өдийг хүрлээ гэж сөрөг хүчин дүгнэж байна. Засгийн газраа огцруулснаас хойш 32, 33-ийн бүлэг гээд хоёр хуваагдчихлаа. Аливаа асуудалд 65-ын бүлэг хоёр хэсэг болж дүгнэлт гаргадаг боллоо. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх юм бэ. Энэ их улс төржилтийн цаад хохирогч нь ард түмэн болж хувираад байна шүү дээ?
-Сөрөг талаас нь харвал талцал, эерэг талаас нь харвал олон ургалч бодол. Бид хууль ёсыг дээдэлдэг, шударга төрийн албыг бий болгож, түмэн олондоо төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, ил тод төрийн албыг бүрдүүлэх гэж л бодол саналаа уралдуулж байна. Харин бид болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг бодитоор харж ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө шүүн, хэлэлцэж ухаан бодлоо уралдуулан сайныг нь дэмжиж, саарт нь хариуцлага тооцож байна. Энэ юу нь болохгүй гэж. Намын их хурлын дараа нэг цэгцэндээ орох байх аа. Энэ бол МАН доторх зөрчил биш, нам дамжсан улс төр, эдийн засгийн том бүлэглэлтэй хийж байгаа арга ядсан тэмцэл. Энэ бол баг өмссөн хуурамч нийгмийн олон жилийн буруу булхай, бузар буртаг бүхний хугарлын цэг нь энэ цаг үед таарчихлаа гэж л харж байна. Гоё ганган, уран тансаг үгтэй, гадна дотны захиалгатай луйварчин улстөрчдийн тарьсан балаг хөгжил биш сүйрэл рүү хөтөлж байгааг эгэл олон түмэн сая л олж харж байна шүү дээ. Одоо л засч авахгүй бол хохирогч нь монголчууд бүгдээрээ байх болно.
-Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж байх үеэр МАН хоёр болсон гэдгийг батлах шиг 65-ын бүлгийн гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Хориг МАН-ын “хагарал”-ыг илүү их тодотгож өгсөн гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж байна?
-Бүлгийн биш хувь гишүүдийн л байр суурь илэрхийлэгдэж байгаа харагдсан. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг байхаа. Асууж лавлаж ярьж зөвлөх нь буруу нь юу байх вэ. Шаардлагатай бол Сангийн сайдад нэр дэвшигчийг хууль хяналтын байгууллагаар нь шалгуулаад үнэн мөнийг нь тогтоож болно. Үнэн, худлыг нь тогтоогоод үлдээх, эсвэл хариуцлага тооцох эрх нь бидэнд байгаа шүү дээ.
Харин улс төрийн өшөө авалт аль ч шатанд байж болохгүй. Дайрч давшилж гүтгэж доромжилж болохгүй. Одоо юм л бол манай улс төрчид ална, булшилна, шоронд оръё, шороонд булъя, чи хулгайч, тэр хуйвалдагч гэх болж. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Монголчууд бид билэгдэлийн ард түмэн.
Үгийн мууг нэгэн рүүгээ чулуудах нь уруудан доройтохын шинж. Тэр дундаа төрийн түшээдийн амнаас багтаж гарах үг биш. Нийгмийг тогтворгүй байдал руу түлхэх нь хэнд ашигтай вэ. Үүнийг өөгшүүлж гааруулах, батлагдаж нотлогдоогүй мэдээллээр тархи угаах, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй байлгах, хэнийг ч харлуулж болох, хүсвэл гэмт хэрэгтэн болгож болох. Энэ үйл явц хаанаас эхтэй вэ. Туулж өнгөрүүлсэн түүхээ хар, бэлэн жишээ болон сүйрсэн, сүйрч байгаа улс орнууд гадаад ертөнцөд ил байна. МАН харин энэ бүх гажуудлыг засч , залруулна, зассаар ч ирсэн юм.
-Ард түмэн сонголтоо хийхдээ МАН-д том итгэл хүлээлгэсэн. 65 гэдэг бол сүүлийн хэдэн удаагийн парламентад байгаагүй үнэмлэхүй олонх. Гэтэл олонх маань ажлаа хийхгүй талцаж, Засгийн Газраа огцруулснаар энэ намрыг үдэж байна. 45 хоногт хэлэлцдэг төсвийг 14 хоногт хэлэлцэх гээд л сууж байна. Энэ улстөржилт хэзээ дуусах бол?
