Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Хью Хефнэрийн үүсгэн байгуулсан алдарт “Play Boy” сэтгүүл удахгүй Монголд “ирэх” нь. Сэтгүүлийг монгол хэл дээр хэвлэх эрхийг “Uptown” сэтгүүлийн гэрэл зурагчин Ө.Баттайван хэсэг нөхдийн хамт эзэмших аж. Энэ талаар түүнтэй утсаар холбогдон тодрууллаа.

-“Play Boy” сэтгүүлийг Монголд гаргах эрхийг авсан гэж дууллаа. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, өнгөрсөн зургадугаар сард Африкт болсон “Play Boy” сэтгүүлийнхний уулзалтад хэсэг найз нарынхаа хамт оролцох үеэрээ Монголд гаргах эрхийг нь албан ёсоор авсан юм. “Play Boy” сэтгүүлийг одоогоор дэлхийн 27 орны хэл дээр хэвлэн гаргадаг. Манайх 28 дахь орон нь болж, дэлхийд алдартай энэ өвөрмөц сэтгүүлийг эх хэл дээрээ хэвлэх боломжтой болж байна. 

-Албан ёсны эрх авахын тулд хэдий хэмжээний төлбөр төлөх вэ?

-Нэг жил хэвлэн гаргах эрх нь 150 сая төгрөг байдаг. Бидний хувьд эхний ээлжинд нэг жилийн гэрээ хийсэн байгаа. Цаашид жил жилээр эрхээ худалдаж аваад явна гэсэн үг л дээ.

-“Play Boy”-ыг хүмүүс эротик сэтгүүл гэж ойлгодог…

-Ерөөсөө л энтертайнмент сэтгүүл. Эрчүүд ч уншина, бүсгүйчүүд ч уншина. Нүд амраах гэж л нүцгэн хүүхний зургаар чимдэг сэтгүүл шүү дээ.

-Анхны дугаараа хэзээ гаргах вэ?

-Ирэх есдүгээр сард эхний дугаараа гаргахаар төлөвлөж байсан ч бага зэрэг хойшлох бололтой байна. Сэтгүүлийн эхээ эндээ бэлэн болгосон ч заавал  “Play Boy”-ын оффис руу явуулж хянуулах ёстой. Энэ нь бараг сар гаруй хугацаанд үргэлжлэх болохоор арваннэгдүгээр сард анхны дугаараа Монголынхоо уншигчдад хүргэнэ.

-Сэтгүүл сар тутам хэвлэгдэх үү?

-Тийм. Сард нэг дугаар.

-Хэдэн нүүртэй байх вэ?

-123-аас доошгүй байх ёстой гэсэн шаардлага байдаг.

-Гэрэл зурагчин хүний хувьд “Play Boy” сэтгүүлийг эрхлэн гаргана гэдэг сайхан хэрэг байх?

-За бараг мөрөөдөл ч гэсэн болно доо. Орост 1994 оноос “Play Boy” хэвлэсэн. Тэр үеэс л Монголд энэ сэтгүүлийг авчрах юмсан гэж боддог байлаа.

-Нийтлэлийн бодлогын хувьд ямар чиглэлтэй байх вэ. Гадаад мэдээлэл олон байх уу?

-Монголд ашигтай гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. 70 хувь нь монгол мэдээлэл, үлдсэн 30 хувь нь гадны мэдээлэл байхаар гэрээгээ байгуулсан. Тийм болохоор монгол “Play Boy” уншигчдыг уйдаахгүй гэж бодож байна.

-Нууц биш бол анхны дугаарын нүүр хуудсандаа ямар зураг төлөвлөсөн бол?

-Тэр одоохондоо нууц хэвээрээ байг. Сэтгүүл худалдаанд гарах дөхөхөөр мэдээлэл хийж, зарим нэг нууцаасаа задлах бодолтой байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж