УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Төсөвтэй холбогдуулан ганцхан Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 онд зохион байгуулах нөхөн болон дахин сонгуулийн төсөв гэж 200 сая төгрөгийг СЕХ-ны даргын 2018 оны төсвийн багц дээр нэмэх саналыг бичгээр ирүүлсэн. Тиймээс энэ саналаар санал хураах горимын санал гаргаж байна” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн нэгдсэн хуульд нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн зургаа, аравдугаар сард зохион байгуулна. Ингэхдээ тухайн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гариг, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт орон даяар зэрэг зохион байгуулна гэж заасан. Үүний дагуу 2018 онд нийт 17 аймгийн 47 суманд нөхөн сонгууль, долоон аймгийн 10 суманд дахин сонгууль зохион байгуулахад 200 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа. Нөхөн болон дахин сонгуулийг СЕХ зохион байгуулж, санал авах хуудсыг дахин хэвлэж, автомат системээр зохион байгуулна гэж хуульд заасан. Үүнд шаардлагатай төсөв нь 200 сая төгрөг” гэлээ.
2018 онд нөхөн болон дахин сонгуулийг жилд хоёр удаа зохион байгуулахаар хуульд тусгасны дагуу нийт 17 аймгийн 47 суманд нөхөн сонгууль, долоон аймгийн 10 суманд дахин сонгууль зохион байгуулах юм байна. Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль зохион байгуулах шалтгаан нь нийт сонгууль болох тойргийн 63 хувь нь төрийн албанд, 30,4 хувь нь нас барсан, 6,3 хувь нь засаг захиргааны нэгжээс нөгөөд шилжсэнтэй холбоотой аж.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өмнө нь нөхөн болон дахин сонгуулийн зардлыг орон нутаг хариуцдаг байсан. Улсын төсөв хүнд байгаа ийм үед орон нутгаас зардал гаргах нь зүйтэй. УИХ-аар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль хэлэлцэх гэж байгаа. Энэ хуулинд Аймаг, сумдын ИТХ нь засаг захиргааны нэгжид давхар ажил үүрэг гүйцэтгэж болно гэсэн заалт бий. Хэрэв хууль батлагдвал дахин санал хураах 63 хувьд сонгууль зохион байгуулах шаардлагагүй болно. Тиймээс төсөв нэмэх асуудлыг дэмжих боломжгүй” гэлээ.
Ингээд СЕХ-ны даргын багцыг нэмэгдүүлэх горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс нөхөн болон дахин сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаас өөр арга үлдсэнгүй гэдгийг Байнгын хорооны дарга онцлов.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд “Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан агентлаг болгох гэж байгаа нь зөв. Гэхдээ Эрүүл мэндийн яамны харьяанд байлгах нь хэр оновчтой вэ гэдгийг Эрүүл мэндийн сайд болон Засгийн газар анхаарах ёстой. Нийгмийн даатгалын сан шиг бие даасан агентлаг байгуулахаар бол бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх ёстой” гэсэн саналуудыг хэлсний дара зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.
Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