Эдийн засгийн байнгын хорооны хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.07-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооны хурлыг хойшлууллаа

Эдийн засгийн байнгын хорооны хурлыг хойшлууллаа

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Харин үүний дараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэх явцад Засгийн газрын сайд нарыг хуралдаанд идэвхтэй суухгүй байна гэдэг шүүмжлэл гарч, байнгын хороонд маргаантай асуудал гарсан тул хуралдааныг өнөөдөр дуусгалгүй, маргааш үргэлжлүүлэхээр болж, тарсан юм. 

Хуралдааны эхэнд төсвийн асуудал хэлэлцэх явцад гишүүдийн дунд дараах асуулт, хариулт өрнөсөн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Гэр бүлийн гишүүддээ юм авахын тулд нэг асуудлаа хойш тавьж, нөгөө асуудлаа шийддэг. Бид ирээдүйд төлөх өрийг хэт өндөр тавьж болохгүй. Төсвийн орлого тал дээрээ голлож анхаарах ёстой. Цаашид зарлага ярьдаг байнгын хороогоо цөөлөөд, орлого, хөгжил ярьдаг байнгын хороог нэмэх ёстой. Төсвийн орлого биелэлтийн хувьд санаа зовохгүй байна. Гол нь дотоодын аж ахуйн нэгжийн татварын хэмжээг нэмэхгүйгээр татвар төлөгчдийн хүрээг нэмэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Төсвийн байнгын хороо саналуудыг цэгцэлж шийднэ гэж найдаж байна. Тодорхой зардлыг нэмж байгаа бол нөгөө хэсэг зардлыг нь танах төсвийн сахилга бат үйлчилнэ. Тэгэхгүй бол байнгын хороо болгон зарлагаа нэмж, төсвийн алдагдал өсч орж ирсэн. Бид газар, лицензтэй холбоотой наймааг ил болгохоор тусгасан. Далд эдийн засагт байгаа газар, лицензийн наймаанаас татвар авна.

УИХ-ын гишүүн Н.Баттөмөр:

-Би төсвийн байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газрын багцад нийт 625 тэрбум төгрөг суулгаж, үүний 237 тэрбумыг нь  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад хуваарилсан байна. Ирэх онд 17 багийн Засаг дарга байраа шинэчлэх юм байна. Нэн шаардлагатай асуудлаа эрэмбэлсэн юм уу. Монгол улсын тулгамдсан асуудал ажлын байр юм шүү. Ажлын байр нэмэгдэж байж, орлого нэмэгдэнэ.

Эдийн засгийн байнгын хороогоор ийн улсын төсвийн асуудал хэлэлцэж байхад Х.Баделхан, Ч.Хүрэлбаатар нараас өөр Засгийн газрын гишүүд хуралд оролцоогүй тул төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Удалгүй зарим сайд нар өөр байнгын хорооны хурлаас орж ирснээр, асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, дуусгасан. Гэсэн ч хоёр дахь асуудлыг хэлэлцэх хооронд Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд багагүй маргаан үүсч, үл ойлголцол гарсан тул байнгын хорооны дарга дээрх хоёр сайдыг өнөөдөртөө багтааж асуудлаа нэг тийш болгохыг сануулаад, байнгын хорооны хурлыг маргааш өглөөний 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж