Нэг ширхэг ухаалаг утсанд 5351 төгрөгийн алт, мөнгө, паллади агуулагддаг
Хөгжлийн эринд хүн төрөлхтний үнэт металлын уурхай электрон болж хувираад байна. Байгалиас төдийгүй гар утас, компьютер, зурагт, агааржуулагч гээд хэрэглээд дууссан электрон бараанаас үйлдвэрлэлийн болон өнгөт металл, газрын ховор элемент “олборлох” боллоо. Их хэмжээний зардал гаргаж байгалиас олборлосон үнэт металлуудаа хаяна гэдэг хайран. Жил бүр 320 тонн алт, 7500 гаруй тонн мөнгө электроникийн салбарт ашигладаг гэсэн тоо бий. Өөрөөр хэлбэл, 16 тэрбум ам.доллараар хэмжигдэх алт, таван тэрбум ам.долларын мөнгө энэ үйлдвэрлэлд ашиглагддаг гэсэн үг.
Тиймээс электрон “уурхайн” нөөц ашиглах соёл нэгэнт нэвтрээд байна. нэг ширхэг ухаалаг утсанд агуулагдах алт, паллади, мөнгөний агууламж дунджаар 2.18 ам.доллар буюу 5351 төгрөгөөр хэмжигддэг байна. Үүнээс ч илүү сонирхолтой тоо бол нэг тонн буюу 8101 ширхэг iPhone5 утасны хаягдал 9.7 унци алт, 128 кг зэс, 97.2 унци мөнгө, 0.1 унци цагаан алттай тэнцдэг гэх тооцоо байдаг аж.
Нөгөөтэйгүүр, электрон хаягдлаас үнэт металл ‘олборлох’ зардал байгалиас олборлохоос хэд дахин бага тусдаг талаар мэргэжилтнүүд онцолж байна. Дунджаар нэг тонн электрон хаягдлаас “олборлосон” алтны хэмжээ 17 тонн хүдрээс олборлосонтой тэнцдэг гэх тооцоог электрон хаягдал дахин боловсруулах IRIS байгууллагаас мэдээлжээ. Science сэтгүүлд бичсэнээр дэлхийд жил тутам электрон хаягдлын хэмжээ 3-5 хувиар нэмэгдэж буй. 2014 онд 41.8 сая тонноор хэмжигдэж байсан электрон хаягдал ирэх онд 50 сая тоннд хүрэх төлөвтэй. Үүний 20.5 хувийг өмнөд хөрш, 20 хувийг АНУ “үйлдвэрлэдэг”.
Гэвч электрон “уурхай”-н 80 хувь нь дахин боловсруулалтад оролгүй хаягддаг аж. Электрон хэрэгслийн хаягдал электроникийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн оронд их гардаг. Тухайлбал, Японд 2010 онд 610 сая ширхэг гар утас хаягдсан бол Европын холбооны нэг иргэнд жилд ногдох электрон хаягдал ойролцоогоор 20 кг. Тэгвэл энэ бүх хаягдлын 70 гаруй хувийг хуванцар, шил, цавуулаг резин эзэлдэг бол үлдсэн нь үнэт болон аж үйлдвэрийн металл. Нийт электрон хаягдлын 16 хувиас нь зэс олборлодог бол 4-7 хувь нь цагаан тугалга, төмөрлөг болж хувирдаг. Харин никель, алт, мөнгө зэрэг ховор металлын агууламж 0.01-2 хувиар хэмжигддэг байна. Цахилгаан дулаан сайн дамжуулдаг тул алт, зэсийг электрон хэрэгсэлд өргөн хэрэглэдэг. Нэг компьютерийн сэлбэгээс ойролцоогоор хоёр грамм алт гардаг гэсэн мэдээлэл бий.
Мөн ялтас, гагнаасыг нь хийхдээ дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй цагаан тугалга, хөнгөн цагаан хэрэглэдэг бол диодуудад ихэвчлэн литий ордог байна. Гэхдээ тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалж орц найрлага нь өөрчлөгддөг. Тухайлбал, жирийн зурагтын 23 хувь нь металл. Үүнийг задалж харвал ган 11, зэс гурав, цагаан тугалга нэг хувийн орцтой. Үлдсэн нь бусад төрлийн металлаас бүрдэнэ. Харин гар утасны 15 хувийг зэс болон бусад нэгдэл, гурван хувь нь төмөр, 10 хувь нь өөр төрлийн металлуудын холимог байдаг талаар Энэтхэгийн үндэсний төмөрлөгийн лаборатори мэдээлжээ. Харамсалтай нь, манай улсын хувьд хог хаягдлаа анхан шатанд ангилах соёл нэвтрээгүйгээс жилд хэр зэрэг электрон хаягдал гардаг тухай мэдээлэл огт байхгүйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн тусгай хог хаягдлын мэргэжилтэн З.Мөнгөнзул хэлсэн юм. Бид “Компьютер лэнд”, “Тэди” төвийн засварын үйлчилгээ эрхлэгчдээс электрон хаягдлын дараагийн шат дамжлагын талаар сонирхов.
Гэвч ангилан ялгалт хийдэггүйгээс бусад төрлийн хогтой хамт ачигддаг тухай үйлчилгээний ажилтан, менежер, засварчид хэлж байна. Харин компьютер болон гар утасны дагалдах хэрэгслүүдийн зэс утсыг авдаг хүмүүс байдаг аж. Мөн Монголын үндэсний хог хаягдлын холбоонд ч электроникийн хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байхгүй байна. Электрон “уурхай”-н нөөцөө ашиглаж чадах эсэх нь хотын соёл, нийгмийн хөгжлөөс шууд шалтгаалж буйн сөрөг илрэл нь манай улс болж байна. Бодитоор харвал, электрон хэрэгслийн хаягдал бол дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг. Мөнгөн ус, хром, кадми, хар тугалга гээд олон төрлийн хүнд металл агуулагддаг тул шууд хаях нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюултай юм.
Тиймээс өндөр хөгжилтэй орнууд байгальд ээлтэй олборлох технологид онцгойлон мөнгө хаяж, энэ төрлийн старт-апуудын хүрээ ч тэлж буй юм. Тухайлбал, Канадад байгальд ээлтэй технологи электрон “уурхай”-д нэвтрүүлэх старт-ап болох EnviroLeach Technologies-ийн үйл ажиллагаа тун амжилттай явж байна. Электрон “олборлолт” хамгийн өндөр хөгжсөн орнуудыг Япон тэргүүлдэг тухай ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг сонирхуулсан юм. Гэхдээ электрон хаягдлаас үнэт металл “олборлоход” нүсэр том үйлдвэр шаардлагагүй аж. Ихэвчлэн багахан хэмжээний лабораторид химийн аргаар металлуудыг гаргаж авдаг байна. Мөн технологийн аваргууд ч дахин боловсруулсан үнэт металлыг хэрэглэх сонирхол нь нэмэгдэж буй. Apple компани 2015 онд дахин боловсруулсан 999.7 кг буюу 40 сая ам.доллартай тэнцэх алт, 27.8 мянган тонн түүхий эд ашигласан тухайгаа өнгөрсөн оны хавар мэдэгдэж байв.
Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН