УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 2018 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй санал гаргаснаар санал хураалаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид 21 аймаг, гурван том эмнэлгээ компьютер томографикийн төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна. Гуравдугаар шатлалын эмнэлгийг ч мөн ийм төхөөрөмжөөр хангахгүй бол орон нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй, заавал нийслэлд ирж үзүүлэх шаардлага гардаг. Тиймээс 2018 оны төсөвт суулгаж, 21 аймагтаа компьютер томографикийн төхөөрөмжтэй болгох ажлыг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авах хэрэгтэй байна’ гэв.
Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон сайд нараас гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явууллаа. Тус байнгын хороо 2018 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцсэн дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулах юм байна.
Үүний дараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эрүүл мэндийн даатгалын салбарт өөрчлөлт оруулах хоёр чухал хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан. Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяанд оруулж байгаа нь буруу тогтолцоо гэж бодож байна. Энэ бол маш том ухралт. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа гурван орчим сая хүн бий. Энэ бол тогтолцооны өөрчлөлт биш ухралт болж байна шүү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд нь ахалж болно. Харин тэр бүтэц, санг нь Эрүүл мэндийн яамнаас тусдаа байлгах ёстой. Эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв өндөр байдаг ч үр ашигтай зарцуулах тал дээр шинэ бодлого баримтлах цаг болсон” гэсэн асуулт тавьж, тодруулга авсан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд “Эрүүл мэндийн салбар болохгүй байна. Орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгааг бүгд мэдэж байгаа. Үүнийг өөрчилж, засах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслийг оруулж ирсэн. Өмнөх явж ирсэн зарчим нь болохгүй байгаа учраас өөрчлөлт хийж байгаа. Даатгуулсан бол үйлчилгээгээ авдаг чиглэлийг барьж ажиллах ёстой. Алдаа дутагдал байвал засаад, урагшаа алхмаар байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн даатгалын санг зориулалтаар нь ашиглах ёстой гэдэг байр суурийг өнгөрсөн хугацаанд санаа тавьж ирсэн хүн бол Л.Энх-Амгалан гишүүн. Дутагдал байгаа бол бид засч, залруулаад явах ёстой. Бид дэлхийн жишиг маш их ярьдаг. Өнөөдөр гарсан үр дүн юу байна вэ? Байнгын хороо зөв шийдвэр гаргаасай гэж хүсч байна’ гэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар бол Эрүүл мэндийн даатгалын сан бие даасан байх ёстой. Энэ байгууллага нь Эрүүл мэндийн яамны эрх ашгийг биш Эрүүл мэндийн даатгуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Одоо энэ санг самрах гэж байгаа юм байна. Үнэхээр өмнөх парламентад санал гаргаж, иргэдийн даатгалаас хүртдэг ашгийг нэмэгдүүлэх зорилгоор асуудалд хандаж ирсэн. Эрүүл мэндийн даатгалын санг самарч, энэ сангийн хөрөнгө мөнгө байхгүй, хэн хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй болох нь. Ер нь бол эмч нарын цалинг нэмэх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх асуудлыг төр өөрөө шийдэх ёстой. Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагч өөрөө эрүүл мэндийн яамны үйлчилгээг худалдаж авдаг газар. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хийж байгаа ухралт гэж би харж байна. 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын санг бие даасан байгууллага болгоно гэж тусгасан байдаг шүү. Гэтэл өнөөдөр үүнийхээ эсрэг ажил хийж байна” гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Мэдээж алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ С.Эрдэнэ та өөрөө сайд байхаар Эрүүл мэндийн даатгалын санг удирдаж болдог, Эрүүл мэндийн яам болохоор болохгүй гэсэн ойлголт байхгүй. Үүнийг зөв болгохын тулд УИХ-ын гишүүд тал талаасаа ухаан зарж, ойлголцох ёстой гэж бодож байна” гэлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх нь буруу гэсэн санал илэрхийлж, зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм. УИХ-ын гишүүн асуулт, тодруулгаа авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хороодын ахлагч нар сайд болсонтой холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн ерөнхий хуулийн төсөл болон холбогдох хуулиудтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томиллоо.
Мөн тэтгэврийн шинэчлэл, багшийн хөгжлийн тухай хуулийн төслүүдэд ажлын хэсэг байгуулж, ахлагч нарыг томиллоо.
Үүгээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.