-Нэгд, төсөв хуулийнхаа хугацаанд батлагдана. Хоёрт, энэ төсөв биднээс гадна ОУВС усыг нь шавхаад, хасаж танаад санаандаа тааруулаад ингэвэл хөтөлбөрт хамруулна гэсэн болзолтой, энгийн иргэн ч цээжлэхээр ойлгомжтой төсөв. Гуравт, бидэнд маш хязгаарлагдмал боломж байгаа. Дөрөвт, ард түмэн биднийг сонгохдоо эрх тэгш шударга ёсыг тогтоогоорой, болохгүй бүтэхгүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцоорой, хуулийн завхралыг арилгаарай. Нурсан эдийн засаг, зүдэрсэн олон түмнээ татаж босгоорой л гэж захисан. Шударга шүүмжлэл, олон ургалч үзэл, зөв өрсөлдөөн байж болно гэж боддог. Бид дотроо учраа олноо, санаа зоволтгүй. Энэ намд сэтгэл сайтай, сийрэг толгойтой аавын хөвүүд, ээжийн охид байдагт би эргэлздэггүй.
-Та Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүний нэг. Таны хүссэн Засгийн газар байгуулагдаж чадав уу. Засгийн газрын бүтэц 100 хувь УИХ-аас томилогдсон нь зөв үү. Энэ Засгийн газар чадамжтай бас тогтвортой байх боломж бий юу?
-Бүгдийг урьдчилж таамаглах боломжгүй байх. Шинэ бүрдсэн Засгийн газрыг одоо дүгнэхэд эрт байна. Цаг хугацаа харуулна.
-УИХ 2018 оны төсөв хэлэлцэж байна. Төсөвтэйгөө танилцаж амжсан уу, та. 2018 оны төсвийг дүгнээд хэлбэл?
-Би хариултаа өмнө хэлсэн. Дээр нь нэмж хэлэхэд “Эдийн засаг тооцоолж байснаас өндөр өсөлттэй гарсныг, нүүрсний экспорт нэмэгдсэнийг, үйлчилгээний салбар эрчимтэй сэргэж байгааг, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц батлагдсаны дараагаар эдийн засагт итгэх итгэл сэргэсэн талаар, төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ний 17 хувьд хүрч байсан бол энэ онд ДНБ-ий 7.5 хувьтай тэнцүү болсныг, Засгийн газар ОУВС-гийн ажлын хэсэгтэй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг дүгнэж ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн олон боломжийг нэрлэж болно. Товчхондоо хөтөлбөр амжилттай хэрэгжих бололцоо боломж байгаа талаар ОУВС-ын ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Өмнөх Засгийн газрын бий болгосон энэхүү боломжийг шинэ Засгийн газар илүү үр дүнтэй, бодит ажил болгох ёстой.
-2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон. Ирэх онд ч мөн нэг удаагийн хэлбэрээр төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Энэ хэр зохимжтой шийдвэр гэж та бодож байна?
-Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй, энэ нь хүн амын орлогыг нэмэгдүүлэх гэсэн эхний алхам, цаашид эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан нэмэгдүүлж байх хэрэгтэй. Тэгж байж хүн ардынхаа амьдралын баталгааг хангах, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн үр дүнг дээшлүүлэх тухай асуудал яригдана.
-Удахгүй МАН-ын 28-р Их хурал болно. Дараагийн намын дарга, намын удирдлага ямар хүн байх бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий болж. Бас хэн МАН-ын дараагийн дарга болохоос ирээдүйн улстөрийн өнгө ч тодорхойлогдох байх?
-МАН-ын их хуралд гишүүд, дэмжигчид их ач холбогдол өгч байгаа. Олон чухал шийдвэрүүд гарах нь тодорхой. Тэр дундаа намын шинэ даргын асуудал ч яригдана. Хэнийг сонгох нь сонгогдож ирсэн төлөөлөгчдийн маань л мэдэх хэрэг дээ. Ард түмэн МАН-аас их зүйл хүлээж байгаа гэдэгтэй санал нэг байна.
-Ярилцсанд баярлалаа.