УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан нар өнөөдөр (2017.11.07) Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиашыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, эрхэм Элчин сайдыг цаг зав гарган уулзаж байгаад нь талархал илэрхийлээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг онцолсон юм.
Элчин сайд Галошфаи Михай Матиаш УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай санал нэг байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлд хичээнгүйлэн ажиллахаа тэмдэглэн хэллээ.
Тэрбээр, Унгар Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1973 онд Биокомбинат ТӨААТҮГ-ыг барьж, ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийг хүртэл тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийгдээгүй тул энэ асуудлыг шийдэх хүрээнд Унгарын “Экзим банк” Монгол Улсад 25 сая ам.долларын хүүгүй зээл олгохоор болсон. Монголын талаас техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэгтэй байгаа. Иймд Биокомбинатын шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг тэрбээр УИХ-ын гишүүдээс хүслээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Энэ ажлыг эрчимжүүлэх чиглэлд бид анхаарлаа хандуулж ажиллах болно” гээд Унгар Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэгт монголчууд үргэлж талархалтай ханддаг хэмээв.
Үргэлжлүүлэн талууд дээрх асуудлаас гадна хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.