УИХ өнгөрсөн хавар хадгаламжийн хүүгийн орлогоД 10 хувийн татвар ногдуулахаар холбогдох хуульд өөрчлөлт оруулсан бол энэ удаад зээлийн хүүГ бууруулах стратеги батлахаар ажиллаж эхэллээ.
Төв банкны боловсруулсан стратегиар бол инфляцыг нам төвшинд барьж, макро эдийн засгийг дэмжих замаар банкны өрсөлдөх чадварыг сайжруулж, зээлийн хүүг бууруулах гарц гаргахыг зорьж байна. Учир нь Чили, Хорват зэрэг орнууд дээрх арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд жилийн 20, 22.9 хувийн хүүтэй олгогдож байсан зээлийн хүүг 6, 6.8 хувь болгон бууруулж чадсан төдийгүй хөрөнгийн зах зээлээ хөгжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Монголын 14 арилжааны банкны зээлийн хүү жилийнх нь 18-20 хувьд эргэлдэж байна.
Нөгөө талдаа зээлийн хүү өндөр байх нь бизнес эрхлэгчдэд ч, банкуудад ч ашиггүй. Харин ч зээл төлөгдөхгүйгээс хэн, хэнд нь эрсдэл бий болгодог. Иймээс зээлийн хүүг бууруулахыг банкны салбарынхан ч дэмжиж байна. Гол нь зээлийн хүүг хэдэн хувиар бууруулж чадах вэ гэдгийг одоогоор ажлын хэсэг нарийн тогтоогүй байгаа юм.
Банк бол хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын зөрүүнээс ашиг хийдэг. Иймээс зээлийн хүүг бууруулахтай зэрэгцэж хөндөгдөх бас нэгэн асуудал нь хадгаламжийн хүү болж байна.
Хууль тогтоогчдын хувьд арилжааны банкуудын татсан хадгаламжид татвар ногдуулснаар зээлийн хүүг бууруулах бодитой суурь бүрдүүлнэ гэж үзэж байна. Одоогоор энэ нь санал төдий юм.
Хадгаламж өнөөгийн байдлаар 9 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэвч нийт хадгаламжийн 90 орчим хувь маш цөөн хэсэг тэр дундаа улс төртэй холбоотой хүмүүсийн гарт төвлөрчээ. Иймээс зээлийн хүүг бууруулах стратеги зарим нэг тэмцэлтэй тулж болзошгүй аж.
Банкууд өрсөлдөх чадвартай болсон нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирэх үүд хаалга нээгдэнэ. Улмаар банкуудын дунд өрсөлдөөн бий болж, эргээд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх болж байгаа юм.
Г.ХОРОЛ