“Шарк танк” нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарын шилдэг оролцогч шаркуудаас 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож чадсан билээ. Тэр бол “Никель Ганбаа” нэрээрээ залууст танигдсан Г.Дашням байсан юм. “Никель Ганбаа” олон жилийн турш хийж буй унадаг дугуйн үйлдвэрлэлийн санаагаа шаркуудаар дэмжүүлж чадсан нь сошиал сүлжээнд ч дэмжлэг нилээд авчээ.
Өвөрмөц стиль, үсний засалт, үзэл бодлоороо үе тэнгийн залуусаасаа ялгардаг ‘этгээд’ Ганбаа нэвтрүүлгийн студид монгол дээл, даруухан малгай духдуулж ирсэн нь ч өөрөө сонирхолтой байв.
Шаркуудаас хөрөнгө босгосон сэтгэгдлээ тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Шарк танкийн хамт олонд маш их баярлалаа. Дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн илэрхийлжээ.
Г.Дашням ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй бөгөөд арван жилийн сурагч байхдаа Залуу техникчдийн ордны дугуйланд явдаг байжээ. Тэр хамгийн анх цахилгаан дугуй хийсэн байна.
“Монголчууд энийг монгол хүн хийсэн гэхээр сэтгэлзүйн хувьд итгэлгүй ханддаг. Бид яагаад ч юм бие биедээ итгэдэггүй. Магадгүй зарим хүмүүс “Энэ хүний юм хийдэг ч гэж юу байх вэ, аягүй бол дугуй нь гагнаасаараа салаад уначихаж магадгүй гэж боддог байх. Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болсон цагт Монгол Улс хөгжинө гэдэг үгтэй би санал нийлдэг” гэж гурван жилийн өмнөх ярилцлагадаа ярьж байжээ.